Сан Францискогийн нэг дэлгүүр ажилчидаа хэрээс хэтэрч буй хулгай, дээрэмтэй тэмцэх, мөн биеэ хамгаалах чадвартай болгохын тулд кун-фуд сургаж байна.
Wed Aug 24 2022
Калифорниа мужийн Сан Франциско хотын Хятад хороололд үйл ажиллагаа явуулдаг Jade кофе шопын эзэн, ажилчдадаа тус дүүрэгт ихсээд байгаа хулгай, дээрмийн гэмт хэрэгтэй тэмцэхэд нь туслах зорилгоор кун-фугийн хичээл зааж байгаа талаар Fox News-д мэдээлжээ.
“Jade Chocolates” цай, кофены дэлгүүрийн эзэн Минди Фонг тус дүүрэгт хэд хэдэн хулгай гарсны дараа 3-р сарын сүүлчээс эхлэн ажилчдадаа зориулан кунг-фугийн сургалт явуулахаар шийдсэн байна. Тэрээр, “Өдөр бүр ямар нэгэн зүйл тохиолддог. Үнэт эдлэлийн дэлгүүр эсвэл камерын дэлгүүрээс юм хулгайлах, дээрэмдэх, мөн гудамжинд хэн нэгнийг дарамтлах байдал ихэсч байгааг байнга харж, сонсож байна. Хулгай, дээрэм цуврал гэмт хэргийн хэмжээнд хүрээд байна. Тиймээс ийм арга хэмжээ авахад хүрсэн” гэж ярьжээ.
Түүнээс гадна, Сан Франциско хотод Ази гаралтай хүмүүсийн эсрэг үзэн ядалтын гэмт хэрэг 2021 онд 567 хувиар нэмэгдэж, 60 халдлага үйлдэгдсэн байна.
Энэ жил Хятад хороололд гэмт хэрэг цөөн бүртгэгдсэн ч иргэд болон бизнес эрхлэгчдийн санааг зовоосон асуудал хэвээр байгаа юм.
“Jade Chocolates”-ийн тогооч Скотт МакТаггерт сүүлийн зургаан жилийн турш өөрийгөө хамгаалахад анхаарахаас өөр аргагүй байдалд орсноос, “wing tsun” хэмээх хятадын кун-фугийн нэгэн төрлөөр хичээллэх болсон тухайгаа ярьжээ. Тэрээр ажилчиддаа Сан Францискогийн Хятад хороололд байх “wing tsun”-ы сургалтанд суухыг уриалдаг байна.
МакТаггерт, "Би ажилчидаа илүү аюулгүй, илүү биеэ хамгаалах чадвартай байлгахын тулд чадах бүхнээ хийх болно. Ингэснээр тэд айдасгүйгээр амьдрах болно" гэж хэлсэн бол Фонг, “Ажилчид маань хэзээ ч, өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй байдалд орохгүй байгаасай гэж хүсч, найдаж байна. Гэхдээ тийм өдөр ирвэл тэд өөрийгөө хамгаалахад бэлэн байх ёстой” гэсэн байна.
Эх сурвалж: forumdaily.com








