Томуугийн вакцин: Энэ жил хэзээ, ямар вакцин хийлгэх вэ? (АНУ)
Sun Sep 18 2022
Ханиад, томуугийн улирал эхэлж байна. Амны хаалт, маск хэрэглэх шаардлага цуцлагдсантай холбоотой амьсгалын замын вирусын тархалт хүчтэй нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс томуугийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахын тулд энэ жил хэзээ вакцин хийлгэх ёстой талаар Lifehacker нийтлэв.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэдээлснээр, томуугийн вакцин нь цусны эргэлтийн омогтой таарч байвал вакцин нь ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд 40-60% үр дүнтэй байдаг. Энэ нь COVID-19 вакцины адил, томуугаар өвдсөн ч хүндрэх магадлалыг бууруулдаг. Ямар ч вакцинжуулалт нь төгс хамгаалалтыг өгдөггүй, гэхдээ вакцин хийлгээгүй байснаас үр дагавар нь хавьгүй дээр юм.
CDC хүн бүрийг, тэр дундаа 6 сар хүрсэн хүүхдийг хүртэл жил бүр томуугийн вакцин хийлгэхийг зөвлөж байна.
Вакцины сонголтууд
Энэ жилийн бүх томуугийн вакцинууд дөрвөн валентат вакцинууд бөгөөд таны дархлааны системд дөрвөн өөр төрлийн томуугийн вирусуудыг таниулна.
Томуугийн стандарт вакциныг ихэвчлэн гарын булчинд тарьдаг бөгөөд тахианы өндгөнд вирусыг ургуулах аргаар үйлдвэрлэдэг. Харин өндөг ашигладаггүй Flublok Quadrivalent болон Flucelvax Quadrivalent гэдэг хоёр вакцин байдаг. Гэхдээ өндөгний харшилтай хүмүүст ихэвчлэн ямар ч вакцин тохирдог байна.
65 ба түүнээс дээш насны хүмүүст зориулсан хоёр вакцин боловсруулсан бөгөөд нэг нь өндөр тунт (Fluzone High-Dose Quadrivalent), нөгөө нь туслах дэмнэх (Fluad Quadrivalent) вакцинууд юм. Аль аль нь томуугийн ердийн вакцинаас илүү хүчтэй хариу үйлдэл, үйлчлэл үзүүлэх зорилготой бүтээгджээ.
Мөн "амьд, сулруулсан томуугийн вируст", хамрын хөндийд үржих чадвартай томуугийн эсрэг хамрын цацлага (FluMist Quadrivalent) эргэн ирж байна. Энэ цацлага дах вирус уушгинд өндөр температурт үржиж чаддаггүй. Уг цацлагыг 2-49 насны жирэмсэн биш болон дархлаа сайтай хүмүүст хэрэглэхийг зөвлөж байна. Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академиас өмнө нь хамрын цацлагын оронд тарилга хийхийг зөвлөдөг байсан бол энэ жил хоёр хувилбарыг хоёуланг нь зөвлөмжид оруулсан байна.
Хэзээ вакцин хийлгэх вэ?
Ханиад томууны улирал эхлэх цаг жил бүр өөрчлөгддөг ч Halloween нь томуугийн бүрэн вакцин хийлгэх албан бус эцсийн хугацаа гэж тооцогддог. Энэ нь 9 ба 10-р сар бол вакцин хийлгэхэд хамгийн тохиромжтой үе гэсэн үг юм.
Хэрэв та 7, 8-р сард вакцин хийлгэсэн бол энэ нь зүгээр, гэхдээ хүйтэн сэрүүний улирал ирэх тусам хамгаалалт сулрах хандлагатай байдаг. Тиймээс цаашид томуугийн улирал эхлэхтэй зэрэгцэн вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
6 сартайгаас 8 хүртэлх насны хүүхдүүд 2022 оны 7-р сараас өмнө анхны тунгаа хийлгэсэн эсвэл зөвхөн нэг тунг авсан бол томуугийн эсрэг вакциныг хоёр тунгаар хийх ёстой. Эдгээр хоёр тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийнэ. Жишээлбэл, 9-р сарын дундуур нэг тун, 10-р сарын дундуур хоёр дахь удаагаа хийлгэвэл дараа жил нь нэг тун хангалттай байх болно.
Хэрэв та 10-р сарын сүүл хүртэл ханиадны эсрэг вакцин хийлгэж чадаагүй бол дараа нь хийлгэж болно. Томуугийн улирал үргэлжилж байх үед хэзээ ч оройтдоггүй. Оргил улирал нь ихэвчлэн 2-р сард болдог ба зарим жил 3-р сард болох нь ч бий. Хэдий хожуу хийлгэсэн ч томуугийн вакцин нь таныг хараахан тулгарч амжаагүй вирусээс хамгаалах болно.
Анхаар! Томуугийн вакцин нь өвчин үүсгэдэг гэж олны дунд яригддаг түгээмэл буруу итгэл үнэмшил нь оргүй зүйл бөгөөд өвчнийг өөрөө үүсгэж чадахгүй, боломжгүй зүйл юм.
Харин COVID-19-ийн нэмэлт тунгийн хувьд
Та ханиадны вакцин болон COVID-19-ийн нэмэлт тунг нэгэн зэрэг хийлгэх боломжтой. Хэрэв та томуугийн өндөр тун болон нэмэлт вакцин хийлгэх гэж байгаа бол тариа тус бүрийг хоёр гартаа салгаж тариулахыгCDC зөвлөж байна. Хоёр тариа хоёулаа вакцин хийсэн газарт өвдөлт, улайлт үүсгэдэг гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: forumdaily.com








