Өмнөд Солонгосын 18 настай төгөлдөр хуурч Ван Клибернийн тэмцээнд түрүүлжээ.
Mon Jun 20 2022
ФОРТ ВОРТ, Техас (AP) - Өмнөд Солонгосын 18 настай залуу дэлхийн шилдэг төгөлдөр хуурчдын шилдэг үзүүлбэрүүдийн нэг болох Ван Клиберны нэрэмжит 16 дахь удаагийн төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээнд түрүүлэв.
Техас мужийн Форт Ворт хотод болсон тэмцээн бямба гарагийн орой өндөрлөж, Юнчан Лим тэмцээний хамгийн залуу алтан медалийн эзэн боллоо. Түүний ялалтад 100,000 ам.долларын мөнгөн шагнал, гурван жилийн карьерын менежмент багтсан байна.
Мөнгөн медалийг ОХУ-ын 31 настай Анна Гениушене, хүрэл медалийг Украины 28 настай Дмитрий Чони нар хүртжээ.
Лим Fort Worth Star-Telegram-д хэлэхдээ түүний карьерын дараагийн алхам юу байх ёстойг багштайгаа ярилцах болно. Мөн "Би оюутан хэвээр байгаа бөгөөд би маш их зүйлийг сурах ёстой юм шиг санагддаг" гээд "Энэ бол гайхалтай тэмцээн, би энэ том нэр хүнд, шагналыг хүлээн авах ачааг мэдэрч байгаа тул өнөөдөр авсан нэр хүндээ биелүүлэхийн тулд өөрийгөө илүү түлхэн хичээх болно." гэжээ.
Энэхүү тэмцээнийг 1962 онд Форт Ворт хотод амьдарч байсан алдарт төгөлдөр хуурч Ван Клибернийн нэрэмжит болгон зохион байгуулдаг болсон юм. 2013 онд 78 насандаа таалал төгссөн Клиберн нь дэлхийн өнцөг булан бүрт АНУ-ын ерөнхийлөгчдөд болон олон төрийн тэргүүнүүдэд тоглож байсан алдарт, авъяаслаг нэгэн байжээ. Түүнийг хамгийн дурсамжтайгаар эргэн санах юм бол тэрээр Хүйтэн дайны ид оргил үед буюу 1958 онд Москвад болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын анхны уралдаанд түрүүлж байсан юм.
Түүний нэрэмжит уг тэмцээнийг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн тэмцээнийг өнгөрсөн жил зохион байгуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон байсан юм.

Эх сурвалж: apnews.com








