Оросууд бусад орны иргэншлийг худалдаж авахаар шуурч байна: Тэд хаашаа явахыг хамгийн их хүсч байна вэ?
Fri Jun 17 2022
Хайлтын системийн статистик мэдээгээр Украинд дайн эхэлснээс хойш, Орос улс бусад орны иргэншил, оршин суух зөвшөөрөл худалдан авах хүсэлтээр тэргүүлэгч орон болсон байна. Мөн ЕХ-ны иргэншил авах хүсэлтийн цар хүрээ 550 хувиар өссөн гэж AsiaPlus мэдээлэв.
Украинд дайн эхэлснээс хойш оросын хайлтын системүүдэд “Иргэншил авна", "ЕХ-ны паспорт худалдаж авна", "Яаралтай оршин суух зөвшөөрөл авна" – гэсэн ийм хүсэлтүүдээр дүүрсэн байна. Тэдний олонх нь санхүүгийн хязгаарлагдмал байдал, Орост тавьсан хоригтой холбоотой түр зуурын шийдэл байж болох ч ихэнх нь амьдралаа эхнээс нь эхлүүлэх чөлөөт, нээлттэй, хил дамнасан аж амьдралыг хүсч байна .
ЕХ, АНУ, Их Британи, Канад улсууд хамгийн түрүүнд Украины дайнтай холбогдуулан зарим нэр бүхий оросуудад цагаачлалын хязгаарлалт тавьсан. Хамтарсан мэдэгдэлдээ эдгээр улсууд, хөрөнгө оруулалт хийх цагаачлалын хөтөлбөр, тэр дундаа үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг түдгэлзүүлэхээ мэдэгджээ.
Дайн эхэлснээс хойш гадаад гарсан гурван сая орос иргэдийн дөнгөж 12хон хүн байнгын оршин суух газраа солих эрхтэй хил давсан гэсэн албан ёсны тоо бий. Оросын олон зуун мянган иргэд жуулчны виз эсвэл визгүй нэвтрэх эрхтэй улсуудаар дамжих аргаар бусад улс оронд үлдэх боломжийг хайж байна. Фэйсбүүкийн "Явах цаг боллоо - цагаачлалын тухай бүх зүйл" группт 243,000 орчим дагагч байдаг бөгөөд группын гишүүд Оросоос явсан түүхээ хуваалцаж, хориг арга хэмжээ тавигдсан дайны нөхцөлд бусад улс оронд хууль ёсоор оршин суух боломжийг эрж хайж байна.Telegram-д мөн олон арван мянган оросуудыг нэгтгэсэн, цагаачлах зорилготой группүүд үүсчээ.
Сэтгэгдлүүдээс харахад, ойрхи хөрш улсууд руу явах "уламжлалт" сонголтуудаас гадна, Өмнөд Америк тив нь Оросуудын дунд хурдацтай алдаршиж байна. Үүний шалтгаан нь хямд амьдралын түвшин, дунд зэргийн татвар, түргэн иргэншил авах боломж болон Орост үнэнч улсууд энэ тивд байдаг явдал юм. Бүс нутгийн аль ч улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдээгүй байгаа юм.
Жишээлбэл, Эквадорт оршин суух зөвшөөрлийг Москвад нэгээс хоёр хоногийн дотор хаашаа ч гарахгүйгээр авч, дараа нь оршин суугчийн статусаар тус улсад очиж болно. Дипломыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Эквадор руу илгээснээр алсаас баталгаажуулах боломжтой. Бүх үйл явц нь нэгээс хоёр сар үргэлжилдэг, ойролцоогоор 1000 доллар зарцуулна. Ингэснээр тус улсын оршин суугч болох ба гурван жилийн дараа Эквадорын иргэншил авах болно. Бага татвар, чанартай эм, олон улсын сургууль, далай, жимс жимсгэнэ, уулс, Амазон мөрөн, энэ бүгд бий. Гэхдээ гол зүйл бол гурван жилийн дараа хоёр дахь паспорт авах явдал юм. Удахгүй Эквадорын паспортыг Шенгений бүсэд нэвтрэхийг зөвшөөрнө гэж найдаж байна" гэж Амаркор бичжээ.
