Anu.mn
Microsoft-ын Activision Blizzard-ыг худалдан авалт Дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Microsoft-ын Activision Blizzard-ыг худалдан авалт Дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Sat Sep 03 2022
Microsoft-ын Activision Blizzard-ыг худалдан авалт Дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Microsoft видео тоглоомын аварга компани Activsion Blizzard-ыг 68,7 тэрбум доллараар авахаар төлөвлөж байна. Хэрэв энэ худалдан авалт бодитоор хэрэгжвэл тоглоомын зах зээл, салбарт нэлээд том өөрчлөлт болох бөгөөд Xbox-ыг үйлдвэрлэгч тоглоомын салбарын “Netflix” шиг болж олон алдартай тоглоомуудыг удирдах боломжтой болох юм.

Гэхдээ худалдан авалтын дараагийн түвшинд хүрэхийн тулд Microsoft юуны түрүүнд Шинэ Зеландаас Бразил хүртэл олон улсын засгийн газрын асуулгуудыг даван туулах ёстой бөгөөд мөн АНУ-ын зохицуулагчидын, Ерөнхийлөгч Жо Байдены хүчитгэж, чангалсан монополийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг зөрчихгүй байх ёстой.

Пүрэв гарагт, Их Британид хуулийн зохицуулагчид, хоёр компанийг тав хоногийн дотор өрсөлдөөнийг бууруулах санал гаргахгүй бол мөрдөн шалгалтаа эрчимжүүлнэ гэж сүрдүүлсэн байна. Одоогийн байдлаар Microsoft энэ худалдан авалтыг зарласнаас хойш долоон сар гаруйн дараа зөвхөн Саудын Араб улс л зөвшөөрөөд байна.

АНУ-ын Холбооны Худалдааны Комиссын дарга асан Уильям Ковачич, "Олон улс орнууд дэлхийн томоохон хэмжээний гүйлгээг гүнзгий, нягт шалгадаг болж байна" гээд, "Энэхүү хяналт шалгалтыг хэрэгжүүлж буй олон эрх мэдэл нь эдийн засагт чухал тул тэдгээрийг арилгах боломжгүй юм." гэж энэ талаар ярьжээ.

Microsoft өмнө нь монополийн эсрэг хяналт шалгалттай тулгарч байсан бөгөөд ялангуяа 20 гаруй жилийн өмнө холбооны шүүгч компанийн Windows програм хангамжтай холбоотой өрсөлдөөнийг эсэргүүцсэн үйлдлүүдийн дараа тус компанид шийтгэл ногдуулж байсан юм. Гэвч давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож байжээ.

Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд Microsoft, Amazon, Google болон Facebook-ийн толгой компани Meta зэрэг Big Tech-ийн өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад илүү чангатгасан зохицуулалтын сөрөг нөлөөллөөс ихээхэн зайлсхийж чадсан. Гэвч Activision Blizzard-тай нэгдэх нь хэмжээний хувьд асар том үйл явдал болж байгаа тул дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

Хоёр аварга компаниудын хооронд хийгдэх бэлэн мөнгөний хэлцэл нь технологийн салбарын түүхэн дэх хамгийн том гэрээ байх болно. Энэ нь Xbox консол болон тоглоомын системийг үйлдвэрлэгч Microsoft-д Call of Duty, World of Warcraft, Candy Crush зэрэг алдартай тоглоомын франчайзын хянах, удирдлагыг өгөх болно. Түүнчлэн Facebook компани 2012 онд Instagram, 2014 онд WhatsApp-ыг худалдаж авсан гэх мэт Big Tech-үүдийн нэгдлүүдийн хяналт өмнө нь хэтэрхий сул байсан гэсэн ойлголт улам бүр нэмэгдэж байна.

Microsoft Call of Duty-ийн хяналтыг авах магадлал нь Microsoft-ын Xbox-той өрсөлддөг PlayStation консол үйлдвэрлэгч Sony-г онцгойлон түгшээж байна. Бразилийн зохицуулагчдад илгээсэн захидалдаа Sony компани нь Call of Duty тоглоомыг "онцгой чухал" тоглоом гэж онцлон тэмдэглэсэн. Мөн энэ тоглоом нь маш алдартай, олон нийтэд хүрсэн блокбастер бөгөөд үүнтэй өрсөлдөх тоглоомыг өрсөлдөгчид нь хангалттай төсөвтэй байсан ч давж гарах тоглоом хөгжүүлэх боломжгүй юм гэжээ.

Их Британийн хяналтын байгууллагын урьдчилсан дүгнэлт дээрхтэй төстэй түгшүүртэй байгаа ба Microsoft, Activision Blizzard-ын алдартай тоглоомуудыг хянах нь, энэхүү гэрээ нь олон тоглоомын үйлчилгээ үзүүлэгч болон cloud gaming зах зээл дээрх өрсөлдөгчидөд нь сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.

Дээрх болгоомжлолын нэг шийдэл нь Microsoft, Sony эсвэл Nintendo зэрэг консол үйлдвэрлэгч өрсөлдөгчдийг Activision Blizzard-ын алдартай тоглоомуудаас хасахгүй байхаар тохиролцсон шийдэл байж болох юм. Microsoft энэ шийдлийг аль хэдийн дэмжиж нээлттэй байна гэдгээ олон нийтэд зарласан байна.

2021 онд, Microsoft алдарт The Elder Scrolls, Doom, Fallout видео тоглоомуудыг бүтээсэн Bethesda Softworks компанийн толгой компани болох ZeniMax Media-г худалдаж авахад 7.5 тэрбум доллар зарцуулж байжээ. Мөн Microsoft 2014 онд Шведийн тоглоомын студи Mojang-ийг 2.5 тэрбум доллараар худалдаж авсны дараа олны танил болсон Minecraft тоглоом ч Microsoft-ын өмчид багтсан байна.

Microsoft-ын өрсөлдөгчид ч нэгдэж байна. Sony 7-р сард алдартай тоглоомын Destiny франчайзын үйлдвэрлэгч, Xbox эзэмшдэг Halo-ийн анхны хөгжүүлэгч Bungie Inc-ийг худалдан авах 3.6 тэрбум долларын гэрээ байгууллаа. Grand Theft Auto, Red Dead Redemption тоглоомуудыг бүтээгч Take-Two Interactive нь FarmVille болон Words With Friends тоглоомуудыг бүтээгч Zynga гар утасны тоглоомын компанийг худалдан авах 12.7 тэрбум долларын гэрээг 5-р сард хийжээ.

Эх сурвалж: apnews.com

Сүүлд нэмэгдсэн