Есдүгээр сарын 22-нд Дональд Трамп, фашизмын эсрэг хөдөлгөөн "Антифа"-г дотоодын террорист байгууллага гэж зарлаж, эсрэг арга хэмжээ авахыг холбооны агентлагуудад даалгасан захирамжид гарын үсэг зурсан гэж CNN мэдээлэв.
Уг тушаалд “Антифа”-г АНУ-ын засгийн газрыг түлхэн унагах зорилготой улс төрийн хүчирхийлэл, тэр дундаа үймээн самуун, хууль сахиулах байгууллагад халдлага үйлдэх, хувийн мэдээллийг нийтлэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан гэж буруутгажээ. Уг тушаал нь, “Антифа” болон түүний дэмжигчидтэй холбоотой аливаа хууль бус үйлдлийг "шалгах, таслан зогсоох, устгах", тэр дундаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахыг холбооны бүх агентлагуудад даалгав.
Трамп, “Антифа”-г анхны бүрэн эрхийн хугацаандаа террорист байгууллагын тоонд оруулна гэж амлаж байсанюм. Энэ алхам нь үндсэн хуулийн сорилттой тулгарах магадлалтай, “Антифа” нь төвлөрсөн бүтэц, тодорхой удирдлагагүй бөгөөд фашизмын эсрэг үзэл суртлыг дэмжиж, хуваалцдаг хүмүүсийг хэлмэгдүүлэх нь, АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийг зөрчинө гэж хуулийн мэргэжилтнүүд үзэж байна .
“Энэ тушаал бол зүүний радикал улс төрийн хүчний эсрэг Трампын амласан кампанит ажлын эхний томоохон арга хэмжээний нэг юм. Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэргийн дараа, “Антифа”-г террорист байгууллагын жагсаалтад оруулах бодолтой байгаагаа мэдэгдсэн. Үүгээр асуудал дуусахгүй. Одоо албан тушаалд сонгогдон ажиллаж байгаа олон ардчилсан намынхан, өөрсөдтэйгөө санал нийлэхгүй байгаа хэнд ч, хүнлэг бус ханддаг хэт зүүний радикал фракцийн нөлөөнд бүрэн автсан. Бид энэ муу муухайг үргэлжлүүлэн илчлэх ёстой. Энэ бол энэ үндэстнийг эдгээх цорын ганц арга зам юм." гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт есдүгээр сарын 22-нд мөн мэдэгджээ.
"Антифа" хөдөлгөөнийхөн буюу фашизмыг эсэргүүцэгчид нь ихэнхдээ хэт зүүний үзэлтэй хүмүүсээс бүрдэх, Ардчилсан намын мөрийн хөтөлбөртэй үзэл баримтлал нь нийцдэггүй өргөн хүрээний бүлэг хүмүүс юм. "Антифа" гэдэг нэр томьёо нь, Дэлхийн 2-р дайны үед Италийн дарангуйлагч Бенито Муссолини, дараа нь Хүйтэн дайны үед Европ даяар цагаан арьстнууд болон скинхедүүдийн бүлгүүдийг эсэргүүцсэн фашизмын эсрэг хөдөлгөөнүүдээс эхтэй. Тэд, Proud Boys, Oath Keepers зэрэг хэт барууны үзэлтэй зэвсэгт бүлэглэлүүдээс ялгаатай нь, “Антифа” хэзээ ч удирдагчтай байгаагүй бөгөөд байгууллага нь удирдлагын бүтэцгүй байдаг.
Трамп өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээнд, "Би, “АНТИФА”-г ЗҮҮНИЙ ӨВЧТЭЙ, АЮУЛТАЙ, РАДИКАЛ,ТОМ ТЕРРОРИСТ БАЙГУУЛЛАГА гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа Америкийн олон эх орончдод мэдэгдэхэд таатай байна. Би “ANTIFA”-гийн санхүүжилтийн эх үүсвэрийг хуулийн хамгийн өндөр стандарт, практикт нийцүүлэн сайтар судлахыг зөвлөж байна!" гэж бичжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт, Киркийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын явцад хураан авсан сумнууд "Хөөе, фашист! Хүрт!" гэсэн сийлбэртэй байсан болон "Антифа”-гийн дэмжигчид, радикал хүмүүсийн улс даяар үйлдэж байсан, хэд хэдэн хүчирхийллийн гэмт хэргүүдийг дурдаад,"Бид юуны түрүүнд энэ хөдөлгөөн болон бусад хүчирхийлэгч радикал зүүний бүлгүүдийг хэн санхүүжүүлж байгааг олж тогтоохыг зорьж байна" гэж бичжээ.
Трамп, “Антифа”-г террорист байгууллагын жагсаалтад оруулах хүсэлтэй байгаагаа зарласан нь, ерөнхийлөгч зүүн жигүүрийн эсэргүүцлийн томоохон хөдөлгөөнийг дарах гэж эрх мэдлээ хэтрүүлж байна гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа бөгөөд саяхан мөн, Вашингтон дахь нэгэн ресторанд зочлохдоо, түүнийг эсэргүүцсэн "Code Pink"-ийн идэвхтнүүдийг мөн адил яллахыг санал болгож байсан байна.