Аргентин явах нь бусад орнуудаас хамаагүй хямд, онгоцны тийз авах зардал л гарна, харин хориг арга хэмжээнээс болж хоёр, бүр гурван нислэгээр дамжин нисэх шаардлагатай болно. Эхлээд Оросоос жуулчнаар явах хэрэгтэй, Аргентинд гурван сар хүртэл визгүй байх боломжтой. "Энд иргэншил авах нь маш амархан. Үнэн хэрэгтээ та 173 долларын төлбөртэй өргөдөл илгээхэд л хангалттай. Дараа нь та хуулийн дагуу байнгын оршин суух хүсэлт гаргаж болно. Хоёр жилийн дараа - иргэншил. Гэхдээ хэрэв та гэрлэлт эсвэл үр хүүхдээ дагавал энд байнгын оршин суух эрхийг бүртгүүлсний дараа автоматаар авна. Тиймээс та хурдан хугацаанд бүрэн эрхтэй тус улсын оршин суугч болж, ЕХ эсвэл Их Британид аялах болно. Та ЛГБТ дүрвэгсдэд өргөдөл гаргаж болно, энэ нь ихэд дэлгэрсэн арга. Иргэншлийн зардал хамгийн багатай" гэж энэ улсад эртнээс амьдарч буй Оросын сэтгүүлч Кристина (Аюулгүй байдлын үүднээс Кристина овог нэрээ хэлэхгүй байхыг хүссэн) бичжээ.
Олон тооны цагаачлалын фирмүүд улс орнуудад иргэншил, паспорт санал болгож эхлэжээ. Мөн энэ бизнес маш их өргөжиж, зарим аялал жуулчлалын болон визний агентлагууд үйлчилгээний жагсаалтдаа иргэншил худалдан авах үйчилгээг нэмсэн байна.
Эдгээр компаниудын нэг нь Нэгдсэн виз мэдүүлэх төв юм. Энд Шенгений алдартай виз олгохоос гадна, Вануату арал улсын паспортыг нэг сарын дотор авахыг санал болгож байна. Одоогоор энэ бол хөрөнгө оруулалтын бага шимтгэлтэй манай гараг дээрх хамгийн хурдан иргэншил юм. Нэг хүнд 135 мянган ам.доллар, хоёр ам бүлтэй бол 150 мянган ам.доллар, гурван ам бүлтэй бол 165 мянган ам.доллар байхад л хангалттай. Төлбөрт үйлчлүүлэгчийн зохих шалгалт, Арлыг дэмжих хөтөлбөрт хандивласан мөнгө багтсан болно. Арал руу очих шаардлагагүй, бүх зүйлийг Вануатугийн засгийн газрын зөвшөөрөлтэй лицензтэй төлөөлөгч хийх болно. Хөрөнгө оруулалтынхаа хариуд үйлчлүүлэгч нь иргэний харъяалал, нэг сарын дотор тус улсын паспорттай болж, ЕХ, Их Британи зэрэг дэлхийн 130 улс руу визгүй зорчих боломжтой . Мөн өргөдөл гаргагч нь банкинд данс нээлгэж, олон улсын хэмжээний оффшор компани бүртгүүлэх боломжтой болно гэж Визний нэгдсэн төвөөс мэдээлж байв. Гэвч, 5-р сарын 25-нд ЕХ Вануатугийн паспортыг визгүй нэвтрэх жагсаалтаас хассан байна.
Тус агентлаг Вануатугаас гадна Гренада, Сент Китс ба Невис, Антигуа ба Барбуда, Панам, Сент Люсиа зэрэг газруудын иргэншил санал болгож байна. Үнэт цаасны хөрөнгө оруулалт нь 100,000 долларын үнэтэй боловч баталгаажуулалтыг хүлээхэд гурван сар орчим хугацаа шаардагдах аж.
Мөн паспортын зах зээл дээр Йордан дахь "алтан паспорт" эсвэл энэ улсад оршин суух зөвшөөрөл гэх мэт хувилбарууд гарч иржээ.
Амман дахь бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар иргэний харъяалал авах зардал нь $750,000, харин үл хөдлөх хөрөнгө 282,000 доллараар худалдан авахдаа оршин суух зөвшөөрөл авах боломжтой бөгөөд төлбөрийг төлсөнөөс хойш гурван сарын дотор бичиг баримт нь гардаг байна.
Бага зардлаар, хэдхэн сарын дотор Туркийн иргэншил авахыг санал болгож байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах зардал дор хаяж 250,000 доллар байх ёстой. Энэ бол АНУ руу хурдан гарах боломж хэмээн тус төв танилцуулсан. Гэвч 6-р сарын 13-аас Туркийн засгийн газар иргэний харъяалал олгох үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын доод хэмжээг 60%, өөрөөр хэлбэл 400,000 доллар хүртэл өсгөв. “Сүүлийн хоёр сарын хугацаанд бид Орос, Украины иргэдийн үл хөдлөх хөрөнгө худалдан авах сонирхол асар их байгааг олж харлаа. Туркийн банкууд рублиэр данс нээж эхэлсэн нь гүйлгээг ихээхэн хөнгөвчлөх болно” гэж Анталия дахь барилгын компанийн тэргүүн Али Кемал Гурдал ярьжээ.
