NASA-гийн сансрын нисэгч Nicole Aunapu Mann нь сансарт аялсан анхны уугуул Америк эмэгтэй болно.
Tue Aug 23 2022
Энэ намар SpaceX Dragon сансрын хөлгөөр NASA ээлжит баг, сансрын нисгэгчдийг Олон Улсын Сансрын Станцруу илгээх бөгөөд уг даалгаварын командлагчаар нисэх, сансрын нисгэгч Николь Аунапу Манн нь сансарт аялсан анхны Уугуул Америк эмэгтэй болох юм.
9–р сарын 29-нд хөөргөнө гэж төлөвлөөд байгаа энэ нислэгт Манн, "Crew-5"-ын даалгаврыг гүйцэтгэхээр нисэх NASA-гийн сансрын нисэгч Жош Кассада, Японы сансар судлалын агентлагийн сансрын нисэгч Коичи Ваката, Оросын сансрын нисэгч Анна Кикина нартай хамтдаа Олон улсын сансрын станцыг зорих юм.
Калифорниад төрж өссөн Манн, АНУ-ын Тэнгисийн цэргийн академи(the U.S. Naval Academy)-ийг төгссөн бөгөөд одоо АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус(the U.S. Marine Corps)-ын хурандаа цолтой. Тэрээр нисгэгч болох болзлоо Navy-гийн нисгэгч болж авсан бөгөөд нисэх онгоц тээгч хөлөг онгоцонд хоёр удаа томилогдож, Ирак ба Афганистанд байлдааны ажиллагааг дэмжих зорилгоор нисч байжээ. Тэрээр мөн Стэнфордод механик инженерийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Николь Аунапу Манныг 2013 оны 6-р сард NASA сонгосон бөгөөд NASA-гийн 21 дэх сансрын нисэгчийн ангийн 8 гишүүний нэг болсон юм. Түүнийг сарлуу нисэх, дэлхийтэй ойролцоох астероидууд буюу солируудын судалгаа, эсвэл Ангараг гараг руу хийх нислэг зэрэг ирээдүйн боломжит томилолтууд хүлээж байгаа ба энэ удаагийн даалгавар нь сансрын станцын үйл ажиллагаанд чиглэсэн байна.
Саяхан indiancountrytoday.com-д өгсөн ярилцлагадаа, Манн сансарт ниссэн анхны уугуул эмэгтэй болох нь "маш их сэтгэл хөдөлгөм үйл явдал юм" гээд, "Бид үүнийг уугуул иргэдийн нийгэмлэгтээ хүргэх нь чухал гэж бодож байна. Ингэснээр уугуул хүүхдүүдэд, боломжгүй болов уу гэж бодсон эсвэл өмнө нь байсан саад бэрхшээлүүдийн зарим нь үгүй болж эхэлснийг ойлгуулах чухал ач холбогдолтой.” гэж ярьжээ. Тэрээр Хойд Калифорниа дахь Round Valley Indian овгуудын Wailacki овгийн гишүүн юм.
Николь Аунапу Маннын нэр түүхийн номонд сансарт ниссэн анхны Уугуул Америк эмэгтэй гэж өөрийн байр сууриа эзлэн бичигдэх болж байгаа бол өмнө нь NASA-гийн сансрын нисгэгч, Chickasaw үндэстний гишүүн Жон Херрингтон, 2002 онд Space Shuttle Endeavour сансрын хөлөгт ниссэнээр, сансарт ниссэн анхны Уугуул Америк хүн болж байсан юм.
NASA-гийн Маннд өгч байгаа сургалтуудад нь Олон улсын сансрын станцын систем, задгай сансарт ажиллах, Орос хэлний сургалт, робот техник, физиологийн бэлтгэл, Т-38 нисэхийн сургалт, усанд ба зэрлэг байгальд амьд гарах чадварыг дээшлүүлэх сургалт зэрэг багтаж байна.
Эх сурвалж: cbsnews.com








