Төрийн департамент, АНУ-ын иргэншлийн шалгалтыг өөрчилж, шинэ хувилбарын туршилтаа эхлүүлээд байна
Mon Dec 26 2022
Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) 12-р сарын 14-нд АНУ-ын иргэний шинэчилсэн шалгалтыг туршиж эхэлснээ зарлав. Одоогоор сайн дурынхан хамрагдах бөгөөд дараа нь шинэ тест албан ёсоор мөгдөгднө. Шалгалтын дөрвөн бүрэлдэхүүн хэсгийн хоёрт өөрчлөлт орж байна.
Иргэний харьяаллын шалгалт нь англиар унших, бичих, ярих, АНУ-ын иргэний хуулийн шалгалт гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Унших, бичих шалгалт нь стандартчилагдсан тул өөрчлөгдөхгүй. Харин англи хэлний ярианы ур чадвар ба АНУ-ын иргэний хуулийн мэдлэгийн шалгалтад өөрчлөлт орно.
Өөрчлөлт:
Англи хэлний аман шалгалт
Өмнө нь цагаачдын англи хэлээр ярих чадварыг шалгахын тулд тэднээс N-400 маягтын агуулгын талаар асуулт асууж, эсвэл зүгээр л богино, энгийн ярилцлага хийдэг байв.
Одоо тэд баталгаажуулалтыг хүндрүүлж, өргөдөл гаргагчдад гурван өнгийн гэрэл зураг өгч, тэдгээрийг англи хэлээр тайлбарлах шаардлагатай болгожээ. Эдгээр зургууд нь өдөр тутмын амьдрал, цаг агаар эсвэл хоол хүнстэй холбоотой байна. Шалгалт нь англи хэлний хичээлд ихэвчлэн хамрагддаг сэдэв, нөхцөл байдалд тулгуурладаг. Ялангуяа насанд хүрэгчдэд зориулсан ESL (Англи хэл хоёр дахь хэл) сурах бичгүүдээс ихэвчлэн оруулах тул эдгээр сурах бичгүүдийг ашиглан бэлдэх боломжтой. Өргөдөл гаргагчдыг, англи хэлээр асуултад хариулж, зурагтай холбоотой үгсийн сан, энгийн хэллэг ашиглан зургийг дүрслэх чадвараар үнэлнэ.
Шинэ форматыг турших ажлын хүрээнд 70 зурагнаас гурван зургийг сонгоно. Дараа нь зөвхөн 40 зураг аман англи хэлийг шалгах стандарт зургийн банканд хадгалагдаж үлдэх аж.
Иргэний хуулийн шалгалт
Энэ шалгалтыг бага зэрэг хялбаршуулж байна. Асуултуудад хариулах хариултуудыг оруулж өгсөн бөгөөд эдгээрээс зөвийг нь сонгох хэрэгтэй. Харин одоогийн шалгалтын тестэд хариултын сонголт байдаггүй, зөв хариултыг өөрөө хэлэх хэрэгтэй болдог.
Шалгалтын үеэр өргөдөл гаргагчид иргэншлийн тухай хариултуудын олон сонголттой арван асуултанд хариулах шаардлагатай болно. Хариултын дөрвөн сонголтоос хамгийн тохиромжтойг сонгож хариулах ёстой. Шалгалтанд тэнцэхийн тулд, одоогийнхтой адил 10 асуултын 6-д нь зөв хариулах шаардлагатай болно.
Шинэ иргэний шалгалтын ихэнх асуултууд одоогийн шалгалттай төстэй. Таблет дээр иргэний шалгалтыг өгнө.
Иргэний харьяаллын шалгалтын шинэ хэлбэрийг туршиж байна
USCIS аль хэдийн бэлтгэлээ базааж эхэлсэн бөгөөд 2023 онд, 5 сарын турш олон нийтийн байгууллага, сайн дурынхантай хамтран улсын хэмжээнд туршилт явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 1-р сарын 12-нд гаргана.
Энэхүү туршилтын төслийн явцад цугларсан мэдээллийг иргэний харьяаллын шалгалтын эцсийн өөрчлөлтийг хийхэд ашиглах бөгөөд шинэ туршилтыг 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.