Мөн Оросын баячууд хориг арга хэмжээ авахаас өмнө, орон сууц худалдан авч байсан Арабын Нэгдсэн Эмират Улсад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын эрэлт эрс нэмэгджээ.
Оросын дундаж давхаргын хувьд илүү ойр хувилбаруудыг санал болгосон бөгөөд дайны эхэн үед олон оросууд Армен, Гүрж, Казахстан, Серб явж иргэншил хүсээд байгаа аж. Дашрамд дурдахад, Армен, Сербийн хуульд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг тул тус улсуудад амьдрах хүсэлтэй хүмүүс Оросын паспортоо тушаах шаардлагагүй байдаг байна. Эдгээр бүх оронд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж паспорт эсвэл оршин суух зөвшөөрөл худалдаж авах боломжтой гэнэ.
ЕХ-ны хоригийг үл харгалзан олон оросууд Европын орнуудад иргэншил, оршин суух зөвшөөрөл авахыг оролдсоор байна. Үүнийг Google-ийн албан ёсны статистик нотолж байгаа бөгөөд сүүлийн саруудад ЕХ-ны иргэншил худалдан авах хүсэлт 550 хувиар өссөн гэжээ.
Паспортын зах зээлд Румын улс тэргүүлж байна. Интернэт дэх олон арван сайтууд Румын улсын иргэншлийг 1560 доллараар худалдаж авах зар сурталчилгаагаар дүүрэн байгаа ч, ихэнх нь найдваргүй, худал байдаг байна.
Оросын чинээлэг хүмүүсийн амьдрахыг хүсч байгаа газар бол Швейцарь юм. ЕХ-ны гишүүн бус, жижиг, төвийг сахисан улс нь хүчирхэг, найдвартай банкны системээрээ үргэлж алдартай байсан улс. Гэвч, Швейцарь олон жилийн дараа анх удаа Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний багцыг бүхэлд нь дэмжиж, Оросын олигархиуд болон компаниудын хөрөнгө, дансыг битүүмжилсэн. Өнөөдөр энэ улсын иргэншил авах нь маш хэцүү байгаа ч, орон нутгийн цагаачлалын алба оросуудын иргэншил авах хүсэлт, суурьших үйл ажиллагаа нэмэгдэж байгааг анзаарчээ. Цюрихээс ирсэн цагаачлалын хуульч Иван Булгаков “Дайн эхэлсний дараа бид Швейцарийн бичиг баримтыг хүссэн оросуудын маш их хүсэлт хүлээн авсан. – Бид Швейцарь улсад компанийн бүртгэлийн системийг боловсруулсан. Тэдний үүсгэн байгуулагчид AG-ийн олон нийтийн бүртгэлд харагдахгүй байна. Тиймээс бид хуулийн дагуу Швейцарийн иргэн болох администраторын компаниудыг бүртгэдэг. Сүүлийн саруудад Орос, Украины аль алиных нь нэр хүндтэй хүмүүс манайд хандсан. Дээрээс нь энэ системийн татвар 5%. Гэвч дайн эхэлсний дараа хэн ч иргэншил авч чадаагүй тул өргөдлийг хүлээн авахаас татгалзаж байгаа” гэжээ.
Өнөөдөр Оросууд бусад улс оронд хууль ёсны оршин суух статустай болохын тулд луйварчдын хохирогч болохгүйн тулд маш их хүчин чармайлт, мөнгө, тэр дундаа хууль эрх зүйн болон шинжээчийн мэргэшсэн дэмжлэгийн хөлс зарцуулах шаардлагатай байна. Гэхдээ Оросын эсрэг хориг арга хэмжээ нэмэгдэж байгаа энэ үед ихээхэн зүтгэл, хөрөнгө мөнгөөр олж авсан өмч хөрөнгө, иргэншил нь хадгалагдах баталгаа байхгүй байгаа юм. Тухайлбал, Европын холбоо Оросын олигархиудын хэдэн тэрбум еврогийн хөрөнгийг битүүмжлээд зогсохгүй Украиныг сэргээн босгох ажилд илгээхийн тулд тэдгээр хөрөнгийг хураах хуулийн төсөл боловсруулж байгаа гэх мэдээлэл байна. Түүнчлэн Оросуудад хөрөнгө оруулалт хийх зорилгоор олгосон Европын хэд хэдэн “алтан паспорт”-ыг хүчингүй болгоод байгаа юм.
Эх сурвалж: forumdaily.com








