Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

6/7/2026
Anu.mn
Трамп, АНУ-ын иргэдийн жагсаалтыг муж тус бүрээр гаргах төлөвлөгөө боловсруулж байна

Трамп, АНУ-ын иргэдийн жагсаалтыг муж тус бүрээр гаргах төлөвлөгөө боловсруулж байна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Sun Jun 07 2026
Трамп, АНУ-ын иргэдийн жагсаалтыг муж тус бүрээр  гаргах төлөвлөгөө боловсруулж байна

Donald Trump-ийн засаг захиргаа, АНУ-ын иргэдийн нэгдсэн жагсаалтыг мужуудаар гаргаж, сонгуулийн эрх шалгахад ашиглах шинэ санаачилга хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Трамп гуравдугаар сард гарын үсэг зурсан захирамжаараа United States Department of Homeland Security (DHS)-д, муж бүрийн иргэний мэдээллийг нэгтгэсэн жагсаалт боловсруулах үүрэг өгсөн байна. Тэрээр, энэ нь сонгуулийн системийг “илүү найдвартай” болгоход тусална гэж үзэж байна.

Гэвч энэхүү системийн хүрээнд, АНУ-д иргэн бус хүмүүс санал өгдөг тохиолдол бодит байдал дээр маш ховор байдаг бөгөөд Трамп энэ асуудлыг өргөн хүрээтэй мэтээр ярьж байгаа ч, тодорхой нотолгоо гаргаагүй талаар The New York Times онцолжээ.

Шинэ системийн хүрээнд, холбооны засгийн газар иргэншил, натурализаци, Social Security болон бусад холбооны мэдээллийн санг ашиглан иргэдийн жагсаалт гаргах аж. Дараа нь мужууд сонгогчдын бүртгэлээ United States Postal Service-д илгээж, шуудангаар санал өгөх эрхтэй хүмүүсийн мэдээлэлтэй тулгах боломжтой болох юм.

Гэхдээ энэ санаачилга хүчтэй шүүмжлэл дагуулж байна. Ардчилсан намын удирдлагатай хэд хэдэн муж болон сонгуулийн эрх хамгаалах байгууллагууд уг захирамжийг шүүхэд өгчээ. Тэд, АНУ-ын Үндсэн хууль, холбооны гүйцэтгэх засаглалд сонгуулийг шууд зохицуулах эрх олгоогүй гэж үзэж байна.

Мөн шинжээчид, ийм жагсаалт бүрэн зөв байх боломжгүй гэж анхааруулж байгаа юм. АНУ-д иргэншлийг батлах нэг нэгдсэн үнэмлэх, бүртгэл байдаггүй. Америкчуудын дөнгөж 54 хувь нь паспорттой бөгөөд Social Security карт иргэн бус хүмүүст ч байдаг аж. Мөн натурализациар иргэн болсон хүмүүс, төрсний гэрчилгээгээр иргэншлээ батлах боломжгүй байдаг байна.

Хуульчдын үзэж буйгаар, холбооны мэдээллийг ингэж нэгтгэх нь 1974 оны хувийн мэдээлэл хамгаалах хуулийг зөрчих эрсдэлтэй. Учир нь холбооны байгууллагууд иргэний зөвшөөрөлгүйгээр мэдээллийг өөр байгууллагад дамжуулахыг хуулиар хориглодог аж.

Cato Institute-ийн судалгааны захирал Дэвид Бир, “Алдаатай мэдээллийн сан ашиглавал иргэд болон иргэн бус хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөж болзошгүй” гэж анхааруулжээ.

Трампын энэ санаачилга нь, АНУ-ын иргэншлийн бодлоготой холбоотой өөр бусад маргаантай алхмуудын үргэлжлэл гэж ажиглагчид үзэж байна. Тэрээр өмнө нь төрсөн газрын зарчмаар автоматаар иргэншил олгодог тогтолцоог өөрчлөх оролдлого хийсэн бөгөөд одоо түүний захирамжийг Supreme Court of the United States хэлэлцэж байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн