"Шүүлтийн өдрийн онгоц": АНУ-ын Ерөнхийлөгчийн цөмийн дэлбэрэлтэд тэсвэртэй Боинг онгоц
Wed Jan 11 2023
АНУ-ын Агаарын цэргийн хүчний Боинг 747 GRIM99 гэх "мөхлийн өдөр" гэж нэрлэгддэг онгоц нь 112 хүртэлх зорчигч болон багийн гишүүдийг тээвэрлэх боломжтой бөгөөд "нисдэг Пентагон" юм гэж SimpleFlying мэдээлжээ.
Энэ долоо хоногт АНУ-ын Агаарын цэргийн хүчний Боинг 747 онгоц Атлантын далай дээгүүр нисч, Их Британийн нэгэн жижиг хотод газарджээ. Энэхүү онгоц нь, цөмийн цохилтыг тэсвэрлэх сайжруулсан загвар юм.
Үүрэг, зориулалт
Уг Boeing E-4B нь, үндэсний командлалын байгууллагуудын Агаарын хөдөлгөөний удирдлагын үндэсний төв (NAOC)-өөс, АНУ-ын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, Штабын дарга нарын нэгдсэн зөвлөлд шууд дэмжлэг үзүүлэх зарчимаар ажилладаг.
Улс орны хэмжээнд онцгой байдлын үед буюу газрын удирдлагын төвүүд эвдэрсэн тохиолдолд агаарын хөлөг нь зэвсэгт хүчнийг удирдах найдвартай удирдлага, холбооны төвийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн яаралтай цэргийн тушаалыг гүйцэтгэх, албан тушаалтнуудын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй.
Уг онгоц нь 747-200 загварын цэргийн загвар юм. Үндсэн тавцан нь зургаан функциональ хэсэгт хуваагдана.
- Хурлын заал;
- Мэдээллийн танхим;
- Үйл ажиллагааны төв;
- Харилцаа холбоо;
- Амралтын хэсэг;
- Командлалын хэсэг.
USAF агаарын хөлгийн шинж чанарыг дараах байдлаар тодорхойлдог.
“E-4B нь EMI хамгаалалттай бөгөөд дэвшилтэт электроник болон олон төрлийн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг дэмжих зориулалттай цахилгаан системтэй. Хиймэл дагуулын холбооны дэвшилтэт систем нь, агаарын ажиллагааны төвөөр дамжуулан дээд удирдлагыг дэлхийн улсуудтай харилцах харилцаа холбоогоор хангадаг. Мөн цөмийн болон дулааны хамгаалалт, акустик хяналт, сайжруулсан техникийн хяналтын өрөө, цахилгаан эд ангиудыг хөргөх сайжруулсан агааржуулалтын системтэй. Агаарын хөлгийн бүх тоног төхөөрөмж нь цөмийн дэлбэрэлтийн цахилгаан соронзон импульс (EMP)-ээс хамгаалагдсан. Бүхээг болон тасалгааны агааржуулалтын систем нь, цацраг идэвхт тоосыг шүүх зохицуулалттай.
Boeing E-4B онгоцны нислэгийн техникийн шинж чанарууд:
- Экипаж = 60-112;
- Урт = 70.5 м;
- Далавчны урт = 59.7 м;
- Өндөр = 19.3 м;
- Далавчны талбай=510 м²;
- Цэвэр жин = 190,000 кг;
- Максимал хөөрөх жин = 370 000 кг;
- Хөдөлгүүр = 4 турбо сэнс General Electric CF6-50E2;
- Хөдөлгүүр бүрийн хүч = 234 кН Макс;
- Хурд=969 км/цаг;
- Нислэгийн хүрээ = 11,000 км;
- Тааз=14,000 м;
- Далавчны даах ачаалал=730 кг/м².
Уг онгоц нь түлшний онгоцноос агаарт шатахуун хүлээн авах төхөөрөмжөөр тоноглогдсон. Агаарт давтамжтайгаар цэнэглэж буй тохиолдолд онгоц агаарт долоо хоног (түүнээс ч илүү) байх боломжтой. Түүний агаарт ажиллах хугацаа нь, зөвхөн хөдөлгүүрийн тосны системд газрын тосны үйлчилгээ хийх хугацаагаар хязгаарлагддаг. E-4B онгоцыг агаарт бүрэн цэнэглэхийн тулд бүрэн цэнэглэгдсэн KC-1Z5 түлш цэнэглэгч хоёр онгоц шаардлагатай гэж Lastday.club мэдээлжээ.
Онгоцны үнэ 250 сая доллар. Дэлхийн хамгийн үнэтэй онгоцнуудаас хоёрт бичигддэг.
Boeing E-4 анхны нислэгээ 1973 оны 6-р сард хийж, дараа жил нь танилцуулсан. Нийт, энэ загварын дөрвөн онгоц үйлдвэрлэсэн. Энэ онгоцыг 48 жилийн өмнө, 1974 оны 10-р сард Боинг компанийн Эверетт үйлдвэрт үйлдвэрлэсний дараа Агаарын цэргийн хүчинд шилжүүлжээ.
Ерөнхийлөгч Жо Байден Оросын эсрэг эвслийг бэхжүүлэхээр Европт хийх дөрвөн өдрийн айлчлалдаа уг онгоцыг Их Британи явахдаа ашигласан бөгөөд хилийн чанадад чухал даалгаврыг гүйцэтгэхэд тус онгоц "нисдэг Пентагон"-ын үүргийг гүйцэтгэж, үнэ цэнэтэй тусламж үзүүлдэг байна.








