Anu.mn
Нью Йорк хотод 90 жилийн турш хотын хамгийн баян дээрэмчний эрдэнэсийг хайж байгаа хүмүүс ...

Нью Йорк хотод 90 жилийн турш хотын хамгийн баян дээрэмчний эрдэнэсийг хайж байгаа хүмүүс өнөөг хүртэл амжилт олоогүй байна

Wed Oct 12 2022
Нью Йорк хотод 90 жилийн турш хотын хамгийн баян дээрэмчний эрдэнэсийг хайж байгаа хүмүүс өнөөг хүртэл амжилт олоогүй байна

Америкийн 1920-иод он бол кабаре, тайзан дээрх өдтэй гоо үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн тоглолт, мөрийтэй тоглоомын газрууд, архины хориг, мафийн эсрэг ард түмний тэмцэл зэргээр илэрхийлэгддэг. Тэр үеийн гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд АНУ-ын хамгийн баян хүмүүс байсан бөгөөд мөнгөний хувьд хулгайч, рэкетчин, гангстер Голланд Шульц олны дунд онцгой баян байсан талаар Onliner дэлгэрэнгүй нийтэлжээ.

20-р зууны эхэн үед түүнийг Нью-Йоркийн хамгийн баян гэмт хэрэгтэн гэж үздэг байв. Согтууруулах ундааны хоригийн үед, мафиозууд хэдэн зуун сая доллар олсон байна. Гэвч тэрээр 2 долларын цамц өмсөж, геттод амьдарч, цент бүрийг хэмнэдэг байв. Сонирхолтой нь Шульцыг нас барсны дараа түүний бүх хадгаламж ор мөргүй алга болжээ.

Голланд Шульц нь Голланд гаралтай биш, бас Шульц гэдэг нэртэй байгаагүй, Артур Флегенхаймер гэдэг байжээ. Тэр зүгээр л энэ хочоо Нью-Йоркийн өөр нэг алдартай дээрэмчнээс хулгайлсан бөгөөд найзууд нь түүнийг цэнхэр нүдтэй, биерхүү, түрэмгий жинхэнэ Шульцтай маш адилхан гэж ярьдаг байв. Түүний  хэлэхэд төвөгтэй овог нэр нь нэрд гарахад нь саад болохоос айж, илүү дуулиантай зохиомол нэрийг сонгосон гэдэг. Артур-Шульц 1902 онд Германаас ирсэн еврей цагаачдын гэр бүлд төржээ.

Тэрээр Ирланд, Италичуудын дунд Бронксын ядуусын хороололд, багаасаа гэмт хэргийн мөргөлдөөнийг харж өссөн. Эх эцгийнх нь салалт, ядуурал зэрэг нь түүний ирээдүйн хувь заяаг тодорхойлсон. Голланд, хэсэг хугацаанд шударгаар орлого олохыг хичээж, шуудан зөөж, шуудангийн ажилтан болж, будагчин хийж үзсэн бөгөөд дараа нт шөнийн клубт ажилд орж, шоо тоглоомын бооцоо хулгайлдаг болсон.  Тэгээд тэр хамтран ажиллагсад, жижиг мафиозуудыг нэгтгэж хулгай дээрмийн бүлэг байгуулсан. Шульц анх 17 настайдаа шоронд орж, тэнд нэр хүндтэй дээрэмчидтэй нөхөрлөж чадсан байна. Суллагдсаныхаа дараа Голланд эр Италийн мафийн толгойлогч Лаки Лучано, Мейер Лански нартай танилцжээ. Мөн энэ үед АНУ-д “Хуурай хууль ”хэрэгжиж эхэлснээр, Жой Ное хэмээх дээрэмчин түүнийг Нью Жерсигээс хууль бусаар шар айраг тээвэрлэхийн тулд хөлсөлжээ. Удалгүй залуу мафиоз Ноегийн бизнесийн бүрэн эрхт хамтран эзэмшигч болжээ. Тэд хамтдаа маш олон, чанар нь маш эргэлзээтэй нууц шар айрагны үйлдвэрүүдийг нээж эхлэв. Нью-Йоркийн барменууд хүмүүсийн өвдөгний үеийг ноцтой гэмтээхгүйн тулд Шульц, Ное хоёрын дарсыг их хэмжээгээр асгах гэж оролддог байсан ч дийлээгүй гэдэг. Голландын бүлэглэлийнхэн, өрсөлдөгчдөө дэгээнд эрхий хуруугаар нь өлгөх, нүдэнд нь заг хүйтэн өвчний шүүрэл бүхий даавуун боолт хийх зэрэг санаанд оромгүй харгисаар шийтгэж устгадаг байв.

23 настайдаа Шульц Нью-Йоркийн шар айрагны хаан болж, анхны сая доллараа олжээ. Мафийн капиталыг орчин үеийнхтэй харьцуулахын тулд энэ хэмжээг хориор үржүүлдэг. Хамтарсан бизнесийн жилийн эргэлт нь 20 сая доллараас илүү (орчин үеийн мөнгөөр ​​400 сая доллар) байв. Эдгээр нь 1920-иод оны Америкийн томоохон мафийн бизнесийн жишгээр ч гэсэн асар их дүн юм.

Архины хориг хэрэгжихээ болиход Голланд орлогын шинэ эх үүсвэр хайх шаардлагатай болсон. 1930-аад оны эхээр мафийн дээрэмчид үйлдвэрчний эвлэлүүдийг нээж, бизнес эрхлэгчдийг албадан оруулах ажлыг зохион байгуулав. Үйлдвэрчний эвлэлийн их хэмжээний татвар төлөхөөс татгалзсанд нь ажилчдыг нь ажил хаяулж, оффисын барилгад нь бөмбөг дэлбэлэх маягаар шийддэг байв. Ийнхүү Шульцын удирдлаган дор Нью-Йоркийн бүх шилдэг ресторан, цайны газруудын хувьд хар дарсан зүүд мэт нийтийн хоолны ажилчдын эрхийг хамгаалах нийгэмлэг гарч ирсэн.

Голланд мөн нууц сугалаа зохион байгуулж, өдөр бүр цэцэрлэгт хүрээлэнд санамсаргүй унах тоон дээр бооцоо тавьдаг байв. Нягтлан бодогч Отто Берманы боловсруулсан схемийн ачаар гангстер үргэлж хождог байв. Берман бол математикийн суут ухаантан байсан. Хэдхэн секундын дотор тэрээр хожлын хослол болон эцсийн мөчид байршуулах ёстой тоог тооцоолж, бүх мөнгийг авах чадвартай байсан. Үүнийхээ төлөө Отто долоо хоногт 162 мянган доллар (одоогийн мөнгөөр) авдаг байв.

Тухайн үед Голландын бүлэглэл нь Нью-Йоркийн мафийн, домогт таван гэр бүлтэй өрсөлдөх чадвартай цорын ганц гэмт хэргийн байгууллага гэж тооцогддог байсан бөгөөд Голландын гаж харгис хэрцгий занд тавуулаа дургүй байв. Шульцын хувьд хүн буудах нь шүдээ чигчлэхтэй адил байв. Дургүйцсэн хүнийхээ зүрхийг цаасны хутгаар тасалж авна. Харин мафийн таван овгууд хүндэтгэлийн дүрмийг баримталж, харилцан ашигтай ажиллахын тулд цагдаа нартай хамтран ажиллахыг хичээдэг байв. Мөн Голландын зохион байгуулалттай гэмт бүлэглэл хэнийг ч үл харгалзан, эмх замбараагүй дайралтаа хийсээр байсан. Мэдээж цагдаа нар үүнийг тэсэхээ больж,  Жей Эдгар Гувер Голланд Шульцыг олон нийтийн номер нэг дайсан гэж зарлаж, алдарт прокурор Томас Дьюи дээрэмчний хэргийг гардаж авав. 1935 онд бухимдсан Шульц Дьюигийн амийг хөнөөх тушаал өгчээ. Үүнд тэвчээр нь барагдсан мафийн боссууд Голланд эрд өөрсдөө хар тэмдэг тавьжээ.

1935 оны 10-р сарын 23-нд Шульц, Берман мөн хоёр бие хамгаалагч нарын хамт зоогийн газарт оройн зоог барьж байхдаа гэмт этгээдүүдэд буудуулж нас баржээ.

Дээрэмчний гурван хамтрагч тэр дороо нас барж, харин Голланд эр хэд хоног ухаангүй амьд байв. Орных нь дэргэд цагдаа нар, гэмт хэрэгтэнээс хэрэгтэй мэдээлэл авах санаатай манадаг байж. Шульцын үхэхээсээ өмнө дэмийрсэн, "хэзээ ч уйлдаггүй хүү", "Бисквит нохой", мөн “түүнийг олон сая доллараас болж  хөнөөсөн”, "бүгдийг нь худалдаж авахад хангалттай нуусан мөнгө байгаа" гэж бувтнаж байсан нь тайланд бичигдсэн байна.  Шульцын алдагдсан эрдэнэсийн тухай домог үүнээс эхтэй бөгөөд эрдэнэсийн анчдын сэтгэлийг амараахгүй байгаа аж.

Үхэж буй гэмт хэрэгтний бувтнах нь эрдэнэс байгааг батлахгүй. Гэхдээ Шульц асар том ус нэвтэрдэггүй сейф захиалсан гэх баримт бий. Олландетын зарим хамсаатных нь хэлснээр тэдний дарга 138 сая орчим долларын мөнгөн тэмдэгт, үнэт цаастай байжээ. Тэрхүү мөнгөтэй сейфийг мафиозууд Нью Йоркоос 200 км-ийн зайд орших Катскилийн нуруунд нуусан байх магадлалтай гэж үздэг. Шульцын амьдралын хэв маяг нь, мөнгөө гэртээ хадгалдаг, хаа нэгтээ хөрөнгө оруулаагүй гэдгийг харуулдаг. Мөн  Голланд эр аймшигтай харамч гэгддэг байв. Жишээлбэл, дээрэмчин “Азтай” хэмээх Лучано, - "Сая сая доллартай жирийн залуу, гэхдээ тэр гахай шиг хувцасладаг. Тэрээр костюманд 35 доллараас илүү мөнгө зарцуулдаггүй гэж сайрхдаг. Хоёр хос өмдтэй. Түүний хувьд өөрийнхөө тухай сониноос унших нь л амжилт юм." гэж ярьсан байдаг. Нэг домогт өгүүлснээр Шульцын эрдэнэс хэд хэдэн хэсэгт хуваагддаг. Үнэт цаастай нэгийг нь мафийнхан Исоп Крик голын ойролцоо нуусан гэж таамагладаг. Үүнийг яг энэ голын нэрийг дурдаж, бонд, ямар нэгэн "төмөр авс"-ны тухай Голланд үхэж байхдаа хэлж байсан үгс, мөн Шульцын нууц амраг энэ газрын ойролцоо амьдардаг байсан зэрэг нь итгэхэд хүргэдэг .

Эрдэнэсийн эрэлчид Финикия хотын эргэн тойронд металл илрүүлэгч болон нисгэгчгүй онгоцоор эрж хайж байна. Ийм жуулчид ихээр ирж байгаа нь Голландын хэлсэн “Чамайг чөтгөр бүү татаг” гэсэн үгтэй холбоотой. Финикийн хажууд "Чөтгөрийн булш" гэж нэрлэгддэг бул чулуу, "Чөтгөрийн нүүр" хадны ирмэг байдаг. Бүх зүйл яг таарч байгаа боловч өнөөг хүртэл тэндээс ч, хаанаас ч жинхэнэ эрдэнэсийн шинж тэмдэг олдоогүй байна. Эдгээр эрэлчидээс Канадчууд Райан Фазекас, Стив Зазулик нар эрдэнэсийн эрэлд хамгийн хол явсан нь юм. Тэд Шульцын хувийн эд зүйлсээс олдсон Катскилл дахь ойд дотор нь 1903 оны хэд хэдэн зоостой мафиозуудын  хонгилыг олж чаджээ. Гангстерийн эрдэнэс гэж огт байгаагүй, эсвэл өөр мафиозууд аль эрт ухаад авчихсан байх ч магадлалтай юм.  Шульц мөнгө хаана байгааг хэн нэгэнд хэлсэн эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв эрдэнэс нь хадны дунд байгаа бол түүнийг нас барснаас хойш бараг 90 жилийн дараа хэн ч түүнээс нэг ч цент хулгайлж чадахгүй байгаад Голланд хүн сэтгэл хангалуун байгаа нь дамжиггүй юм.

Сүүлд нэмэгдсэн