Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

4/22/2026
Anu.mn
Трамп ба Пап лам Лев XIV Ираны асуудлаар зөрчилдөж байгаа нь, католик сонгогчдыг холдуулах ...

Трамп ба Пап лам Лев XIV Ираны асуудлаар зөрчилдөж байгаа нь, католик сонгогчдыг холдуулах вий гэж Бүгд найрамдахчууд болгоомжилж байна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Tue Apr 21 2026
Трамп ба Пап лам Лев XIV Ираны асуудлаар зөрчилдөж байгаа нь, католик сонгогчдыг холдуулах вий гэж Бүгд найрамдахчууд болгоомжилж байна

Иранд дайн эхлээд долоо дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа энэ үед, дэлхийд нөлөө бүхий хоёр америк хүн — нэг нь Цагаан ордонд, нөгөө нь Ватиканд — олон нийтийн өмнө хурц мэдэгдэл солилцож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Пап лам Лев XIV нарын хоорондын зөрчил хэрхэн үүсч, яаж өрнөж буйг олон улсын хэвлэлүүд тайлбарлажээ.

Анхны хурцадмал байдал 3-р сарын 31-нд илэрсэн. 1955 онд Чикагод төрсөн (жинхэнэ нэр нь Роберт Фрэнсис Прево), түүхэнд анх удаа америк гаралтай Пап болсон Лев XIV Трампд шууд хандан, Иран, Америкийн мөргөлдөөнийг тайван замаар зогсоох, “аюулгүй гарц” олохыг уриалсан байна. Энэ нь Пап лам, АНУ-ын удирдагчийн нэрийг шууд дурдсан ховор тохиолдол байв.

Харин 4-р сарын 7-нд нөхцөл байдал эрс хурцадсан. Трамп, Иран Ормузын хоолойг нээхгүй бол “Ираны бүх соёл иргэншил өнөө шөнө устаж, дахин сэргэхгүй” гэж мэдэгдсэний дараа Пап лам Лев XIV, уг мэдэгдлийг “үнэхээр хүлээн зөвшөөрөхийн аргагүй” хэмээн шууд шүүмжилжээ.

4-р сарын 11-нд Гэгээн Петрийн сүмд болсон энхийн төлөө мөргөл дээр Пап лам, “бүхнийг чадагч гэсэн эндүүрэл” дайн өдөөдөг гэж буруутгаад, Исаиа бошиглогчийн номоос иш татан: “Та нарын гар цусаар дүүрсэн — би та нарын залбирлыг сонсохгүй” хэмээсэн нь дайнд оролцогчдыг шүүмжилсэн тодорхой дохио байлаа.

4-р сарын 12-ны орой Трамп Truth Social сүлжээндээ урт пост бичиж, Пап ламыг “гэмт хэргийн асуудалд сул, гадаад бодлогод муу. Ираныг цөмийн зэвсэгтэй байхыг зөвшөөрдөг Пап лам хэрэггүй. Мөн Пап ламаар, америк хүн учраас сонгогдсон. Ватикан үүгээр дамжуулан “Дональд Ж. Трамптай учраа олохыг” хүссэн. Хэрэв би Цагаан ордонд байгаагүй бол Лев Ватиканд байхгүй байх байсан” гэж бичжээ. Түүнчлэн Трамп хиймэл оюунаар бүтээсэн, өөрийгөө библийн хувцастай гараас нь гэрэл цацарсан “эмчлэгч” мэт дүрсэлсэн зураг нийтэлсэн ч маргааш нь устгасан байна.

4-р сарын 13-нд Алжир руу нисч явсан Пап лам, сэтгүүлчдийн асуултад тайван боловч хатуу байр суурь илэрхийлж, “Би Трампын засаг захиргаанаас болон хэнээс ч, Евангелийн сургаалыг чанга хэлэхээс айхгүй” гэжээ.

Тэр өөрийн үгийг хувийн дайралт биш, харин энх тайван, харилцан ойлголцол, олон талт хамтын ажиллагааг уриалсан гэж онцолсон байна. “Өнөөдөр дэлхий дээр хэт олон хүн зовж байна. Хэт олон гэмгүй хүн амь үрэгдэж байна. Илүү зөв зам бий гэдгийг хэн нэгэн хэлэх ёстой” гэж тэр хэлжээ.

Мөн өдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр Трамп Пап ламаас уучлал гуйхаас татгалзав.

“Тэр эхэлж улс төрд орсон. Би зүгээр л хариулсан” гэж Ерөнхийлөгч хэлсэн байна.

Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс уг постыг “зүгээр л хошигнол” гэж тайлбарласан бол, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио одоогоор тайлбар хийхээс зайлсхийжээ.

Энэ зөрчилд Ираны хариу үйлдэл гэнэтийн эргэлт авчирсан. Ираны эрх баригчид Пап ламын талд орж, Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Трампын үйлдлийг буруутган, нийтэлсэн AI зургийг “Есүсийн дүрийг гутаасан” гэж мэдэгдсэн байна.

Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф ч мөн, Пап ламын “аймшиггүй байр суурийг” магтжээ. Энэ нь шиитийн БНУ, католик Пап ламыг ил тод дэмжсэн маш ховор тохиолдол юм.

АНУ-д ойролцоогоор 85 сая католик шашинтнууд (хүн амын 23%) байдаг бөгөөд улс төрийн хувьд “шийдвэрлэх” сонгогчдын бүлэгт тооцогддог. Судалгаагаар америк католикчуудын 52% нь Трампын ажлыг дэмжихгүй, 60% нь Ирантай дайтахыг эсэргүүцэж байна.

Бүгд найрамдах намын гишүүд энэ маргаан 2026 оны дунд хугацааны сонгуульд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж болгоомжилж эхэлжээ.

Зарим консерватив католик удирдагчид Трампыг уучлал гуйхыг уриалсан ч, тэр татгалзсан хэвээр байна. Тэд, “итгэл үнэмшил болон эх орныхоо хооронд сонголт хийх ёсгүй” гэж мэдэгджээ.

АНУ-ын Католик бишопуудын бага хурлын тэргүүн, архиепископ Пол Кокли, Трампын үгэнд харамсаж байгаагаа илэрхийлж, Пап лам бол улс төрийн өрсөлдөгч биш, харин Христийн төлөөлөгч гэдгийг онцолсон байна.

Энэ хооронд Пап лам Лев XIV, Африк дахь айлчлалаа үргэлжлүүлж байгаа бөгөөд байр сууриа зөөлрүүлэх бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

Сүүлд нэмэгдсэн