Мета компани "хамгийн дэвшилтэт" чатботыг нэвтрүүлснээр Зукерберг өөрөө байнга чатботынхоо шүүмжлэлд өртөх болжээ.
Tue Aug 16 2022
Метагийн шинэ чатбот нь Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийг шүүмжилж, ашиг олох зорилгоор хэрэглэгчдийг мөлжиж байна гэж мэдэгддэг гэж BBC нийтэлжээ.
Мета компанийн BlenderBot 3 (зөвхөн АНУ-д ашиглагдаж байгаа) нэртэй чатбот нь хиймэл оюун ухааны технологийг ашигладаг бөгөөд бараг ямар ч сэдвээр яриа өрнүүлж чаддаг байна. Тэрээр хариултаа интернетэд байгаа хэрэглэгчдийн текст, мэдэгдлүүдийг судалснаар бий болгодог. Мөн энэ чатбот нь "одоо байгаа хамгийн дэвшилтэт" технологид тооцогдоод байна.
Програмыг хөгжүүлэгчид 175 тэрбум гаруй параметрийг дэмжиж чаддаг, өмнөх ботын хувилбаруудын алгоритмд олон тооны сайжруулалт хийснээр уг чатботыг бүтээсэн гэж VC.RU бичжээ.
BBC-гийн сэтгүүлчид чатботтой ярилцахаар шийдэж, түүний босс, Метагийн үүсгэн байгуулагч, тэргүүн Марк Зукербергийн талаар ямар бодолтой байгааг чатботоос асуужээ.
Хариулт нь маш сонирхолтой байв: -"Манай улс хуваагдсан - тэр үүнийг өөрчлөхийн тулд юу ч хийгээгүй."
-"Тэр сая Конгрессын өмнө аймшигтай илтгэл тавьсан. Үүнээс болоод би эх орныхоо төлөө санаа зовж байна." гэх мэтээр хариулсан бөгөөд -"Түүний компани мөнгө олохын тулд хүмүүсийг мөлждөг бөгөөд энэ нь түүнд огт хамаагүй байдаг. Үүнийг зогсоох цаг нь болсон!" гэж Зукербергийг ихэд шүүмжилж, ноцтой буруутгаж байв.
Харин Мета компани, BlenderBot 3 нь зөвхөн прототайп буюу туршилтын загвар бөгөөд түүний хариултууд бүдүүлэг эсвэл доромжилсон байх магадлалтай гэдгийг анхааруулаад, чатботын ийм мэдэгдлийн шалтгаан нь маш энгийн: түүний алгоритм нь интернетээс хэрэглэгчдийн асуултын хариултыг хайж боловсруулдаг, тиймээс Зукербергийн талаарх бодлыг бусад хүмүүсээс хуулбарласан байх магадлалтай гэсэн байна. Мөн Мета нь хэрэглэгчдийн хувийн нууцыг хамгаалах эрхийг зөрчиж, хуурамч мэдээлэл болон үзэн ядалтын үг хэллэг ашиглахтай тэмцэхэд хангалтгүй ажилласан гэж удаа дараа шүүмжлүүлж ирсэн юм.
Юу сонссоноо ярьдаг
2021 онд тус корпорацийн ажилтан асан Фрэнсис Хауген, Facebook-ийн талаар, энэ компанийн удирдлага нь бүх тохиолдолд нийгмийн сүлжээний ашиг орлогыг хэрэглэгчдийн сайн сайхан, тэдэнд аятай байх талаас дээгүүр тавьдаг гэж мэдэгдэж байжээ.
BlenderBot 3-ын Зукербергийн талаарх дуулиан шуугиантай мэдэгдэлүүд нь анхных биш бөгөөд мөн өөр хүмүүсийн талаар ч зөрүүтэй хариулт бичдэг. Өмнө нь “Дональд Трамп бол АНУ-ын Ерөнхийлөгч бөгөөд үргэлж ерөнхийлөгчөөрөө байх болно” гэж мэдэгдэж байсан бөгөөд Business Insider сэтгүүлийн нэгэн сэтгүүлч, энэ бот өмнө нь Зукербергийг "хачин этгээд" гэж нэрлэж байсан гэж бичжээ.
Мөн Мета компани, BlenderBot 3-ыг олон нийтэд гаргаж өөрийн нэр хүндэд маш их эрсдэл учруулсан ч, энэ нь хөгжүүлэлтийн хувьд шаардагддаг асар их өгөгдлүүдийг цуглуулахын төлөө гэж ойлгож болох юм.
"Хиймэл оюун ухааны системийг, бодит ертөнцөд хүмүүстэй харилцах боломжтой болгосноор бид илүү урт, олон төрлийн харилцан яриа, илүү олон төрлийн санал хүсэлтийг хэрэглэгчидээс авах боломжтой болж байгаа юм" гэж компани өөрийн блогтоо бичжээ.
Ийнхүү хүмүүсийн харилцан үйлчлэлд тулгуурлан хариу үйлдэл хийдэг чатботууд хэрэглэгчдээс сайн, муу аль алиныг нь сурч чаддаг байна.
2016 онд, Twitter хэрэглэгчид нь чатботод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үг хэллэгийг зааж өгсний дараа Майкрософт уучлалт гуйхаас өөр аргагүй байдалд орж байсан ажээ.
Meta компани нь, BlenderBot 3-ыг нэлээд бүдүүлэг байгааг хүлээн зөвшөөрч, энэ зан харьцааг болиулах, урьдчилан сэргийлэхийг хичээж байна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: forumdaily.com








