Anu.mn
Орос яагаад Аляскийг АНУ-д худалдсан бэ?

Орос яагаад Аляскийг АНУ-д худалдсан бэ?

Sun Jul 24 2022
Орос яагаад Аляскийг АНУ-д худалдсан бэ?

1867 онд Орос улс Аляскийн нутаг дэвсгэрийг АНУ-д 7,2 сая доллараар худалдсан бөгөөд үүнээс хойш ердөө 50 жилийн дараа америкчууд Аляскаас 100 дахин их орлого олсон ажээ. Аляскыг худалдсан түүхийг Russia beyond the headlines нийтэлжээ.

Цагаан ордны цахим хуудсанд нийтлэгдсэн Аляскийг Орост буцаах тухай өргөдлийг устгахаас өмнө 35,000 гаруй хүний ​​гарын үсэг цугларсан гэдэг. Одоо ч, Америкчууд Аляскийг оросуудаас авсан уу, эсвэл түрээслээд буцааж өгөөгүй юу гэсэн эргэлзээг олон хүн тээж явдаг гэнэ. Хэдийгээр энэ түүхийн талаар иймэрхүү дам яриа явдаг ч, уг хэлэлцээр шударга байсан бөгөөд хоёр талд үүнийг хийх хангалттай шалтгаан байсан ажээ.

Худалдахаас өмнөх Аляска
19-р зуунд Оросын Аляска нь олон улсын худалдааны төв байсан бөгөөд Нийслэл Новоархангельск (одоогийн Ситка) хотод, худалдаачид,АНУ-ын өмнөд хэсэгт шаардлагатай байсан хятад даавуу, цай, тэр ч байтугай хөргөгчийг зохион бүтээхээс өмнө мөс хүртэл зардаг байв. Энд мөн усан онгоц, үйлдвэрүүд баригдаж, нүүрс олборлодог байв. Энэ нутагт их хэмжээний алтны орд байдгийг хүмүүс хэдийн мэддэг байсан гэдэг. Энэхүү асар баялагтай газрыг зарна гэдэг солиотой гэмээр санаа байжээ.

Оросын худалдаачид далайн зааны соёо (зааны яс шиг үнэтэй байсан) болон далайн халиуны үнэ цэнэтэй үслэг эдлэл авахаар энд ирж, бүс нутгийн уугуул иргэдтэй худалдаа хийх замаар олж авдаг байв. Худалдаа наймааг 18-р зууны Оросын бизнесменүүд, зоригтой аялагчид, бизнес эрхлэгчдийн үүсгэн байгуулсан Орос-Америкийн компани (RAC) эрхэлдэг байсан бөгөөд тус компани нь Аляскийн бүх уурхай, ашигт малтмалыг хянаж, бусад улс орнуудтай бие даан худалдааны гэрээ байгуулж, өөрийн далбаа, мөнгөн тэмдэгттэй хүртэл байв. Эдгээр давуу эрхийг эзэн хааны засгийн газраас тус компанид олгож, харин буцаагаад Засгийн газар тус компаниас асар их татвар цуглуулаад зогсохгүй түүний нэлээд хэсгийг эзэмшдэг байсан ба хаан болон түүний гэр бүлийн гишүүд RAC-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд байв.

Оросын Писарро(Pizarro)
Америк тив дэх Оросын суурингуудын гол захирагч нь авъяаслаг худалдаачин Александр Баранов байв. Тэрээр сургууль, үйлдвэрүүдийг барьж, нутгийн иргэдэд төмс тариалах, цайз, усан онгоцны үйлдвэр барих, далайн халиуны худалдааг өргөжүүлэх зэрэг ажлыг зааж хийлгэдэг байсан бөгөөд өөрийгөө "Оросын Писарро" гэж нэрлэж, Аляскад хэтэвчээрээ төдийгүй зүрх сэтгэлээрээ дурласан нэгэн байсан гэдэг. Тэрээр нутгийн уугуул Алеут овгийн удирдагчийн охинтой гэрлэжээ. Барановын үед RAC 1000% -иас дээш, асар их ашигтай ажилласан байдаг. Нас өндөр болсон Баранов огцрох үед, дэслэгч командлагч Хагемейстер түүний оронд томилогдож, цэргийн хүрээний шинэ ажилтнууд, хувьцаа эзэмшигчдийг авчирснаар, зөвхөн тэнгисийн цэргийн офицерууд л компанийн удирдагч байж болно гэсэн журам тогтсон юм. Мөн энэ үеэс RAC компанийн сүйрэл эхэлсэн ажээ.

Бохир удирдлага
Шинэ удирдагчид өөрсдийн цалингаа сансрын өндөр дүнтэй тогтоосноор жирийн офицерууд жилд 1500 рубль (энэ нь сайд, сенаторуудын цалинтай дүйцэхүйц байсан), компанийн захирал 150 мянган рубль авч байв. Тэд нутгийн иргэдээс үслэг эдлэлийг тал үнээр нь худалдаж авч асар их ашиг олдог байснаас тухайн үеийн 20 жилийн хугацаанд Эскимос болон Алеутчууд далайн халиуг бараг бүгдийг устгаж, Аляскыг хамгийн ашигтай худалдаа наймааны төрлөөс нь салгахад хүргэжээ. Энэ хямралын улмаас нутгийн оршин суугчид бослого тэмцэл өрнүүлж эхэлснийг Оросууд эрэг орчмын тосгон руу байлдааны хөлөг онгоцнуудаас буудаж дардаг байв.
Ингээд офицерууд орлогын өөр эх үүсвэр хайж эхлэв. Эндээс л мөс, цайны наймаа эхэлсэн ч, увайгүй бизнесмэнүүд үүнийгээ боломжийн зохион байгуулж чадаагүй аж. Үүнээс болж цалингаа бууруулах нь тэдний хувьд санаанд багтамгүй зүйл байсан тул RAC улсаасжилд 200,000 рублийн татаас авч эхлэв. Гэсэн ч энэ нь ч компанийг аварч чадаагүй юм.

Дараа нь Крымын дайн эхэлж, Их Британи, Франц, Турк Оросын эсрэг байлаа. Далайн замыг холбоотны хөлөг онгоцууд хянаж байснаас Орос улс Аляскийг хангаж, хамгаалж чадахгүй нь тодорхой болов. Бүр алт олборлох ирээдүй ч бүдгэрчээ. Британичууд Аляскийг бүр мөсөн хаавал, Оросууд юу ч үгүй үлдэх вий гэсэн айдаст автсан байна.

Москва, Лондонгийн хоорондох хурцадмал байдал улам бүр нэмэгдэж, харин Америкийн эрх баригчидтай харилцах харилцаа нь урьд өмнөхөөсөө илүү ойр байсан нь хоёр талыг Аляскийг зарах санаанд хүргэжээ. Тиймээс Вашингтонд суугаа Оросын элч Барон Эдуард де Стекл, хааныг төлөөлөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уильям Сьюардтай хэлэлцээ хийж эхэлжээ.

Оросын төрийн далбааг буулгав
Төрийн түшмэдүүд хэлэлцээр хийж байх хооронд хоёр орны олон нийтийн үзэл бодол уг хэлэлцээрийг эсэргүүцэж байв. “Бидний маш их хүчин чармайлт, цаг хугацаа ба хөрөнгө зарцуулсан, алтны нөөцтэй энэ газар нутгийг яагад алдах болж байна вэ?” гэж Оросын сонингууд бичиж, өглөөний цайндаа загасны тос уудаг 50,000 зэрлэг эскимосууд болон энэ “мөсний хайрцаг” Америкт яагаад хэрэгтэй юм бэ? гэж Америкийн хэвлэлүүд шуугиж, бухимдлаа илэрхийлж байв.

Хэвлэл мэдээллийнхнээс гадна Конгресс мөн худалдан авахыг зөвшөөрөхгүй байлаа. Гэвч 1867 оны 3-р сарын 30-нд Вашингтон ДС-д талууд Америк тив дэх Оросын 1,5 сая га газрыг 7,2 сая ам.доллараар буюу нэг акр газрыг 2 центээр (кв.км-ийг 4,74 ам.доллар) зарах гэрээнд гарын үсэг зурсан нь цэвэр бэлгэдлийн шинж чанартай байсан юм.

Тухайн үед Сибирийн, Аляскийн газар нутагтай тэнцэх хэмжээний газар нутаг нь дотоодын зах зээл дээр 1395 дахин өндөр үнэд хүрэх боломжтой байсан. Гэвч нөхцөл байдал маш хүнд байсан тул Оросууд тухайн үнэнд ч зарж чадахгүй болох эрсдэлтэй байв.

Ингээд, газрыг албан ёсоор шилжүүлэх ажлыг Новоархангельск хотод хийсэн. Америк, Оросын цэргүүд тугны шонгийн дэргэд жагсаж, Оросын төрийн далбааг буулгаж эхлэх үед туг дээд хэсэгт орооцолдсон байсныг салгахаар авирсан далайчин тугийг санамсаргүй алдахад оросууд дээр унажээ. Үүнийг америкчууд муу ёр, муу шинж тэмдэг гэж үзсэнээр Новоархангельск хотыг Ситка нэртэй болгож, мөн хотын барилгуудыг шинэчилж эхлэсэн гэдэг. АНУ-ын иргэншил авахгүй гэсэн хэдэн зуун оросуудыг мөн худалдааны хөлөг онгоцоор нүүлгэн шилжүүлсэн ажээ.

Хэсэг хугацаа өнгөрч, "мөсний хайрцаг"-аас алт урсаж эхлэв. Аляскад алтны шуурга эхэлж, АНУ-д хэдэн зуун сая доллар авчирсан юм.

Мэдээж хэрэг Оросын хувьд харамсмаар байсан нь гарцаагүй. Хэрэв Орос улс, гагцхүү авъяаслаг, зоригтой худалдаачид ашиг хонжоо олсноор цэцэглэн хөгжиж байсан, харин түүнийг нь тэнгисийн цэргийн албан хаагчид нурааж дампууруулснаас гай зовлонтой, ашиггүй бүс болон хувирсан энэ газар нутгаа зараагүй бол, дэлхийн томоохон хоёр гүрний харилцаа хэрхэн хөгжих байсныг таашгүй юм.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн