Нью-Йорк дахь орон гэргүй хүмүүсийн тоо түүхэн дээд хэмжээндээ хүрчээ
Tue Dec 20 2022
Нью-Йорк дахь орон гэргүй хүмүүсийн асуудал багасахгүй байгаа бөгөөд Орон гэргүйчүүдэд туслах эвслийн мэдээлснээр тус хотод орон гэргүй хүмүүсийн тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Шөнө хоргодох байранд унтдаг хүмүүсийн дундаж тоо аравдугаар сард бараг 66,000 болж өссөн гэж Fox5 NY мэдээлэв.
Үүний гол шалтгаан нь хотыг хямд үнэтэй орон сууцаар хангаж чадаагүйтэй холбоотой гэж тус эвслийнхэн үзэж байна. Хоёрдугаар сард хотын дарга Эрик Адамс метроны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөгөө эхлүүлж, амжилтаа нэг бус удаа тэмдэглэж байсан. Гэсэн ч метроны буудлуудаас гаргаж, хоргодох байранд байрлуулсан орон гэргүй хүмүүсийн 70 орчим хувь нь, долоо хоногийн дотор хоргодох газрыг орхисон болохыг тоо баримт харуулсан байна. Хоёрдугаар сараас наймдугаар сар хүртэл 2300 орчим орон гэргүй хүмүүсийг метроноос хоргодох байранд шилжүүлсэн ч, эдгээр хүмүүсийн ердөө 30% нь хамгаалах байранд долоо хоногоос дээш хугацаагаар үлдсэн байна. Эдгээр хоргодох байрууд орох гарах цаг заах, хөл хорио тогтоох гэх мэт хатуу дүрэм журамтай байдаг байна.
Хотын даргын саяханаас хэрэгжүүлж эхэлсэн, “сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай” орон гэргүй хүмүүсийг гудамж, метроноос албадан баривчилж, татгалзаж байсан ч эмнэлэгт хүргэж шинжилгээнд хамруулна гэсэн бодлого нь, нэлээдгүй шүүмжилэл дагуулсан. Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд төлөвлөгөөг үгүйсгэж, энэ нь хүний үндсэн эрхийг хасдаг гэсэн бол Хүний эрхийн төлөө тэмцэгчид "Хямдхан орон сууц" нь орон гэргүйдлийг багасгах хамгийн зөв шийдэл гэж үзсэнээ илэрхийлжээ.
Харин хотын дарга Адамс,-“Энэ бол үндсэн хэрэгцээгээ хангах боломжгүй жижиг, тодорхой бүлэг хүмүүс. Тэд сэтгэцийн өвчтэй, өөрсдөдөө болон бусдад аюул учруулж байна. Үүнтэй холбоотой цагдаагийн ажилтнуудыг сэтгэцийн эрүүл мэндийн нэмэлт сургалтад хамруулж байна. Мөн энэ бодлого тусламж хэрэгтэй хүмүүст туслах арга хэлбэр юм” гэж тайлбар өгчээ.








