Сан-Францискогийн Домогт цагаачлалын шүүх хаагдана: энд орогнол хүсэгчдийн өргөдлийг хамгийн ихээр зөвшөөрдөг байжээ

Сан-Францискогийн Домогт цагаачлалын шүүх хаагдана: энд орогнол хүсэгчдийн өргөдлийг хамгийн ихээр зөвшөөрдөг байжээ
Сан-Францискогийн гол цагаачлалын шүүхийг гэнэт хаахаар болсон нь, одоо хянагдаж буй 100 мянга гаруй хэрэгт нөлөөлж, үүний улмаас шүүх ажиллагаа улам удааширч, олон мянган цагаач тодорхойгүй байдалд орж, албадан гаргах эрсдэлтэй нүүр тулж байна.
Энэхүү шийдвэрийг АНУ дахь цагаачдын эрхийг хамгаалах хөдөлгөөний гол төвүүдийн нэг байсан бүс нутагт өгч буй хүчтэй цохилт гэж үзэж байна.
Олон арван жилийн турш Сан-Францискогийн цагаачлалын шүүх нь, Калифорнийн Төв хөндий болон Орегон мужийн төв хэсгийн хоорондох өргөн бүс нутгийн цагаачид, АНУ-д үлдэх эрхээ хамгаалахаар ирдэг газар байв. Өргөн бүс харъяалагддаг учираас тус шүүх АНУ-ын хамгийн ачаалалтай шүүхүүдийн нэг болж, жил бүр олон мянган хэрэг хэлэлцдэг байсан юм.
Энэ шүүх орогнол хүссэн өргөдлүүдийг хамгийн өндөр хувьтайгаар зөвшөөрдөг газруудын нэг байсан тул, олон хүн АНУ-д үлдэх боломжтой болдог байжээ. Харин шүүхийг хаах шийдвэр нь, Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын бодлогоо улам чангаруулж буй үед гарч байна.
Сан-Францискогийн Их сургуулийн хууль, цагаачлал судлалын профессор Билл Хинг,“Энэ бол Трампын засаг захиргаанаас өгч буй тодорхой дохио. Тэд орогнол хүсэгчдийг хүлээж авах сонирхолгүй байгаа бөгөөд үүнийг харуулах нэг арга нь, ийм өргөдөлд харьцангуй эерэг ханддаг байсан шүүхийг хаах явдал юм” гэжээ.
100 мянган хэргийг Конкорд руу шилжүүлнэ.
АНУ-ын Хууль зүйн яам оны эхээр, Сан-Францискогийн Монтгомери гудамж дахь 21 танхимтай шүүхийн байрны түрээсийг сунгахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд үүнээс өмнө тус байранд ажиллаж байсан шүүгчид бараг бүгд, ажлаасаа гарсан эсвэл тэтгэвэртээ гарсан байна.
Анх шүүхийг оны эцсээр хаахаар төлөвлөж байсан ч үйл явцыг хурдасгаж, одоо ойролцоогоор 100 мянган хэргийг, Сан-Францискогоос нэг цаг орчим явах зайтай орших Конкорд хотын цагаачлалын шүүх рүү шилжүүлж байна.
Мөн 17 мянга орчим хэрэг Сан-Францискод үлдэх бөгөөд тэдгээрийг ердөө хоёр танхимтай жижиг байранд шийдвэрлэх аж.
Хууль зүйн яам, энэхүү шийдвэрийг зардал хэмнэх зорилготой гэж тайлбарласан боловч, орогнол олгох өндөр хувьтай холбоотой эсэх талаар тайлбар өгөөгүй байна. Орогнол олголтын хувь энэ газарт улсын дунджаас хавьгүй өндөр байв.
2025 оны санхүүгийн жилийн мэдээллээр, Сан-Францискогийн шүүх орогнол хүссэн өргөдлийн зөвхөн 30 орчим хувийг татгалзсан нь, улсын дунджаас хоёр дахин бага үзүүлэлт байжээ.
2004 оноос хойш шийдвэрлэгдсэн орогнолын хэргийн талаас илүү хувь нь, зөвшөөрөгдөж байсан байна.
Цагаачлалын өмгөөлөгчид, Трампын засаг захиргаа шүүгчдийн тоог нэмэгдүүлэхийн оронд шүүхээр хэрэг шийдвэрлүүлэх үйл явцыг улам хүндрүүлэх бодлого хэрэгжүүлж байна гэж шүүмжилж байгаа юм.
Өмгөөлөгч Гассан Шамиэ, “Зорилго нь, шүүхэд хандах босгыг бараг давшгүй түвшинд хүргэх явдал болж байна” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Сан-Франциско нь, АНУ-ын цагаачлалын эрх зүйн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.
1882 оны Chinese Exclusion Act буюу Хятадуудыг хязгаарлах хууль энд хэрэгжиж байсан бөгөөд энэ нь, АНУ-ын түүхэн дэх үндэс угсаагаар ялгаварласан хамгийн алдартай цагаачлалын бодлогын нэг болсон юм.
Үүнээс үүдэн Сан-Францискод албадан гаргалттай холбоотой олон чухал хэрэг хэлэлцэгдэж, зарим нь АНУ-ын Дээд шүүхэд хүртэл хүрч байжээ.
Мөн хотын хуульчид болон ашгийн бус байгууллагууд, олон жилийн турш орогнол хүсэгчид болон бусад цагаачдад үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлсээр ирсэн байна.
Конкордын шүүх одоо гол ачааллыг үүрэх болж байгаа боловч, хэзээ ч бүрэн хэмжээний шүүгчдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагүй байдаг.
2026 оны эхэнд, АНУ-ын цагаачлалын шүүхийн системд 2025 оны эхэн үеэс 25 орчим хувиар цөөн шүүгч ажиллаж байсан бөгөөд нийт 3.5 сая хэрэг дараалалд хүлээгдэж байгаа юм.
Сан-Францискод өмнө нь 21 шүүгч ажиллаж байсан бол, одоо ердөө хоёр шүүгч үлдсэн. Харин Конкордод төлөвлөсөн 21 шүүгчийн оронд, ердөө дөрөв ажиллаж байгаа аж.
Трампын засаг захиргаа, улсын хэмжээнд 130 гаруй цагаачлалын шүүгчийг халсан бөгөөд олон хүн өөрсдөө ажлаасаа гарч эсвэл тэтгэвэрт гарсан байна.
Өмгөөлөгч Гассан Шамиэгийн хэлснээр, түүний хариуцаж буй олон зуун хэрэг одоог хүртэл хуучин шүүхэд бүртгэлтэй хэвээр байгаа бөгөөд сонсголын тов нь ч гараагүй байгаа гэсэн байна.
Зарим сонсголыг бүр 2027, 2028 он хүртэл хойшлуулжээ.
Хуульчид болон хүний эрхийн байгууллагуудын хамгийн их санаа зовниж буй зүйл нь, олон цагаачид, шүүхийн байршил өөрчлөгдсөнийг мэдэхгүй үлдэж, сонсголдоо ирж чадахгүй болох эрсдэл юм. Хэрэв хүн сонсголдоо ирэхгүй бол албадан гаргах ажиллагаанд өртөж магадгүй гэж болгоомжилж байна.
Гэхдээ, Цагаачлалын хэргийн гүйцэтгэх албанаас бүх оролцогчдод шинэ сонсголын тов, байршлын талаар албан мэдэгдэл хүргүүлнэ гэж мэдэгджээ.








