Техаст унасан солирын мөргөлтийг олон оршин суугчид сонсчээ
Sun Feb 19 2023
Техас мужид 60 см диаметртэй, 1000 фунт (450 кг) жинтэй солир унасныг НАСА баталжээ. Харин тус мужийн олон оршин суугчид дэлбэрэлтийн чимээг сонссон ч юу болсныг мэдэхгүй байсан талаар Fox4News бичжээ.
Уг сансрын чулуу 2-р сарын 15-ны 18:00 цагийн орчимд Макаллен (Техас) хотын ойролцоо газарт унахаасаа өмнө хэд хэдэн хэсэгт хуваагдсан гэж мэргэжилтнүүд үзсэн бөгөөд солирууд дэлхийн агаар мандалд орохдоо хурд нь саарч, жижиг хэсгүүдэд хуваагдан газарт унадаг. Мөн хурдан хөрдөг учраас ерөнхийдөө хүн амд аюул учруулдаггүй гэж НАСА мэдэгдэлдээ дурдаад, солир унасан байж болзошгүй бүсийг харуулсан газрын зургийг нийтэлжээ.
Харин тэр хавийн айлуудын гэрийн хяналтын камеруудад, солир унах үеийн тэсрэлтийн чанга дуу чимээ болон шувуудын хариу үйлдэл бичигдсэн бөгөөд оршин суугчид цонх шажигнаж, газар хөдлөлт шиг чичирч байсан гэж ярьжээ.
Үндэсний цаг уурын албанаас, солирын галт бөмбөлөг хиймэл дагуулууд илрүүлэхэд хангалттай байхаар гэрэлтэй байсан гэж мэдэгдсэн бол хоёр онгоцны нисгэгчид түүнийг харсан тухайгаа мөн мэдээлсэн байна.
"МакАллены энэхүү солир нь, НАСА болон бусад байгууллагууд дэлхийн хамгаалалтыг сайжруулж, сансрын хайгуулыг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаан, инженерийн туршлагаа нэгтгэх, нарны систем болон гараг эрхсийг судлах газрын болон гаригийн хайгуулыг нэгтгэх ёстойг сануулж байна." гэж НАСА мэдэгдэв. Жил бүр нэгээс хоёр жижиг солир АНУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд дэлхийн агаар мандалд орж ирж, ихэвчлэн хуваагдаж газарт унадаг байна.
Солир унах нь тийм ховор биш ч, Хидалго мужийн шериф Эдди Гуэрра сүүлийн өдрүүдэд АНУ-ын агаарын орон зайд хэд хэдэн объектыг буудаж унагасан гэсэн мэдээллээс болж хүмүүс түгшсэн. Мэдээжийн хэрэг, тэнгэр дэх үл мэдэгдэх биетүүдийн талаар уншсан хүмүүс юунаас айж байсан нь тодорхой юм гэж CNN бичжээ.
Эдгээр солируудын хэлтэрхийнүүдийг олсон хүмүүсийг, Судалгааны Смитсоны хүрээлэнтэй холбоо барихыг зөвлөсөн байна.








