Роботтой хайр: ChatGPT-ийн шинэ хувилбар нь сэтгэл хөдлөлийг таньж, сээтэгнэх чадвартай
Mon May 27 2024
OpenAI, ChatGPT-ийн шинэ хувилбарыг танилцуулсан бөгөөд тэр өмнөхөөсөө илүү хурдан ажилладаг, тайван, мөн бага зэрэг чалчих, бүр багахан сээтэгнэх чадвартай болсон гэж ВВС мэдээлэв.
GPT-4o -г өмнөх хувилбарын бүх хэрэглэгчид, тэр дундаа уг үйлчилгээг ашиглахдаа төлбөр төлдөггүй хүмүүс ч ашиглах боломжтой болно.
Хөгжүүлэгчдийн үзэж байгаагаар энэхүү шинэ хувилбар нь, сэтгэл хөдлөлийг таньдаг, мөн сээтэгнэж чаддаг. GPT-4o нь, зургуудыг уншиж, үзсэн зүйлээ ярилцах, нэг хэлээс нөгөө хэл рүү орчуулах, нүүрний хувирлаас сэтгэл хөдлөлийг илрүүлэх чадвартай. Бот нь өмнөх хувилбаруудаас ялгаатай нь, өмнөх харилцан яриагаа санадаг. Яриаг нь тасалж болохоос гадна ярианы хэмнэл нь хөнгөн. Танилцуулгын үеийн асуулт хариултын хооронд бараг ямар ч саатал гаргаагүй байна.
OpenAI, шинэ функцуудыг аюулгүй байдлыг хангах үүднээс аажмаар нэвтрүүлэх болно гэж мэдэгджээ.
Мөн OpenAI-ийн техникийн ахлах ажилтан Мира Мурати, “Энэхүү шинэ загвар нь хиймэл оюун ухааны салбарыг нэг алхам урагшлуулсан. Бид, машин болон бидний хоорондын харилцааны ирээдүйг харж байна. Бид GPT-4o нь, парадигмыг үнэхээр өөрчилдөг гэж бодож байна." гэж ярьжээ.
GPT-4o-ийн дуут хувилбарыг үзүүлэх үеэр, тэр цаасан дээр бичсэн энгийн тэгшитгэлийг шийдээд зогсохгүй, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэрэгтэй зөвлөмжүүдийг өгсөн бөгөөд компьютерийн кодонд дүн шинжилгээ хийж, итали хэлнээс англи хэл рүү орчуулж, инээмсэглэж буй хүний зураг дээрх сэтгэл хөдлөлийг тайлбарлажээ.
Танилцуулгын үеэр, бот америк аялгатай эмэгтэй хоолойгоор дөхөж очсон хүмүүстэй мэндэлж, магтсан хүнд “Хангалттай, намайг бүр улайлгачихлаа!” гэж хөгжилтэй хариулж байв.
Нэгэн судлаач ботоос, түүний нүүрний хувирлыг уншиж, ямар сэтгэл хөдлөлийг мэдэрч байгаагаа тодорхойлохыг хүсэхэд, GPT-4o, түүнийг "баяр баясгалантай, хөгжилтэй, сайхан инээмсэглэж, догдолсон харагдаж байна. Юу ч болсон бай, сэтгэл санаа чинь өндөр байна. Та эдгээр эерэг сэтгэл хөдлөлийнхөө эх үүсвэрээс хуваалцахыг хүсэхгүй байна уу?"” гэж хариулсан байна.
Гэхдээ, танилцуулгын үеэр бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаагүй. GPT-4o нэг удаад, инээмсэглэж буй хүнийг модон гадаргуу гэж андуурч, мөн түүнд хараахан үзүүлээгүй байсан тэгшитгэлийг шийдэж эхлэсэн байна. Юутай ч хиймэл оюун ухаан, хүмүүсийн найдвартай, аюулгүй туслах болохын өмнө, уртхан зам байгаа нь харагдаж байгаа юм.
Өнөөдөр OpenAI, GPT-4o-г дараагийн үеийн дижитал туслах (Siri эсвэл Alexa гэх мэт) болгох, өмнөх асуултуудыг санадаг, зөвхөн дуу хоолой эсвэл текстээр хариулах чадвартай болгох зорилго тавьж байгаа юм.
“Ерөнхийдөө танилцуулга нэлээд амжилттай болсон ч, GPT-4o нь "байгаль орчинд ээлтэй" эсэх талаар нэг ч үг дурдагдсангүй, хиймэл оюун ухаан нь уламжлалт тооцооллын ажлуудаас хамаагүй их эрчим хүч шаарддаг, мөн ухаалаг байх тусам илүү их тооцоолох хүч шаардна. OpenAI танилцуулга дээр энэ асуудлыг үл тоомсорллоо” гэж шүүмжлэгчид тэмдэглэсэн байна.
Мөн одоогийн байдлаар, шинэ чатботын ашиг тусын талаар хэт хол дүгнэлт хийж болохгүй, хөгжүүлэгчдийн тавилттай танилцуулга нь, бодит хэрэглэгчидтэй харилцахтай ижил зүйл биш юм. Гэхдээ түүний хэтийн төлөв маш сайн байгаа ажээ.








