Техас мужид, 3D хэвлэмэл байшингийн томоохон төсөл хэрэгжиж байна
Fri Aug 04 2023
Техас мужид, хамгийн том талбайтай, 3D хэвлэмэл байшингуудын барьж байна. Саяхан дууссан анхны байшингаа танилцуулсан талаар CNN мэдээлэв.
Бетон зуурмагаар ханыг "хэвлэсэн" нэг давхар барилга нь есдүгээр сараас эхлэн оршин суугчдыг хүлээж авна. Ийм 100 байшин барихаас анхны байшингаа хүлээлгэн өгчээ. Энэ төсөл нь, Техас мужийн Жоржтаун дахь Wolf Ranch хэмээх томоохон бүтээн байгуулалтын нэг хэсэг бөгөөд мужийн нийслэл Остин хотоос хойд зүгт 30 миль (48 км) зайд оршдог. Уг төсөл дээр Техас мужид төвтэй ICON барилгын фирм, Lennar барилгын компани болон Bjarke Ingels Group (BIG) Данийн архитектурын студи хамтран ажиллаж байгаа аж. Байшинг 46 фут (14 метр) өргөнтэй робот принтер ашиглан газар дээр нь Lavacrete хэмээх бетон хольцоор цутгадаг. Ханаа хэвлэмэгц, нарны хавтангаар тоноглогдсон хаалга, цонх, дээврийг суурилуулдаг байна.
ICON-ийн мэдээлснээр одоогоор санал болгож буй үл хөдлөх хөрөнгө 475,000-аас 599,000 долларын хооронд зарагдаж байна. Эдгээр 3D хэвлэмэл байшингуудын талбай, 1500-2100 хавтгай дөрвөлжин фут (140-195 квадрат метр) метрийн хооронд хэлбэлзэж, гурваас дөрвөн унтлагын өрөөтэй. Одоогийн байдлаар олон орон сууц зарагдаад байна гэж ICON-ийн хэвлэлийн төлөөлөгч Кара Коулкинс мэдэгдэв
ICON-ны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жейсон Баллард 2021 онд уг төслийг зарлахдаа, хамгийн сүүлийн үеийн технологиор баригдах энэ төслийг "хүний хөгжлийн түүхэн дэх гол цэг" гэж нэрлээд, 3D-р хэвлэх нь уламжлалт барилгын аргуудаас илүү хурдан бөгөөд хямд, өндөр чанартай байшинг бүтээх боломжийг олгодог гэж хэлж байжээ.
Тэрээр, “Одоо АНУ-д таван сая орчим шинэ орон сууц шаардлагатай байна. Чанар, үзэмж, бат бөх тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр нийлүүлэлтийг яаралтай нэмэгдүүлэх боломж олгож буйд энэ технологийн хамгийн гол хүч чадал оршиж байна" гэж анхны байшингаа танилцуулахдаа ярьж байв. Харин, Bjarke Ingels Group-ийн Мартин Воелкле, 3D хэвлэмэл барилгууд нь, барилгын явцад гарах хог хаягдлыг багасгаж, байшинг илүү тогтвортой, мөн эрчим хүчнээс хараат бус болгоход чухал алхам болсон" гэжээ.
Бие даасан судалгааны байгууллагуудын судалгаагаар, хэвлэмэл байшин нь нүүрстөрөгчийн ялгарал, барилгын хог хаягдлыг бууруулдаг, мөн 3D принтерүүд нь хэв хашлагагүйгээр барилга барих боломжтой бөгөөд энэ нь материалын ерөнхий зардлыг ихээхэн бууруулдаг гэж гарчээ. Жил бүр дэлхийн нийт CO2 ялгаралтын 8 орчим хувийг цемент эзэлдэг.
2020 онд Сингапурт хийсэн судалгаагаар 3D хэвлэмэл угаалгын өрөө нь уламжлалт барилгын аргаар хийсэн угаалгын өрөөтэй харьцуулахад 25.4% хямд бөгөөд нүүрстөрөгчийн давхар ислийг бараг 86% бага гаргадаг болохыг тогтоожээ.
Гэсэн хэдий ч, 3D хэвлэмэл байшингууд нь нүүрстөрөгчийн эрчимжсэн бетон дээр суурилсаар байгаа бөгөөд бүтцийн аюулгүй байдал, тогтвортой байдлын талаархи барилгын норм, стандартууд хараахан батлагдаагүй байгааг шүүмжлэгчид онцолж байна.
Мексик, Техас мужид нийгмийн болон хөнгөлөлттэй орон сууц барихад ICON 3D хэвлэх аргыг урд нь ашиглаж байсан хэдий ч, ICON-ийн хувьд Wolf Ranch нь хамгийн том төсөл юм. Баллард 2019 онд компанийнхаа технологийг, орон гэргүйдэлтэй тэмцэх эсвэл байгалийн гамшгийн дараа орон байраар хангахад ашиглаж болно. 3D хэвлэл нь шинжлэх ухааны уран зөгнөл биш болсон. Бид шинжлэх ухааны уран зөгнөлөөс бодит байдалд хүрэх босгыг давлаа. Ирээдүйд энэ нь бидний хамгийн дээд үнэт зүйл, үзэл баримтлалд нийцсэн орон сууцны шийдэлд хүргэх хүн төрөлхтний хамгийн сайн найдвар болно гэдэгт бид итгэлтэй байна гэж ярьж байсан юм.








