Anu.mn
Нислэгээ хойшлуулдаг, цуцлах нь элбэг байдаг Америкийн авиа компаниуд

Нислэгээ хойшлуулдаг, цуцлах нь элбэг байдаг Америкийн авиа компаниуд

Sun Oct 30 2022
Нислэгээ хойшлуулдаг, цуцлах нь элбэг байдаг Америкийн авиа компаниуд

АНУ-ын агаарын тээврийн компаниуд маш хүнд жилийг туулж, нийт нислэгийн 22 гаруй хувь нь саатал, цуцлалтад өртөж, зарим нь бусдаасаа илүү олон асуудалтай тулгарсан . Аль компаниуд нислэгээ ихэвчлэн цуцалж, хуваарийг нь өөрчилдөг талаар Travel and Leisure сэтгүүлд мэдээлжээ.

Ерөнхийдөө, Тээврийн товчооны статистик мэдээгээр, 2021 оны 7-р сараас 2022 оны 7-р сар хүртэлх хугацаанд, АНУ-ын шилдэг 10 агаарын тээврийн компаниудын нислэгүүдийн 77.13% нь, цаг хугацаандаа үйлдэгдсэн байна. Харин үүсч байсан асуудлуудад агаарын тээврийн компаниудаас үүдэлтэй саатал, цаг агаар, онгоц хоцрох гэх мэт бүх зүйл орсон байна. Мөн өнгөрсөн жилийн нийт саатлын 7.83 хувь нь, агаарын тээврийн компаниудаас болсон ажээ.

Мэдээлэлд дурдсанаар, Allegiant Air-ын 2021 оны 7-р сараас 2022 оны 7-р сарын хооронд цаг тухайд нь асуудалгүй  үйлдсэн нислэг нь нийт нислэгийнх нь ердөө 61.96% байгаа нь, шилдэг 10 агаарын тээврийн компаниудын дунд хамгийн бага хувийг эзэлжээ. Allegiant-ын саатал, цуцлалтын 8.45% нь агаарын тээвэрлэгчийн буруугаас, 4.34% нь бусад хүчин зүйлээс шалтгаалсан байна.

Allegiant-ын хэвлэлийн төлөөлөгч, -“Цаг агаарын байдал зэрэг гадны хүчин зүйлсээс гадна нислэгийн эрэлт хэт их байсан мөн боловсон хүчний хомсдолоос болсон гэж саатлын шалтгаанаа тайлбарласан бөгөөд "100% амраах тав тухыг хангах зорилготой агаарын тээврийн компанийн хувьд, бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажилладаг. Гэхдээ нислэгийн саатал ямар их урмыг нь хугалдаг болохыг үнэхээр ойлгодог. Бид ажилчдыг татах, хадгалахын тулд нэмэлт урамшуулал олгох, цалин нэмэх, уян хатан ажлын цагаар ажиллуулах гэх мэт нэмэлт урамшуулал санал болгосноор ажиллах хүчний хомсдолыг бууруулахаар идэвхтэй ажиллаж байна." гэсэн байна.

Allegiant-ийн араас JetBlue орж, мөн хугацаанд 65.57%-ийн сааталгүй нислэг үйлдсэн байна. JetBlue-ийн нийт асуудлын 13.47% нь тээвэрлэгчтэй холбоотой асуудал байсан.

JetBlue-ийн төлөөлөгч, "Цаг агаарын нөхцөл хүнд, ачаалал ихтэй зүүн хойд коридорт" олон тооны нислэг үйлдэж байгаа нь сааталд нөлөөлж байна гэж онцлон дурджээ.

Харин Hawaiian Airlines нь АНУ-ын томоохон агаарын тээврийн компаниудаас хамгийн өндөр буюу нийт нислэгийнхээ 85.43%-ийг цаг тухайд нь гүйцэтгэсэн байна. Түүний араас Delta Air Lines орж, 83.32%-ийн гүйцэтгэлтэй байна.

Хэдийгээр агаарын тээврийн компаниуд хямралыг даван туулахын тулд зуны улиралд нислэгээ бөөнөөр нь цуцалж, багасгах шаардлагатай болсон ч одоо байдал сайжирч байна. Гэхдээ өвлийн амралтын улирал илүү их сорилтуудыг авчирч магадгүй гэж AirHelp-ийн контент хариуцсан дарга Алис Марискотти-Ваятт ярьж байв.

"Нислэгийн тоо дахин нэмэгдэхийн хэрээр  цуцлалт, саатал нэмэгдэх магадлалтай" гэж Марискотти-Ваятт сануулаад, үдээс өмнөх нислэг захиалах, цөөн нислэгтэй мягмар, лхагва гаригт нисэх гэх мэт бэрхшээлээс зайлсхийхийн тулд аялагчид хэд хэдэн зүйл хийж болно гэж үзэж байгаагаа хэлэв. Үнэн хэрэгтээ AirHelp-ийн мэдээлснээр Мягмар гарагийг долоо хоногийн хамгийн ачаалалтай өдрүүдийн нэг гэж үздэг бөгөөд 1-р сараас 10-р сар хүртэл дунджаар 849,000 гаруй нислэг үйлддэг. Үүний зэрэгцээ, мягмар гаригт цуцлагдсан нислэгийн тоо хамгийн бага буюу ердөө 1.54% байна.

Гэхдээ асуудал гарах нь гарцаагүй бөгөөд Марискотти-Ваятт, “Хамгийн чухал зүйл бол ийм зүйл тохиолдоход танд ямар сонголт байгааг мэдэх явдал юм. Есдүгээр сард Тээврийн яам агаарын тээврийн компаниудын нөхөн олговрын бодлогыг нарийвчлан харуулсан шинэ вэбсайтыг эхлүүлсэн” гэсэн байна.

Тээврийн газрын мэдээлсэн, 2021 оны 7-р сараас 2022 оны 7-р сар хүртэлх хугацаанд,10 томоохон агаарын тээврийн компаниудын үйлдсэн нийт нислэгүүдэд эзлэх, цаг тухайдаа саатал, цуцлалтгүй нислэг үйлдсэн хувь:

Alaska Airlines - 78.1%

Allegiant Air - 61.96%

American Airlines - 76.39%

Delta Air Lines - 83.32%

Frontier Airlines - 69.27%

Hawaiian Airlines - 85.43%

JetBlue - 65.57%

Southwest Airlines - 72.68%

Spirit Airlines - 71.83%

United Airlines - 78.04%

Сүүлд нэмэгдсэн