Anu.mn
Мэдээллийн технологийн компаниудын удирдлагуудыг Цагаан ордонд дуудаж, хиймэл оюун ухааны ...

Мэдээллийн технологийн компаниудын удирдлагуудыг Цагаан ордонд дуудаж, хиймэл оюун ухааны аюулын талаар ярилцав

Tue May 09 2023
Мэдээллийн технологийн компаниудын удирдлагуудыг Цагаан ордонд дуудаж, хиймэл оюун ухааны аюулын талаар ярилцав

Цагаан ордон, технологийнтэргүүлэгч компаниудын удирдлагуудыг урьж, хиймэл оюун ухаан (AI) дээр суурилсан технологийн хөгжүүлэлт, ирээдүйд хүмүүст хэрхэн нөлөөлөх мөн учируулж болох аюул эрсдэлийн талаар ярилцсаныг ВВС тоймлон мэдээлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн энэхүү уулзалтад, Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай, Майкрософт компанийн Сатя Наделла, алдартай ChatGPT чатботыг удирддаг OpenAI компанийн Сэм Алтман нар оролцов.

Эдгээр компаниудын ажилтнууд, хиймэл оюун ухаантай холбоотой бүтээл, боловсруулалтууд удахгүй төрийн зохицуулалтад орно гэж мэдэгдэж байв. Харин Цагаан ордны зүгээс, AI-ийн удирдлагуудад "бүтээгдэхүүнээ олон нийтэд аюулгүй байлгахыг" зөвлөсөн бөгөөд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, -“Ийм технологи нь, хүмүүсийн амьдралыг сайжруулах чадвартай хэдий ч аюулгүй байдал, хувийн нууц, иргэний эрх чөлөөнд эрсдэл учруулж болзошгүй юм. Хиймэл оюун ухааныг зохион бүтээж, хөгжүүлдэг компаниуд "бүтээгдэхүүнийхээ ёс зүй, ёс суртахууны өмнөөс хуулийн хариуцлага хүлээх ёстой" гэж хэлжээ. OpenAI компанийн Сэм Алтман, -“Хиймэл оюун ухааны технологийн хөгжлийг хянах асуудал дээр Цагаан ордны үзэл бодолтой санал нэг байна” гэсэн байна. Түүнчилэн, хиймэл оюун ухаанд болгоомжтой хандахыг улстөрчдөөс гадна мэдээллийн технологийн ертөнц дэх хамгийн нэр хүндтэй бизнес эрхлэгчид ч асуудал болгон тавьсаар байгаа юм .

Энэ долоо хоногт хиймэл оюун ухааны "загалмайлсан эцэг" гэгддэг Жеффри Гинтон Google-ээс гарч байгаагаа зарлаж, энэ технологийг хөгжүүлэхтэй холбоотой аюул улам бүр нэмэгдэж байгааг анхааруулж байсан. Тэрээр, хиймэл оюун ухаанаас үүдэлтэй эрсдэлүүд "хангалттай айдас төрүүлэхээр байна" гэсэн ярилцлага өгч байсан билээ. Мөн энэ оны 3-р сард Элон Маск, Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Возняк болон бусад хэсэг AI мэргэжилтнүүд, мэдээллийн технологийн салбарын удирдагчид, GPT-4-ээс илүү хүчирхэг системийг хөгжүүлэх ажлыг зургаан сарын турш зогсоохыг уриалсан, технологийн хөгжил нь нийгэм болоод нийт хүн төрөлхтөнд учируулж болох болзошгүй эрсдлүүдийн талаар дурдсан нээлттэй захидал нийтэлж байсан юм.

Хиймэл оюун ухаан нь олон хүнийг огцом ажлын байргүй болгох, мөн ChatGPT, Bard зэрэг чатботууд нь буруу, ташаа мэдээлэл тараах, зохиогчийн эрхийг зөрчих, аудио болон видео хэлбэрээр хуурамч мэдээлэл үүсгэж болзошгүй гэсэн наад захын болгоомжлол байдаг бөгөөд Билл Гейтсийн “Хиймэл оюун ухааны хөгжлийг түр зогсоосон ч, энэ асуудал шийдэгдэхгүй" гэж үзэж буйтай адил бодолтой олон хүмүүс байгаа юм. Түүнчилэн, барууны орнууд, эдгээр технологийн хөгжилд хэт их зохицуулалт хийвэл, Хятад улс стратегийн давуу талтай болж, хиймэл оюун ухааны өөрийн хувилбаруудыг хөгжүүлэх эрх чөлөөтэй болно гэсэн болгоомжлолтой байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн