Anu.mn
Одоо АНУ-ын оршин суугчид, бусад улсуудын дүрвэгсдийг ивээн тэтгэж татан авч чаддаг боллоо ...

Одоо АНУ-ын оршин суугчид, бусад улсуудын дүрвэгсдийг ивээн тэтгэж татан авч чаддаг боллоо

Tue Jan 31 2023
Одоо АНУ-ын оршин суугчид, бусад улсуудын дүрвэгсдийг ивээн тэтгэж татан авч чаддаг боллоо

АНУ-ыг, улсын бодлогоос болж эрх нь зөрчигдөж, эрхээ эдэлж чаддаггүй, сэтгэл зүй нь ядарсан, ядуу, чөлөөтэй амьсгалах, амьдрахыг хүссэн дэлхийн олон түмний хоргодох  аюулгүй газар гэж нэрлэдэг. Гэхдээ энэ нэр үргэлж үнэн байдаггүй. Харин одоо, аз болоход америкчуудыг энэ асуудалд оролцож, өөрсдийн гараар шийдэх,  бодит болгох боломж олгосон талаар VOX хэвлэл мэдээлжээ.

Нэгдүгээр сарын 19-нд, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа " Welcome Corps "-ийг эхлүүлсэн бөгөөд энэ хөтөлбөр нь, хэсэг бүлэг америкчууд нэгдэн, дүрвэгсдийг орон нутагтаа суурьшуулах ажлыг шууд ивээн тэтгэх боломжтой болгож байгаа юм.

Сүүлийн үеийн хөтөлбөрүүд нь, тодорхой газар нутгаас (Афганистан, Украйн, Венесуэл) хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд чиглэгдэж байсан бол харин энэхүү шинэ хөтөлбөр нь, АНУ-ын Дүрвэгсдийн тухай хуульд заасны дагуу дэлхийн аль ч газраас хүмүүсийг АНУ-д нүүлгэн шилжүүлэх боломжийг олгож байна.

Welcome Corps хөтөлбөрөөр, та цөөн хэдэн найзуудын хамт цагаачлалын явцыг баталгаажуулахын тулд мөнгө цуглуулах хэрэгтэй болно. Энэ нь цагаачлах боломжгүй эмзэг бүлгийн хүмүүст АНУ-д амьдралаа сэргээх боломжийг олгоно.

Хувийн ивээн тэтгэгчийн бүлгийг, нэг бүс нутагт амьдардаг, насанд хүрсэн дор хаяж таван хүн нэгдэн байгуулах бөгөөд нүүлгэн шилжүүлэхийг хүсч буй нэг хүнд 2,275 доллар байхаар тооцож хамтын хураамжийн сантай болох юм. Энэ мөнгийг ​​ивээн тэтгэгчид нь, эхний гурван сарын хугацаанд дүрвэгчийг орон байр, хоол хүнсээр хангах, ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх, хүүхдүүдээ сургуульд бүртгүүлэх зэрэгт зарцуулж туслах үүрэгтэй.

Энэ нь, ирж буй хүмүүсийг хавчлага, хүчирхийллээс хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, нийгэм эдийн засгийн боломжоор хангах замаар тэдний амьдралыг сайжруулах хүчирхэг арга болдог бөгөөд мөн шинээр ирсэн хүмүүсийн ойр тойрныхон, та болон таны хөршүүд гэх мэт бүх хүмүүсийн амьдралыг хамтад нь сайжруулдаг, мөн шинэ бизнес нээгдэх зэрэг нийгэмд бүхэлдээ ашиг тусаа өгөх магадлал өндөр байдгийг судалгааны үр дүн харуулсан байна. Канад улсад, үүнтэй төстэй хувийн ивээн тэтгэх хөтөлбөр сүүлийн 10 жилийн хугацаанд амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байгаа ажээ.

Хувь хүмүүс нэгдэн дүрвэгсдийг шууд ивээн тэтгэх тохиолдолд, тэдэнд илүү олон нийгмийн дэмжлэгийг санал болгож чадна, энэ нь олон мянган дүрвэгсэдтэй ажилладаг засгийн газрын агентлагуудтай харьцуулшгүй бөгөөд тодорхой дүрвэгсэд эсвэл дүрвэгсдийн гэр бүлд анхаарлаа хандуулж дэмжлэг үзүүлдэгтэй нь холбоотой юм.

Олон улсын дүрвэгсдийн төслийн хувийн ивээн тэтгэх хөтөлбөрийн захирал Элизабет Фойдел, -"Дүрвэгсэд эх орноосоо дүрвэх үедээ, нийгмийн харилцаа холбоо, нийгмийн капиталаа алддаг. Энэ бол  хувь хүмүүсийн хувьд, бүхнийг шинээр эхлэх, дасан зохицох зэрэг үнэхээр хэцүү зүйл юм. Гэхдээ хэрэв, хувийн бүлэг ивээн тэтгэх тохиолдолд, дүрвэгч тухайн бүлгийн бүх нийгмийн холболтыг ашиглах боломжийг олж авах бөгөөд магадгүй нэг эсвэл өөр нийгэмлэгт нэгдэхэд нь илүү хялбар байх болно.” гэсэн байна.

Гэсэн хэдий ч, энэ бол засгийн газрын ажил юм. Тийм ч учраас Welcome Corps  хөтөлбөрийг сурталчлах нөлөөллийн бүлгүүд, хувийн ивээн тэтгэлгээр АНУ-д ирж буй дүрвэгсдийг төрөөс дэмждэг уламжлалт шилжин суурьшихаар ирэгсдийн тоонд нэмэлтээр оруулахыг шаардаж, үүнийг Төрийн департамент зөвшөөрч байгаагаа тодорхой илэрхийлээд байна. Энэ нь, хувь хүмүүс дүрвэгчийг ивээн тэтгэснээр, АНУ-д ирэх нийт дүрвэгсдийг хүлээн авах боломжийг нэмэгдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.

Улс оронд нь нүүрлэсэн аюул, хямралаас үүдэлтэй афганчууд эсвэл украинчуудад зориулсан өмнөх түр хөтөлбөрүүдээс ялгаатай нь, Welcome Corps нь байнга ашиглагдах зорилготой байгаа бөгөөд энэ нь, уламжлалт шилжин суурьших үйл явцыг нөхөхөд тус нэмэр болно гэж найдаж байна.

Яагаад АНУ дүрвэгсдийн асуудалд бүтэлгүйтсэн бэ?  Байден, 2022 оны санхүүгийн жилд, 125,000 дүрвэгчийг нүүлгэн суурьшуулах албан ёсны зорилго тавьсан бөгөөд дэлхий даяар шилжин суурьшилт нэмэгдэж байгаатай холбоотой энэхүү амбицтай зорилтыг тавьсан гэвч, ердөө 25400 орчим иргэнийг нүүлгэн суурьшуулсан ажээ.

Фойдел, - "Бидний тухай, АНУ-нь аюулгүй газар, цагаачдын үндэстэн гэх мэтээр олон үлгэр домог байдаг. Мөн удаан хугацааны турш АНУ, нүүлгэн шилжүүлэлтийн хувьд анхны улс байсан. Миний бодлоор, өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бид бүтэлгүйтснээ хүлээн зөвшөөрөх ёстой. Нэлээд мэдэгдэхүйц бууралт харагдаж байгаа" гэсэн байна. АНУ-ын Дүрвэгсдийн тухай хуульд гарын үсэг зурсан 1980 оны өндөр түвшинтэй харьцуулахад, хүлээн авсан хүмүүсийн тоо ерөнхийдөө буурсан байна. Хэрэв 40 гаруй жилийн өмнөхийг харвал, дүрвэгсдийг суурьшуулах асуудал хоёр намын асуудал байсан нь харагддаг. Тухайлбал, Жорж Буш, Барак Обамагийн алба хашсан он жилүүдийг харьцуулж болно. Хэт улс төржилт нь, эцэстээ дүрвэгсдийн тоонд нөлөөлж эхэлсэн нь харагддаг. 9-р сарын 11-ний халдлага бол хугарлын цэг болсон гэж Фойдел ярьж байв. Тэр цагаас хойш дүрвэгсэдийн асуудал, ялангуяа Ойрхи Дорнодын дүрвэгсдийг улсын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж үзэх болсноор шалгалтын үйл явц маш хатуу болж, урт бөгөөд хүнд хэцүү үйл явц болон хувирчээ.

Дараа нь Дональд Трампыг ерөнхийлөгч байх үед, 45 дахь Ерөнхийлөгчийн засаг захиргаа дүрвэгсдийн хүлээн авалтыг түүхэн доод хэмжээнд буюу 15 мянган хүн болгон бууруулсан. Дүрвэгсдийн агентлагуудын санхүүжилт дүрвэгсдийн дээд хязгаартай холбоотой тул агентлагууд ажилчдаа цомхотгож, оффисуудаа хаахаас өөр аргагүйд хүрчээ. COVID-19 тахалтай холбоотой хязгаарлалтууд нь дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг удаашруулахад мөн гол үүрэг гүйцэтгэсэн. АНУ-ын хүн амын аравны нэгтэй тэнцэх хүн амтай Канад улс, нүүлгэн суурьшуулалтаараа Америкийг гүйцэж түрүүлжээ. Байдены үед, АНУ хэт удаан, удаашралтай ч, нүүлгэн шилжүүлэлтийн дэд бүтцийг сэргээхийг оролдсон. Тус агентлагууд одоо байгаа өчүүхэн нөөц боломжоороо олон мянган афганчууд, украинчууд болон бусад хүмүүст үйлчлэх гэж оролдож, хүчээ дахин сэргээн босгох харамсалтай байдалд ороод байна.

Хувийн ивээн тэтгэгчийн бүлэг үүсгэх 6 алхам

Хувийн ивээн тэтгэх хөтөлбөр нь, хоёр хувилбараас бүрдэнэ. Нэг: Ивээн тэтгэгч нь, тодорхой хэн нэгэн (жишээлбэл, гадаадад хамтран ажиллаж байсан хүн)  хүнийг нүүлгэн суурьшуулахаар нэр дэвшүүлж болно. Жишээлбэл, Бангладешд олон улсын сурвалжлагч байхдаа хамт ажиллаж байсан хүнээ ивээн тэтгэхийг хүсэх. Хоёр: Хэрэв ивээн тэтгэгчид, товлосон тодорхой дүрвэгч байхгүй  бол системд аль хэдийн орсон хүнтэй холбогдож болно. Ингэснээр түүнийг, бичиг баримтын боловсруулалтад нь олон жил шаардагдах маш урт дарааллаас гарахад нь туслах болно.

Хэрхэн туслах вэ:

  1. Тав ба түүнээс дээш насанд хүрэгчдийн бүлгийг бүрдүүлэх.
  2. Бүлгийн гишүүн бүр намтраа шалгуулах. Энэ бол гэмт хэргийн бүртгэлийг шалгах онлайн үйл явц юм.
  3. Бүлгийн гишүүдийн нэг нь, онлайн сургалтанд хамрагдах. Ингэснээр, ивээн тэтгэгчийн тойргоо хэрхэн чадварлаг, амжилттай болгох талаар зөвлөгөө авна.
  4. Welcome Corp-ын төлөвлөгөө гаргана. Үүнийг хийхийн тулд та орон нутагтаа ажил, хэлний бэлтгэл гэх мэт хэрэгцээт нөөцийг судлах хэрэгтэй. 2-р сарын 1-ээс эхлэн Лхагва гараг бүрийн 19:30-д албан ёсны дэмжлэг үзүүлэх уулзалтууд дээр угтан авах төлөвлөгөөгөө гаргахад туслах болно. Мөн энгийн үүрэг амлалтын маягтанд гарын үсэг зурах хэрэгтэй.
  5. Хөрөнгө босгох. Таны хүлээж авах дүрвэгсэд тус бүрт зориулах 2275 доллар танд  байгаа гэсэн банкны хуулга эсвэл бусад нотлох баримт хэрэгтэй болно.
  6. Өргөдлийн маягтыг бөглөх. Та 1-5-р алхамуудыг хийхэд ердөө 10 минут л орно.

Тэгээд л болоо! Хэрэв таны бүлэг идэвхитэй байвал, энэ үйл явцыг хэдхэн долоо хоногийн дотор хялбархан хийж дуусгах боломжтой. Та өргөдлөө өгсний дараа хариу ирэх хүртэл хэдэн долоо хоног болно. Хэрэв таны өргөдлийг зөвшөөрвөл нэгээс хоёр сарын дараа та ивээн тэтгэсэн дүрвэгсдээ өөрсдийн бүлэгтээ хүлээн авах болно.

Сүүлд нэмэгдсэн