Anu.mn
Техасын хуучин эдлэлийн дэлгүүрт Ромын эртний цээж баримал 35 ам.доллараар худалдаалагдаж ...

Техасын хуучин эдлэлийн дэлгүүрт Ромын эртний цээж баримал 35 ам.доллараар худалдаалагдаж байжээ

Fri May 27 2022
Техасын хуучин эдлэлийн дэлгүүрт Ромын эртний цээж баримал 35 ам.доллараар худалдаалагдаж байжээ

2018 онд Лаура Янг Техасын Аустин хотод байрлах Goodwill хэмээх хуучин эдлэлийн дэлгүүрээс ердөө 35 ам.доллараар цээж баримал худалдаж авчээ. Эртний эдлэл, чимэглэлийн дэлгүүрийн худалдагч энэ эмэгтэй нэгэн хуучин эдлэлийн дэлгүүрээс аятайхан зүйл олно гэсэн найдлага тээн орсон бөгөөд тэрээр нүдэнд туссан нэгэн цээж баримлыг нарны гэрэлд ойроос сайтар нягтлан үзээд “маш эртнийх байж магадгүй" хэмээн Google-ээс эртний Ромын цээж барималуудын дунд хайж, жишиж үзэхэд тэдэнтэй маш адилхан байжээ.

Ингээд хатагтай Янг холбогдох баримтуудыг судалж лавласны эцэст, уг баримал нь МЭӨ 1-р зуун эсвэл МЭ 1-р зуунд хамаарах 2000 жилийн настай үнэлж баршгүй үнэ цэнэтэй Ромын баримал байсныг мэджээ.

Сан Антониогийн Урлагийн музейн ажилтан Линли Макалпайн: "Ийм түүхэн чухал зүйлийг мөнгөөр үнэлэх асуудлыг би сайн мэдэхгүй байна, гэхдээ бас нэг зүйл нь хэзээ ч зарагдахгүй байх магадлалтай", энэ баримал нь Юлий Цезарийн эсрэг тулалдаж байсан Ромын цэргийн удирдагч Секст Помпейг дүрсэлсэн байж магадгүй юм гэсэн байна.

Мөн лавшруулсан судалгаагаар уг барималын эзэмшилийг хөөн үзэхэд Герман дахь Ромын хотхоныг дууриалган хийсэн хотхонд тавьж байсан бусад Ромын эх олдворуудтай хамт хадгалагдаж байсан байж болох магадлалтайг тогтоожээ. Ромын вилла нь, Баварийн Ашаффенбург хотод байрлах Помпеянум вилла бөгөөд 1840-өөд онд баригдсан бөгөөд Дэлхийн 2-р дайны үеэр холбоотны бөмбөгдөлтөд ихээхэн хохирол амссан байдаг.

Харин Ашаффенбургээс Аустинд уг цээж баримал хэрхэн ирсэн нь тодорхойгүй бөгөөд Америк цэргүүд Ашаффенбургт байрлаж байх үед хэн нэг нь АНУ руу авчирсан байх магадлалтай. Тиймээс дайны үед дээрэмдэгдсэн эд зүйл байж болзошгүй гэх шалтгаанаар хатагтай Янг эртний эдлэл болгон зарах боломжгүй болсон бөгөөд цээж баримлаа Бавари руу буцаах асуудал шийдэгдтэл Сан Антониогийн урлагийн музейд хэсэг хугацаанд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч уг хэлэлцээр хэдэн жил үргэлжилснээр хатагтай Янгийн зочны өрөөнд гурван жил гаран хадгалагджээ. Тэрээр "Тэр маш сайхан харагддаг. Гурван жил гаруй биднийг ширтсэн" гэж хошигнон өгүүлсэн байдаг.

Ингээд хатагтай Янг Сан Антониогийн урлагийн музейд цээж баримлаа хүлээлгэн өгөх мөч ирж, тэрээр “Би дахин ийм зүйл олохгүй гэдгээ мэдэж байгаа учираас хэцүү байна, гэхдээ энэ баримал, миний гараар дамжсан бүх зүйлсийн хамгийн шилдэг нь хэвээр байх болно" гэж хэлжээ.

Харин саяхны амралтын өдрөөр тэр музейд зочилохдоо барималаа хараад "Түүнийг байх ёстой газар нь харах үнэхээр сайхан байсан" гэж ярьсан байна.

Уг баримал одоогоор Сан Антониогийн үзмэрт байгаа бөгөөд 2023 оны тавдугаар сард Помпеянумд буцааж өгөх юм байна.

Эх сурвалж: www.news.artnet.com

Сүүлд нэмэгдсэн