Тархины суулгац хийлгэснээр зөвхөн бодлоороо дижитал төхөөрөмжүүдийг ажиллуулах боломжтой болно.
Thu Sep 01 2022
Дэлхий даяар сая сая хүмүүс бие махбодийн хөгжлийн бэрхшээлээс болж дижитал технологийг ашиглаж чадахгүй байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөвхөн өөрсдийн бодлоо ашиглан мессеж эсвэл имэйл илгээж чаддаг болвол яах вэ? Энэ нь мөрөөдөл, боломжгүй зүйл мэт сонсогдож магадгүй ч туршилт хийгдэж байгаа шинэ технологи нь үүнийг бодит болгох боломжтой гэж судлаачид үзэж байна.
Австралийн Мельбурн хотын иргэн 62 настай Филипп О'Кийф, амиотрофын склероз (amyotrophic lateral sclerosis-ALS) өвчнөөр өвдсөний дараа гар болон биеээ удирдаж, хянах чадвараа алдсан бөгөөд өдөр тутмын хувцаслах, хооллох гэх мэт энгийн зүйлсийг хийхэд хүнд болсон байна. Тэрээр 2020 оны 4-р сард, Stentrode тархины компьютерийн интерфэйс суулгацыг хүлээн авсан анхны өвчтөнүүдийн нэг болжээ.
Нью-Йорк хотод төвтэй Synchron компанийн гүйцэтгэх захирал, доктор Томас Оксли уг төхөөрөмжийг бүтээх ажлыг удирдан явуулж байгаа ба "Бидний явуулж буй энэ судалгаа нь дижитал төхөөрөмжийг удирдах, төхөөрөмжийг гараараа хянаж чадахаа больсон хүмүүст зориулагдсан" гэж Оксли мэдэгджээ.
Гүрээний судсаар дамжуулан уг төхөөрөмжийг тархины хөдөлгөөнийг хянадаг хэсгийн ойролцоо суулгадаг. Мөн цээжний хэсэгт байрлах хүлээн авагч нь тархинаас ирсэн дохиог, бодлыг хувиргаж дижитал төхөөрөмж рүү утасгүйгээр илгээдэг байна.
Энэ төхөөрөмжийг суулгуулсан Филипп О'Кийф, компьютер ашиглах ур чадвараа CBS News-т тэмдэглэл бичиж харуулсан бөгөөд түүний бодол нь хулганыг дэлгэц дээрх үсгүүдийг товшиход чиглэж байв.
"Анх би энэ бол шинжлэх ухааны уран зөгнөлт зүйл байна гэж бодсон. Гэтэл би одоо имэйлээ ангилж, вэбээр аялж чадна. Энэ нь надад үргэлжлүүлэн амьдрах шалтгаан болсон ба миний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм хоёр жил болж байна." гэж О'Кийф өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

Доктор Томас Оксли CBS News-т ярилцлага өгөхдөө, "Бид тархины нээлттэй мэс засал хийхгүйгээр мэдрэгчийг тархинд хэрхэн хүргэхийг олж мэдсэн. Энэ бол маш том дэвшил юм." гэжээ.
Төхөөрөмжийн эмнэлзүйн туршилтууд үргэлжилэн явагдсаар байгаа бөгөөд одоогоор таван хүн суулгац хийлгээд байна.
Эх сурвалж: CBS News








