Anu.mn
Саудын Араб элсэн цөлд ирээдүйн гайхалтай хотыг байгуулах шинэ төслөө танилцууллаа

Саудын Араб элсэн цөлд ирээдүйн гайхалтай хотыг байгуулах шинэ төслөө танилцууллаа

Fri Jul 29 2022
Саудын Араб элсэн цөлд ирээдүйн гайхалтай хотыг байгуулах шинэ төслөө танилцууллаа

Саудын Араб хоорондоо 120 километрийн урттай хоёр тэнгэр баганадсан барилгуудаас бүрдэх ирээдүйн толин хотыг босгоно гэж Meduza.io мэдээлэв.
2017 оны намар Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман газрын тосноос хамааралтай хаант улсынхаа эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой Neom хэмээх мега төслийг зарласан бөгөөд уг төслийн хүрээнд тус улсын баруун хойд хэсэгт 26,000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайд гурван бие даасан байгууламж барихаар төлөвлөж байна. Угсаа залгамжлагч хунтайж энэ төслийг Египетийн пирамидууд шиг амбицтай бүтээн байгуулалт болно гэсэн хүлээлттэй байна. Мөн 2021 онд хунтайж Мохаммед бин Салман ирээдүйн хот болох Неомын гурван баганын нэг болох Mirror Line-ийг барих төлөвлөгөөгөө танилцуулж,The Wall Street Journal сонины сэтгүүлчид "дэлхийн хамгийн том байгууламж" болох уг барилгын баримт бичигтэй танилцсан гэж The Wall Street Journal энэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлжээ.

Энэхүү "Шугаман байгууламж" нь 500 метрээс арай бага өндөртэй, бие биенийхээ эсрэг талд байрладаг, олон гарцаар холбогдсон хоёр барилгаас бүрдэнэ. Хотын нийт урт нь 120 орчим километр бөгөөд далайн эрэг, уулархаг, элсэн цөлөөр дайран өнгөрөх аж. Мөн хотыг нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй, авто машингүй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр тог цахилгаан нь хангагдахаар төлөвлөжээ. Цогцолбор дотор өндөр хурдны галт тэрэг нэг захаас нөгөө төгсгөл хүртэл 20 минутаас хэтрэхгүй хугацаанд явж, зорчигчидод үйлчилнэ. Төслийн зохиогчид хотын цэнгэлдэх хүрээлэнг 300 метрийн өндөрт байрлуулж, мөн далайн эрэг дээр усан онгоцны зогсоол хүртэл байгуулахыг хүсч байна. Түүнчлэн иргэдийг хоол хүнсээр хангах үүднээс босоо фермүүдийг барилгын бүтцэд оруулах бодолтой байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хотын хүн ам таваас есөн сая хүртэл байх юм байна. “Босоо, олон түвшин бүхий хот нь уламжлалт, тэгш, хэвтээ хотуудыг сорино. The Line загварт зам, машин, хорт утаанаас ангид ирээдүйн хот суурин газрууд ямар байхыг тусгасан” гэж угсаа залгамжлах ханхүү Ройтерс агентлагт ярилцлага өгчээ.

Neom-ийн барилгын төслийн өртөг 500 тэрбум доллар. Төслийн эхний үе шатыг хэрэгжүүлэхэд 300 тэрбум доллар шаардлагатай гэж Мохаммед бин Салман ярьсан бөгөөд тал орчим хувийг вант улсын төрийн баялгийн сангаас санхүүжүүлж, үлдсэн хувийг хувийн хөрөнгө оруулагчдаас татахыг зорьж байна гэсэн байна.

Neom-ийг Саудын Арабын хөрөнгийн бирж дээр 2024 онд олон нийтэд санал болгохоор төлөвлөж байна. Дор хаяж нэг их наяд риал (ойролцоогоор 250 тэрбум доллар) хөрөнгө оруулалт цугларах төлөвтэй байгаа бөгөөд 2030 он гэхэд угсаа залгамжлах ханхүү дахин таван их наядын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байна. Мөн онд "The Line”-ын зураг төслийг хийж дуусгах ёстой. Уг хотын бүтээн байгуулалт 50 жилийн хугацаанд баригдна гэж үзэж байна.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн