Тархинд нь цус харваж саажилттай болсон өвчтөнүүд, энэхүү шинэ эмчилгээний дараа саажсан мөчүүдээ хөдөлгөж чаддаг болжээ
Sun Feb 26 2023
Тархины цус харвалттай хоёр өвчтөн, туршилтын “гижигдэх мэт мэдрэмж өгдөг” процедурын дараа гараа дахин хөдөлгөж удирдаж чаджээ. Уг процедур нь тэдний дээд мөчүүд, тархи, нугасны хоорондох суларсан холболтыг түр хугацаанд сэргээсэн гэж ScienceAlert мэдээлэв.
Хизер Рендулич бол эдгээр хоёр эмэгтэйн нэг юм. Нэг сарын турш Питтсбургийн их сургуулийн эрдэмтдийн удирдсан шинэ судалгааны, нугасны дээд хэсгийг цахилгаан импульсээр цочроох процедурын үр дүнд, тэр 20 настайдаа цус харваж, 9 жилийн өмнө саажсан гараа хялбархан удирдаж чадаж байсан байна. Рендулич олон жилийн турш "хоёр гартай ертөнцөд нэг гараараа амьдарсан" бөгөөд тэрээр, -"Сэдээлгийг асаахад, би 9 жилийн турш мэдэрч байгаагүй гараа дахин удирдаж байгаагаа мэдэрсэн. Энэ өдөөлт нь гижигдэж байгаа юм шиг, өвдөлт өгдөггүй, гэхдээ бага зэрэг дасах шаардлагатай" гэж ярьсан байна.
Судалгаанд зөвхөн хоёр өвчтөн оролцсон. Төхөөрөмжийг асаасан даруйд тэдний гараа атгах хүч, гарын хөдөлгөөн, гарын ур чадвар нь сайжирч байсан байна.
Уг төхөөрөмж нь, утас шиг уян хатан хос нимгэн төмөр цахилгаан суулгацаас бүрдэх бөгөөд нугасны дээд хэсэгт суулгагдаж, гар, гарын сарвууны мэдрэхүйтэй холбогддог. Асаах үед электродууд, цус харвалтаас болж суларсан боловч бүрэн бүтэн хэвээр үлдсэн нугасны хэлхээнд цахилгаан импульс илгээн, булчинг хүчээр хөдөлгөхийн оронд, нурууны мэдрэлийн хэлхээн дэх холбоосыг идэвхижүүлж хөдлөхөд тусалдаг байна.
Питтсбургийн их сургуулийн биоанагаах ухааны инженер, зохиогч Марко Капогроссо, - "Бид эдгээр сул дохиог барьж, үйл ажиллагааны гаралт болгон хувиргахыг хүссэн бөгөөд ингэснээр хүн гараа өөрөө удирдаж чадна" гэж тооцсон гэж ярьж байв.
Энэхүү судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд нэг сарын туршилтын хугацаанд, долоо хоногт таван өдөр, өдөрт дөрвөн цаг өдөөх туршилтын хэлбэрийг хүлээн авснаар гар, сарвууны хөдөлгөөн тодорхой түвшинд сайжирсан байна. Булчингийн агшилтыг илрүүлдэг утасгүй мэдрэгч ашиглан хийсэн цуврал туршилтын үеийн видео бичлэгт, хэрхэн Рендулич гараа өргөж, лаазтай шөл авч, сэрээгээр хоол идэж, цоож онгойлгож, зарим хэлбэр дүрсийг зурж байгааг харж болно.
Судлаачид, эдгээр гар, мөрийг хослуулсан уян хатан хөдөлгөөнүүд нь хөлний хөдөлгөөнийг өдөөхөөс илүү хэцүү байдаг тул гайхалтай амжилтууд гэжээ. Өнгөрсөн жил, есөн хүний нугасыг өдөөж, нөхөн сэргээх эмчилгээ хийсний үр дүнд 5 сарын дараа тэдгээр хүмүүс дахин алхаж явах боломжтой болсон гэж судлаачид мэдээлж байсан юм.
Үүнээс өмнө 2016 онд хийсэн судалгаагаар, цахилгаан өдөөлт нь нугасны гэмтлийн дараа дээд мөчдийн хөдөлгөөнийг сайжруулдаг болохыг харуулсан. Мөн энэхүү сүүлийн судалгаанд оролцсон эрдэмтэд, амьтад дээр хийх цаашдын туршилт, компьютерийн симуляцийн тусламжтайгаар цус харвалтаас амьд үлдсэн хүмүүст энэ эмчилгээ ашиг тусаа өгөх боломжтой гэж дүгнэжээ. Гэхдээ, суулгацыг авснаас хойш дөрвөн долоо хоног хүртэл хөдөлгөөний сайжруулалт үргэлжилсэн боловч дараа нь зарим нь алга болсон Рендуличийн тохиолдол судлаачдын гайхшралыг төрүүлж байгаа аж.
"Хэдэн долоо хоног хэрэглэсний дараа суулгацыг салгаж авсан ч, зарим нь хэвээр байсаар байгааг бид олж мэдсэн бөгөөд энэ нь ирээдүйд цус харвалтыг эмчилэх гайхалтай боломжуудыг харуулж байна. Нуруу нугасны өдөөлт нь зөвхөн гарын үйл ажиллагаанд туслаад зогсохгүй, эмчилгээг удаан хугацаагаар хэрэглэвэл түүний зарим хэсгийг сэргээх боломжтойг харууллаа” гэж Марко Капогроссо ярьсан бол, Нуруу нугасны гэмтлийн цахилгаан өдөөлтийг судалдаг биоанагаах ухааны инженер Эван МакКохи "Гэсэн ч үр дүнг илүү том судалгаагаар баталгаажуулах ёстой" гэж твиттер хуудсандаа бичжээ. Харин, “Сайн хэтийн төлөв бий. Найдвартай байх нь сайн хэрэг, гэхдээ би өвчтөнүүдийг маргааш энэ эмчилгээг хийлгэх боломжтой гэж бас төөрөгдүүлэхийг хүсэхгүй байна "гэж Жонс Хопкинсийн их сургуулийн нейромодуляцийн захирал Эллан Сиванесан ярьсан байна.
Судлаачид энэ аргыг байнгын физик эмчилгээтэй хослуулан хэрэглэвэл, цус харвалттай өвчтөнүүдэд урт хугацааны үр өгөөжийг өгнө. Гэвч электрод суулгах мэс заслын зардал нь олон хүнд бэрхшээл учруулдаг гэжээ.
Рендулич, судалгаанд оролцсоноо эрдэмтдэд тусалсан, тэгээд ч ирээдүйд хэзээ нэгэн цагт мэдрэлийг нь дахин гижигдэх байнгын өдөөгч авч чадна гэдэгтээ найдаж байгаа юм.








