"Супермэн" киноны жүжигчин асан Дин Кэйн, АНУ-ын Цагаачлал, Гаалийн албанд (ICE) ажилд орохоор төлөвлөж байгаагаа зарласан тухай ВВС мэдээллээ.
Тус агентлагийн ажилд зуучлах ажиллагааны хүрээнд хүмүүсийг нэгдэхийг уриалсан видео бичлэг цацагдсаны дараа, Кэйн 8-р сарын 6-нд "Би удахгүй ICE агентийн тангараг өргөх болно" гэж зарласан юм. Цагаачдыг олноор албадан гаргахад чиглэсэн Трампын шинэ цагаачлалын бодлоготой холбогдуулан тус агентлаг офицеруудыг эрчимтэй элсүүлж байна.
Кайн 1993-1997 онд "Лойс ба Кларк: Супермэний шинэ адал явдал" телевизийн цувралд Супермэний дүрийг бүтээж, олон кино, телевизийн шоунд тоглож, найруулагчаар ажиллаж байсан хүн юм.
Дотоодын аюулгүй байдлын яамнаас (DHS), Кейн ирэх сард "Хүндэт ICE офицер"-ийн тангараг өргөх болно гэж мэдэгдсэн бөгөөд DHS-ийн захирлын туслах Трисиа Маклафлин, "Супермэн, Америкчуудыг нийгмээ хамгаалж, муу муухайгаас салахад туслахын тулд, ICE-ийн эгнээнд зоригтой эрчүүд, эмэгтэйчүүдийг нэгдэхийг уриалж, бодит амьдрал дээр хүчирхэг баатрууд байхыг уриалж байгаа юм" гэж ярьжээ.
Долдугаар сарын сүүлчээр ICE, 10,000 шинэ офицер ажилд авахаар төлөвлөж байгаагаа зарлаж, орон даяар албадан гаргах ажиллагаа нэмэгдэж, ажиллах хүчээ хоёр дахин нэмэгдүүлсэн. Албадан гаргах ажиллагааны офицеруудаар, хуульч, шүүх эмнэлгийн шинжээч, оюутны визний мэргэжилтэн болон бусад ажилтнуудыг ажилд авах тал дээр түлхүү анхаарч байгаа юм.
8-р сарын 6-ны өдөр Fox News-т Кейн, "Би өчигдөр хүн элсэхийг уриалсан видео бичлэгээ цацсан. Би бол, тангараг өргөсөн дэд шериф, нөөцийн цэрэг. Энэ бичлэг маш их шуугиан дэгдээсэн. Бид хүмүүсийг ажилд авах зорилгоо хурдан биелүүлж, улс орноо хамгаалахад тусална гэж найдаж байна" гэсэн ярилцлага өгчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, АНУ-аас албадан гаргах хэмжээг жилд 1 сая хүртэл нэмэгдүүлэхээ амлалаа. Энэхүү хүчин чармайлтын үрээр цагаачлалын хууль сахиулах байгууллагын дайралт, баривчилгаа нэмэгдэж, хотуудаар эсэргүүцлийн жагсаал болж байна. Шүүмжлэгчид эдгээр дайралт, баривчилгааг хууль бус гэж үзэж байгаа юм.
7-р сарын 29-нд ICE, Трампын засаг захиргааны албадан гаргах хөтөлбөрт бүртгүүлсэн америкчуудад 50,000 доллар хүртэлх урамшуулал болон оюутны зээлийн тусламж олгохоо зарлав. Ажилд авах үйл ажиллагааны алба DHS нь, Дэлхийн 2-р дайны үеийг сануулсан, "Америк танд хэрэгтэй", "Эх орноо хамгаалъя" гэх мэт уриа лоозон бүхий зурагт хуудас, мөн авга ах Сэм, Ерөнхийлөгч Дональд Трамп, DHS-ийн нарийн бичгийн дарга Кристи Ноем болон бусад албаны хүмүүсийн зургийг нийтэлж байна.
Ноэм, 8-р сарын 6 гэхэд тус агентлаг 10,000 ажлын байранд 80,000 гаруй өргөдөл хүлээн авсан гэж мэдэгдээд, Фокс Ньюс-д өгсөн ярилцлагадаа өргөдөл гаргагчидын насны хязгаарлалтыг цуцалсан гэж зарлажээ.
ICE нь одоогоор 20,000 офицер, туслах ажилтантай бөгөөд улс даяар 400 оффистой.
Ажилд авах энэхүү ажиллагаа нь, Трамп ICE-д 76 тэрбум доллар зарцуулах, их хэмжээний зардлын хуулийн төсөлд гарын үсэг зурснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа хэрэгжиж эхлээд байна. Энэ санхүүжилт нь, тус агентлагт урд нь хуваарилагддаг байснаас бараг 10 дахин их байгаа бөгөөд холбооны хамгийн өндөр санхүүжилттэй хууль сахиулах байгууллага болсон юм.