Сан Францискод жолоочгүй роботтакси үйлчилгээнд гарлаа
Sat Jun 29 2024
6-р сарын 25-нд Waymo компаниас, Сан Францискогийн бүх оршин суугчид роботтакси ашиглах боломжтой болсон гэж зарласан бөгөөд захиалахдаа Waymo One програмыг татаж, очих газраа оруулаад л болно гэж мэдэгдсэн талаар CNET мэдээлэв.
Google-ийн толгой компани Alphabet нь, 2009 оноос хойш Сан Франциско хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2022 оны сүүлээр тус бүс нутгаар, автомат машинуудыг явуулж эхэлсэн. Харин Waymo One компани нь, Jaguar I-Pace цахилгаан машин ашигладаг бөгөөд Финикс орчмын бүх оршин суугчид болон Лос Анжелес хотын зарим хэрэглэгчидийн үйлчилгээнд зориулан гаргажээ. Тус компани мөн Остин хотод туршилт хийж байгаа бөгөөд энэ оны сүүлээр үйлчилгээгээ нээх зорилготой байгаа аж.
CNET-ийн тоймч Абрар Аль-Хити , “Эхлээд, ялангуяа жолоочийн суудал хоосон, жолооны хүрд нь өөрөө эргэж байгааг харахад Waymo-гийн машин нь чиглэл, баримжаагаа алдаад байгаа мэт санагддаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа аюулгүй байдал мэдрэгдэж байна. Маш том давуу тал нь, ганцаараа аялах боломж. Мөн, Google Assistant-ийн ачаар дуртай хөгжмөө хүссэнээрээ сонсох боломжтой нь таатай юм” гэж бичжээ.
Сан Франциско хотод Waymo-ийн робот таксины үйлчилгээг долоо хоногийн долоон өдөр, 24 цагийн турш ашиглах боломжтой. Компанийн мэдээлснээр, үйлчилгээ эхэлснээс хойш бараг 300,000 хүн Waymo-гаар үйлчлүүлэхээр захиалсан байна. Үйлчилгээний зардал болон хүлээх хугацаа нь өдрийн цаг, байршлаас хамаарч өөр өөр байгаа ч, хөлс, үнийг Uber эсвэл Lyft-тэй харьцуулж болох юм.
Waymo нь, үйлчилгээгээ хэдийгээр үе шаттай аажмаар эхлүүлсэн ч, асуудалгүй байгаагүй бөгөөд тус компанийн машинууд Сан Францискод дугуйчинтай мөргөлдөж, Финикс хотод пикап машинтай мөргөлдсөн зэрэг хэд хэдэн томоохон осолд өртөж байсан. Тиймээс тус компани эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд программ хангамжаа эргүүлэн татаж, шинэчилсэн ажээ.
Судалгаагаар, Waymo-ийн робот такси нь, Сан Франциско, Финикс хотуудын жолоочтой таксинаас 3.5 дахин илүү ослоос урьдчилан сэргийлж буй нь харагдсан, мөн цагдаад мэдээлэгдсэн ослын тохиолдлуудын дунд хүмүүсийн авсан бэртэл гэмтлийн хувьд 2 дахин бага байсан гэж мэдээлжээ.
Харин өрсөлдөгч автомат жолоодлоготой Cruise такси үйлчилгээний хувьд, аюулгүй байдлын үүднээс мөн шүүмжлэлд өртсөөр байгаа юм. Калифорнид машинуудын нэг нь явган зорчигчийг мөргөснөөс хойш түр хугацаагаар зогсоогоод байна. Тус компани энэ сарын эхээр Даллас дахь үйл ажиллагаагаа сэргээж, эхний үед жолооч нартай явуулж, аюулгүй байдлыг нь бүрэн шалгасны дараа л машинуудаа бүрэн бие даасан жолоодлого руу шилжүүлнэ гэж мэдэгджээ.








