Орегон мужид, санаатайгаар ойн түймэр тавьсан этгээдийг нутгийн иргэд барьж, албаныхныг иртэл модноос хүлж цагджээ.
Thu Jul 28 2022
Орегон мужийн алслагдсан ойд түймэр асаасан гэх этгээдийг нутгийн гурван иргэн барьж, цагдаа нарыг иртэл модонд хүлсэн гэж орон нутгийн шериф мягмар гарагт мэдэгдэв.
Даваа гарагт, АНУ-ын Газар зохион байгуулалтын товчооны ажилтан радиогоор Грантс Пассаас баруун хойд зүгт 25 милийн зайтай ойн зам дээр нэг этгээд түймэр тавьж байна гэж мэдээлсэн ба мужийн болон бүс нутгийн албаныхан тэр даруй арга хэмжээ авчээ. Нутгийн оршин суугчдын туслалцаатайгаар газрын багийнхан мөн гурван нисдэг тэрэг оролцон уг этгээдийн асаасан хоёр түймрийг хурдан дарж чадсан гэж Карри Тойргийн Шериф Жон Уорд хэлсэн байна.
Энэ үеэр мөн орон нутгийн гурван иргэн түймэр тавьсан газрын ойролцоо зам дээр явж байсан сэжигтнийг илрүүлэн саатуулжээ.
"Сэжигтэн, тэдгээр гурван оршин суугчидад нэлээдгүй эсэргүүцэл үзүүлсэн тул тэд түүнийг барьж байхын тулд модонд хүлэхээс өөр аргагүй байсан. Мөн сэжигтэн унаж бэртсэн бололтой байсан тул түргэн тусламжийн багийг хэргийн газар дуудсан.” гэж Уорд мэдэгдэлдээ дурьджээ.
Сэжигтэн нь Орегон мужийн Венета хотын иргэн 30 настай Треннон Смит гэж тогтоогдсон ба эмнэлгийн тусламж эмнэлэг дээр авсны дараагаар Мягмар гарагт, болгоомжгүйгээр гал тавьсан, галдан шатаасан хэргээр Карри Тойргийн саатуулах газар хүргэгдсэн байна. Шүүхийн баримт бичигт түүнийг өмгөөлөгчтэй эсэх талаар бичээгүй ба батлан даалтын бондыг 100 мянган доллараар тогтоожээ.
Түймэр гарсан газар руу зөвхөн Rogue голоор эсвэл Ой хамгаалалт болон Газар зохион байгуулалтын албаны замаар нэвтрэх боломжтой байдаг ба алслагдсан энэ бүс нутагт мод бэлтгэгч нар болон загасчидад зориулагдсан хээрийн постууд л байдаг байна.
"Галыг шуурхай арга хэмжээ авч унтраасан нь гамшгаас сэргийлж, хүний амь нас эрсдэхээс сэргийлсэн" гээд, “Хэрэв түймрийг зогсоож чадалгүй хяналтаас алдсан бол бүс нутгийн бүх оршин суугчид болон аялагчдын гарах замыг хааж болох байсан” гэж Шериф Уорд мэдэгджээ.
Эх сурвалж: cbsnews.com








