Технологийн гарааны бизнесийн, хамгийн том бөгөөд хамгийн үнэтэй 5 бүтэлгүйтэл
Fri Apr 28 2023
Амжилтанд хүрэх замдаа саад бэрхшээлийг даван туулж чадсан амжилттай бизнес байгууллагууд, бизнес эрхлэгчдийн тухай тоо томшгүй олон түүх байдаг. Тухайлбал, тэрбумтан Марк Кубан, Билл Гейтс, Ричард Брэнсон нар амжилтад хүрэхэд нь, бүтэлгүйтэл хэрхэн тусалсан талаар олонтаа ярьсан байдаг. Гэвч харамсалтай нь, бүтэлгүйтлүүд, ялангуяа их хэмжээний мөнгөө алдах нь бизнесийг нэг мөсөн унагадаг гэж CNBC бичжээ.
Саяхны тайландаа, CB Insights-ээс хамгийн том, хамгийн үнэтэй 200 гаруй амжилтгүй стартапуудад дүн шинжилгээ хийжээ. Жагсаалтад Элизабет Холмсын Theranos-ийн луйвраас эхлээд, 2000 оны дот-комын хөөс тэсрэх загвар болсон Pets.com хүртэлх олон томоохон бүтэлгүйтэл багтсан байна.
Хамгийн их өртөг өндөртэй бүтэлгүйтэл нь Хятадын технологийн аварга LeEco-ийн спортын арга хэмжээний шууд дамжуулалтад мэргэшсэн LeSports компани юм. CB Insights-ийн мэдээлснээр LeSports нь HNA Capital, Caissa Travel, Zhongtai Securities, Fortune Link зэрэг венч капиталын фирмүүдийн хөрөнгө оруулагчдаас нийт 1.7 тэрбум долларын санхүүжилт босгосон байдаг. Гэсэн ч, 2014 онд LeSports-ийн охин компани байгуулагдсаны дараа, үүсгэн байгуулагч Жиа Ютины өр хуримтлагдснаас, LeEco мөнгөн гүйлгээний хүндрэлд оржээ. 2019 онд, Хятад дах компаниудынх нь хэт их өр болон нягтлан бодох бүртгэлийн эргэлзээтэй үйл ажиллагаатай нь холбоотой дуулиан шуугиантай тулгарсны дараа, Ютин дампуурлаа зарлаж, зээлдүүлэгч нарт ойролцоогоор 3.6 тэрбум долларын өртэй болжээ. LeSports-ийн толгой компани болох LeEco нь Le.com нэртэй видео стриминг үйлчилгээг Хятадад үргэлжлүүлэн ажиллуулж байна. Гэвч 2020 оны тавдугаар сард, 2019 онд тус тус 1.6 тэрбум гаруй долларын алдагдал хүлээсний дараа Шэньжэний хөрөнгийн биржээс хасагдсан байна.
CB Insights-ийн тайлан дах, хамгийн алдартай гарааны бизнесийн таван бүтэлгүйтэл:
“Theranos”-ын цусны шинжилгээ
Элизабет Холмс, 2003 онд Стэнфордын сургуулиа орхин “Theranos”-ыг үүсгэн байгуулсан бөгөөд цусны шинжилгээг илүү хурдан, хямд, үнэн зөв хийнэ гэсэн амлалт нь, тус компанийн эргэн тойронд шуугиан дэгдээж, хөрөнгө оруулагчдаас 500 сая гаруй доллар цугларсан юм. Энэ нь, 9 тэрбум доллараар үнэлэгдэж байв. Гэсэн ч, Үнэт цаас, биржийн хороо (SEC) Холмс болон Theranos-ын ерөнхийлөгч асан Рамеш "Sunny" Балвани нарыг компанийн орлогыг хуурамчаар үйлдсэн, түүнчлэн хуурамч цусны шинжилгээ хийсэн гэх үндэслэлээр "их хэмжээний олныг хамруулсан залилан хийсэн" хэрэгт буруутгаснаас хэдэн сарын дараа компани 2018 оны есдүгээр сард үйл ажиллагаагаа зогсоосон. Хэргийг луйврын хэрэг болохоос өмнө Theranos нь, Руперт Мердок, Уолгринз, BlueCross-ийн хөрөнгө оруулагч BlueShield зэрэг чинээлэг хөрөнгө оруулагчдаас мөнгө цуглуулж байжээ. Холмс 2018 онд Үнэт цаас, биржийн хороотой тохиролцоонд хүрсэн ч, түүнд эрүүгийн хэрэг (электрон төхөөрөмж ашигласан залилангийн 9 зүйл анги, залилангийн зорилгоор хуйвалдаан хийсэн хэрэгт 2 зүйл ангиар буруутгагдаж байгаа) үүсгэсэн юм.
