Anu.mn
Хууран мэхлэлт, дампуурал, алах оролдлого: Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон 10 хүний ам ...

Хууран мэхлэлт, дампуурал, алах оролдлого: Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон 10 хүний амьдрал

Thu Feb 29 2024
Хууран мэхлэлт, дампуурал, алах оролдлого: Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон 10 хүний амьдрал

Сугалаанд хожсон 10 хүний хожил, амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар BuzzFeed мэдээлжээ.

2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар, Powerball сугалааны тохиролд хожих магадлал 292.2 саяд 1 байна гэж Investopedia мэдээлсэн бөгөөд энэ нь хүн аянганд цохиулах магадлалтай харьцуулахад тийм ч том өндөр биш тоо юм. Сугалаанд хожих амьдралыг өөрчилдөг үү? Хэрхэн өөрчилдөг бол? гэсэн асуултуудын хариултыг, сугалааны азтан болсон 10 хүний ​​амьдралд гарсан өөрчлөлтийн түүхээр хүргэсэн байна.

1. "Миний хийсэн хамгийн эхний зүйл бол Нью-Мексико, Делавэр, Вайоминг мужуудад хуульч хөлслөн, нэр дээрээ нууц компаниуд байгуулж, мөн хууль ёсны нэрээ өөрчилсөн. Би зүүн хойд Охайо мужийн нам гүм хотын захад дөрвөн өрөө даруухан байранд нүүж, хуулийн хүрээнд үр дүнтэй нуугдсан" гэж нэгэн сугалааны ялагч Reddit дээр өөрийн стратегийн талаар ярьжээ.

2. Нам гүмхэн, тайван амьдралтай нэгэн эмэгтэй, хожсон мөнгөө нууснаасаа болж амьдралаа бараг л сүйрүүлэх шахсанаа, “Би 2014 оны наймдугаар сард сугалаанд хожсон. Майк бид хоёр 2014 оны аравдугаар сард гэрлэсэн. Татвар төлсний дараах мөнгө ойролцоогоор 480,000 доллар болсон. Харин бидэнд амьдралдаа зарцуулах хангалттай мөнгө байсан. Тиймээс энэ тухай нөхөр, аав ээж, ах дүү, найзууддаа хэлээгүй. Амьдралаа орвонгоор нь эргүүлэхийг хүсээгүй. Би үндэсний зээлийн хоршоонд шинэ данс нээлгэж, орон нутгийн бизнес, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах санхүүгийн зөвлөхтэй ажиллаж эхэлсэн. Тэгээд л болоо. Орлого нь зүгээр л өсч байдаг. Санхүүгийн зөвлөх маань миний дансан дах мөнгө дөнгөж сая, сая доллар болсон гэж утсаар мэдэгдэх үед нөхөр маань мэдсэн. Тэр их балмагдаж, би эвгүй байдалд орсон ч, учираа ололцсон" гэж ярьжээ.

3. Денис Росси 1996 онд Калифорни мужийн сугалаанд 1,3 сая долларын жекпот хожжээ. Тэр хожсоноосоо 11 хоногийн дараа 25 жил ханилсан нөхрөөсөө салахдаа ч нууж, хэлээгүй байна. Тэрээр гэр бүл салалтын үеэр өөрийн ​​хожсон мөнгөө оруулахгүй байхаар шийдсэн бөгөөд илрэх нь цаг хугацааны асуудал гэдгийг мэдэхгүй байсан. Тэр эд хөрөнгөө худал мэдүүлснийхээ шийтгэлд, хожсон мөнгөнийхөө цент бүрийг хуучин залуудаа төлөх болсон байна.

4. Цайны мөнгөний оронд хонжворт сугалааны тасалбар авсан зөөгч эмэгтэй 10 сая ам.доллар хожсон ч, энэ нь олон жилийн шаналалд хүргэсэн.

Тонда Дикерсон, хожлын мөнгөө 30 жилийн турш 375,000 доллараар авч байхаар тохиролцжээ. Гэвч, түүний хожсонд атаархсан хамт ажилладаг зөөгч нь Тондаг, хэрвээ хожвол хожсон мөнгөө багийнхантайгаа хуваалцахаар тохиролцсон хэмээн шүүхэд өгчээ. Бүсгүйн энэ асуудал шийдвэрлэгдэж дуусах үед, түүнд уг тасалбарыг өгсөн хүн нь ирж, хожвол ачааны машин амласан гэж мөн шүүхэд өгчээ. Энэ хэрэг нь шийдвэрлэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа түүний хуучин нөхөр Стейси Мартин түүнийг хулгайлж, Алабама мужид нууц завин дээр аваачсан бөгөөд ноцолдох үедээ бүсгүй хуучин нөхрийнхөө буугаар цээж рүү нь буудаж гэмт хэрэгтэн болжээ.

5. Нил Ванлесс 2009 онд 232.1 сая доллар хожих үедээ Өмнөд Дакотагийн хамгийн ядуу бүс нутгийн хамгийн ядуу фермерүүдийн нэг байсан.

“Надад ийм боломжийг олгож, асар их хөрөнгөөрөө адисалсан Бурханд талархаж байна. Би үүнийг дэмий үрэхгүй. Буянд зориулна" гэж тэр чекээ хүлээж авах үедээ эелдэгээр мэдэгдэж байв. Гэхдээ тэрээр хуралдсан өрөө төлж, бараг 20 мянган га талбайтай ранчо худалдаж аван, өөртөө болон ээждээ зориулж хоёр тансаг байшин, мөн фермийн ажилчид болон зочдод зориулсан жижиг байшин барьжээ. Тэрээр юутай ч, гэр бүлийнхээ бусад гишүүдэд төдийгүй нийгэмд тусалж байсан байна. Саяхан тэрээр эхнэрийнхээ хамт Бритиш Колумбид 40 гаруй сая доллараар ранчо авч гэр бүлээрээ нүүжээ.

