АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс боолчлолын түүхтэй холбоотой материалыг гаргахыг, ерөнхийлөгч Дональд Трамп засаг захиргаандаа тушаасан тухай эх сурвалжуудын мэдээллийг People мэдээлэв.
Ерөнхийлөгч, "Сэрсэн байх" хөдөлгөөний тухай дурдах үедээ, Америк "СЭРЭХ боломжгүй, учир нь WOKE IS BROKE " гэж мэдэгдсэнээсээ хойш, сар хүрэхгүй хугацааны дараа уг тушаалаа гаргажээ. "Сэрсэн байх" гэдэг нь, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, тэгш бус байдал, нийгмийн шударга бус байдлын талаарх өндөр мэдлэгийг илэрхийлдэг. Цаг хугацааны явцад энэ нэр томъёо нь, цөөнхийн эрх, жендэрийн тэгш байдал, байгаль орчны төлөөх идэвхитэй үйл ажиллагаанд илүү өргөн хэрэглэгдэх болсон ажээ.
The Washington Post сонин 9-р сарын 15-нд мэдээлснээр, боолчлолтой холбоотой материалыг устгах тушаал нь, 79 настай ерөнхийлөгчийн 3-р сарын 27-нд гарын үсэг зурсан "Америкийн түүхэнд үнэн, эрүүл саруул байдлыг сэргээх" захирамжтай холбоотой гэж уг асуудлыг сайн мэддэг дөрвөн эх сурвалж мэдээлсэн. Уг тушаал нь, "Түүхэн америкчуудыг гутаан доромжилсон" завхарсан үзэл суртлыг тусгасан мэдээллийг устгах" чиглэлийг Дотоод хэргийн яаманд өгсөн байна.
Энэ тушаалд хамрагдах гэрэл зургуудын нэг нь, 1863 онд фото болон үлдсэн, алдарт "Ташуурдуулсан нуруу" гэдэг Гордон хэмээх оргож яваад баригдаж шийтгүүлсэн боолын сорвитой нурууны зураг юм. Гэвч, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Дэвис Ингл, "Энэ бол хуурамч мэдээ. Энэ зургийн талаар ямар ч шийдвэр гаргаагүй байгаа. Энэ нь, тушаалд нийцэх эсэхийг шалгаж байна" гэж "People" сонинд ярьжээ.
Метрополитен урлагийн музейн мэдээлснээр, Гордоны нуруун дээрх шарх нь "ташуурын сорви", энэ зураг "Иргэний дайны үеийн амьд үлдсэн боолын хамгийн алдартай зураг байж магадгүй юм" гэсэн бол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албаны төлөөлөгч Рэйчел Павлиц, " Үндэсний дэвшлийг харгалзаагүй, АНУ-ын түүх, түүхэн хүмүүсийн сөрөг талуудыг онцлон харуулсан материалууд нь, хүмүүсийн ойлголтыг баяжуулахаас илүүтэй, санамсаргүйгээр гажуудуулж болзошгүй" гэж мэдэгджээ.
Нөхцөл байдлын талаар сайн мэддэг эх сурвалжийн хэлснээр, Трампын засаг захиргаанаас хянаж буй зургуудад, "цагаан арьст хүмүүсийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, дайсагналцаж буйг илтгэсэн шинж тэмдгүүдийг харуулсан зургууд багтсан" гэжээ. Сарын өмнө Трамп, Смитсоны хүрээлэнгийн музейг, боолчлолтой холбоотой зургуудыг дэлгэн харууллаа хэмээн "хяналтаас гарсан" хэт "сэрсэн" гэж шүүмжилж байсан ажээ. Тэрээр наймдугаар сарын 19-нд Truth Social сэтгүүлд, "Смитсоны хүрээлэн ямар ч ХЯНАЛТГҮЙ байна. Тэнд, боолчлол болон дарлагдсан хүмүүсийн тухай аймшигт зургуудыг дэлгэж, манай улсыг маш аймшигтай байсныг харуулсан үзмэрүүд л байна. Ямар ч ололт амжилт, гэрэл гэгээтэй зүйлс, ирээдүйн талаар байхгүй. Бид үүнийг үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй! Би өмгөөлөгч нартаа музейнүүдээр явж, коллеж, их дээд сургуулиудад амжилттай хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг даалгасан" гэж ярьжээ.
Трампын 3-р сарын 27-ны тушаалаар Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Смитсоны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд, Смитсоны музей, судалгааны төвүүд болон Үндэсний хүрээлэнгүүдэд, "хагалан бутаргах, арьс өнгөний үзэлд төвлөрсөн үзэл суртал" бүхий үзмэрүүдийг устгахыг үүрэг болгожээ.