Fitness tracker Jawbone
Сан Францискод төвтэй Jawbone нь, зөөврийн төхөөрөмжийн зах зээлд маш их танигдсан стартап байсан бөгөөд Fitbit-тэй тэмцэх, UP фитнесс трекерийг борлуулна гэсэн амлалтынхаа ачаар 2014 онд 3.2 тэрбум долларын үнэлгээ авч байв. Венчур капиталын хөрөнгө оруулагчид, (Sequoia Capital, Kleiner Perkins Caufield & Byers, Andreessen Horowitz) Jawbone-ийн зөөврийн хэрэгслийн зах зээлд ноёрхох хүсэл эрмэлзлийг дэмжсэн (тэр үед Yahoo-ийн гүйцэтгэх захирал Марисса Майер хүртэл тус компанийн захирлуудын зөвлөлд орсон байв) бөгөөд тус компани 2015 он гэхэд, 900 гаруй сая доллар цуглуулсан ч, борлуулалт нь фитнесс трекерийн зах зээлийн 3%-иас бага хувийг эзэлж, хэзээ ч эдгээр бүтээгдэхүүнүүд олны анхаарлыг татахуйц сайн зарагдаж байгаагүй юм. Jawbone 2017 оны долдугаар сараас эхлэн татан буугдсан.
Pets.com вэбсайт
1998 онд нээгдсэн, гэрийн тэжээмэл амьтдын бүтээгдэхүүн борлуулдаг Pets.com цахим худалдааны сайт нь, Amazon, Hummer Winblad Venture Partners зэрэг хөрөнгө оруулагчдаас 110 сая доллар цуглуулсан. Энэ нь дээр дурьдсан бусад стартапуудыг бодвол бүтэлгүйтэл нь хамаагүй бага зардалтай боловч, 2000 онд dot-com хөөс хагарсны дараа Pets.com нь сүйрлээрээ алдаршсан юм. 2000 оны нэгдүгээр сард "Super Bowl"-ын өндөр үнэтэй сурталчилгааг худалдаж авсан тус компани, сарын дараа IPO хийж, 82.5 сая ам.доллар босгожээ. Гэвч тэр жилээ дуусахаас өмнө Pets.com бизнесийн тогтворгүй загвар, хэт их зар сурталчилгааны зардлаас болж их хэмжээний алдагдал хүлээсний улмаас дампуурсан. Тус компани 2000 оны арваннэгдүгээр сард татан буугдсан.
Better Place цахилгаан машин
Израилийн бизнес эрхлэгч Шай Агассигийн 2007 онд үүсгэн байгуулсан Better Place нь цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэдэг компани бөгөөд тэр цагт өрсөлдөгчидтэйгээ (Тесла гэх мэт) адил амжилтын давалгааг давж чадах юм шиг харагдаж байсан гэдэг. Тус компани нь хөрөнгө оруулагчдаас (VantagePoint Capital Partners, General Electric болон банкны гигант HSBC, Morgan Stanley зэрэг) 900 гаруй сая ам.доллар цуглуулж, цахилгаан автомашинуудын цэнэггүй болсон батерейг хэдхэн минутын дотор шинэ батерейгаар солих боломж олгох батерей солих станц барих шинэлэг санаа гаргажээ. Гэвч батерейг солих санааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход шаардагдах ложистик, өндөр зардлыг даван туулах нь хэтэрхий хэцүү байсан Better Place компани, 2013 онд дампуурлаа зарлахаас өмнө ердөө 1000 орчим цахилгаан машин үйлдвэрлэсэн юм.
Solyndra нарны зай
2005 онд үүсгэн байгуулагдсан нарны зайн хавтан үйлдвэрлэдэг компани нь богино хугацаанд алдартай гарааны бизнес болсон бөгөөд Обамагийн засаг захиргаа цэвэр эрчим хүчний салбарт технологийн шинэчлэлийн жишээ болгон сурталчилж байв. Солиндра 535 сая долларын холбооны зээлийн баталгаа авч, Redpoint Ventures, US Venture Partners, Обамагийн томоохон хандивлагч, тэрбумтан бизнесмен Жорж Кайзер зэрэг хөрөнгө оруулагчдаас 1.2 тэрбум гаруй доллар босгосон. (Solyndra нь, CB Insights жагсаалт дах, дэлхийн хамгийн үнэтэй бүтэлгүйтсэн Америкийн компани юм) 2011 онд цахиур зэрэг нарны зайн хавтангийн ихэнх эд ангиудын үнэ дэлхийн зах зээлд унасны дараа Солиндрагийн бизнес уналтад орсон. Үнийн уналт нь, Solyndra-ийн өрсөлдөгчидөд зардлаа бууруулахад тусалсан бол харин олон өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь полициликонгүй нарны хавтан үйлдвэрлэдэг Solyndra өрсөлдөөнийг давж чадаагүй юм. Тус компани 2011 оны есдүгээр сард дампуурлаа зарласан ажээ.