6. Нью-Йорк хотын Жон, Линда Кути нар, 319 сая долларын Mega Millions jackpot хожсон бөгөөд Jackpot-ийн тэдний хувь 28,7 сая доллар болжээ.

Хожлоос хойш есөн жилийн дараа хосууд, эцэг эхдээ хүндэтгэл үзүүлэхээр шийдэж, төрөлх хотод нь шинэ усан парк байгуулахад зориулж 250,000 долларын хандив өгч байв.

2013 оны 7-р сард энэхүү усан санг, Эдмунд Островский болон талийгаач Гертруда Островский, Жозеф, Мерседес Кути нарт зориулсныг албан ёсоор зарлажээ.

7. Хог цэвэрлэгч Майкл Кэррол 2002 онд 19 настай байхдаа 1 долларын тасалбараар 12 сая доллар хожжээ. Тэр байшиндаа нэг сая гаруй доллар зарцуулсан бөгөөд хожим нь 300,000 хүрэхгүй доллараар заржээ. Тэр, үдэшлэг цэнгээн, биеэ үнэлэгч, хар тамхинд хамаг мөнгөө үрж тарж, эхнэр, орон гэр болон бүх хожсон мөнгөө алдаж, 2013 онд дампуурлаа зарласан. Тэрээр 2021 онд эхнэртэйгээ эвлэрч хоёр дахь удаагаа гэрлэсэн.

8. Өөр нэгэн сугалааны азтан, хүнд хэцүү бага нас болон цэргийн алба хааж ирсэнийхээ дараа багагүй хэмжээний мөнгө хожсон ч, гэр бүлийнхэндээ хэлэхгүй байхаар шийдэж тэднээсээ хөндийрчээ.

"Би орон сууцны үнэ улсын дунджаас доогуур байсан мужид гурван унтлагын өрөө, хоёр угаалгын өрөөтэй байшин авсан. Би гэр бүлийнхэндээ огт хэлээгүй. Энэ байшинг 25 настайдаа, 11 жилийн өмнө худалдаж авсан. Түүнээс хойш би гэр бүлтэй болж, хүүхэдтэй болж, бүх талаараа сайхан, аз жаргалтай амьдарч байна. Жилийн өмнө том эгч маань, яалт ч үгүй тохиолдлоор манайд ирж маш их гайхсан. Би худлаа ярьж чадахгүй. Гэтэл эхнэр маань "Тэр сугалаанд хожсон мөнгөөрөө байшин худалдаж авсан" гэж хэлээд, дээрээс нь намайг зургаан оронтой тоотой мөнгө хожсон гэдгийг мэдсэнээр эгч маань их уурлаж, зочид буудал руу хонохоор явсан. Хоёр цаг орчмын дараа гэр бүлийнхэн маань утасдаж, хожсон мөнгөө хуваалцахгүйн тулд биднээс тасарсан гэж буруутгаж эхэлсэн. Ингээд гэр бүлийнхэн маань надаас мөнгө авах гэж миний утас, и-мэйл болон эхнэрийн утас руу тасралтгүй залгаж, мөнгө байхгүй гэхэд минь огт итгэж өгөхгүй байсан" гэж ярьжээ.

9. 1988 оны 2-р сард сугалаанд 16,2 сая доллар хожсоны дараа Виллиам "Буд" Пост III-ын бүх амьдрал нуран унажээ.

Тэрээр 40 тасалбар худалдаж авахын тулд бөгжөө ломбарданд тавьсан ч хүрээгүй тул, 20 тасалбарыг нь байрных нь эзэгтэй, найз бүсгүй Энн Карпик нэмсэн ажээ. Хожсоноос нь хойш нэг жилийн дараа Карпик шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөнгөө хуваахыг шаардаж байгаагаа мэдэгдсэнээр 1992 онд тэрээр нэхэмжлэлдээ ялалт байгуулж, Jackpot-ийн 1/3-ийг авсан нь 5.3 сая доллар байв.

Пост бизнес эрхлэхийг оролдож, мөн гэр бүлийн гишүүдээ тэтгэхийн тулд мөнгө өгч, зээлдэг байсан ч, хэдэн жилийн дараа түүний ах нарынх нэг, жил бүр авч байхаар тохирсон хожлынх нь үлдэгдлийг авахын тулд Пост болон түүний эхнэрийг хөнөөхийн тулд алуурчин хөлсөлж, алах оролдлого хийж байжээ. Дараа дараагийн хуулийн асуудлууд түүнийг дампууруулсан байна.

10. Лес Робинс 1993 онд сугалаанд 111 сая ам.доллар хожихдоо Висконсин мужийн нэгэн ахлах сургуульд цагийн багшаар ажиллаж байжээ.

Тэрээр хожсон мөнгөө, нийгэм, орчиноо илүү сайхан болгоход ашиглахыг хүсч байгаагаа тэр даруй мэдсэн гэж ярьдаг. Робинс 200 акр талбайд бяцхан гольфын талбай, усан сан, жүчээ гэх мэт зүйлсийг багтаасан Camp Winnegator хэмээх хүүхдүүдэд зориулсан өдрийн зуслан байгуулжээ. Хүүхдүүдэд агаартай задгай орчинд, хүүхэд насны дуртай зүйлээ хийж цагийг өнгөрүүлэх боломж олгодгийнхоо төлбөрт долоо хоногт ердөө 250 доллар авдаг байна. Энэ төслийг мөнгө олохын тулд биш, харин дурсгал болгохоор бүтээжээ.

Сүүлд нэмэгдсэн