Хуурамч ICE агентууд цагаачдыг дээрэмдэж, хүчирхийлэх хэрэг огцом өсчээ

АНУ-д өөрсдийгөө U.S. Immigration and Customs Enforcement (ICE)-ийн ажилтан хэмээн танилцуулж, цагаачдыг дээрэмдэх, сүрдүүлэх, хүчирхийлэх гэмт хэрэг эрс өссөн талаар Noticias Telemundo мэдээллээ.
Судалгаагаар зөвхөн 2025 онд ийм төрлийн дор хаяж 31 хэрэг бүртгэгдсэн нь, өмнөх арван жилийн дундаж үзүүлэлтээс хэд дахин өндөр байгаа аж. Гэмт этгээдүүд ихэвчлэн ICE-ийн нэр барьж гэрт хүчээр нэвтрэн орж, мөнгө дээрэмдэх, хүмүүсийг айлган сүрдүүлэх, зарим тохиолдолд бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна.
Хойд Каролина мужид амьдардаг мексик цагаачийн ярьснаар, нүүрээ халхалсан хэд хэдэн зэвсэгтэй хүн “ICE!” хэмээн хашгирч гэрт нь дайран оржээ. Тэд хүмүүсийг буугаар сүрдүүлж, нэг хүний толгойг бууны бөгсөөр цохин хүнд гэмтээсэн байна. Хохирогчид эхэндээ жинхэнэ ICE агентууд гэж бодсон ч, удалгүй энэ нь дээрэм болохыг ойлгожээ.

Сэтгүүлчдийн мэдээлснээр, хуурамч агентуудын үйлдэл улам хэрцгий болж, дээрэм, заналхийллээс гадна хүчингийн хэрэг ч нэмэгдэж байгаа аж. Нью-Йорк, Флорида, Калифорни зэрэг мужуудад, цагаач эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэргүүд бүртгэгджээ.
Federal Bureau of Investigation (FBI), ийм төрлийн гэмт хэрэг өсөж байгааг анхааруулж, гэмт этгээдүүд ICE-ийн рейдтэй холбоотой олны дунд төрсөн айдсыг ашиглаж байна гэж мэдэгдсэн байна. Тус байгууллагын мэдээлснээр, цагаачид хэлний бэрхшээлтэй, мөн албаны байгууллагад хандвал албадан гаргалтад орно гэж айдаг учраас хамгийн эмзэг бай болдог аж.
Мөн ICE агентууд нүүрээ халхалж ажиллагаанд оролцдог болсон нь, жинхэнэ болон хуурамч хүмүүсийг ялгахад улам хүндрэл учруулж байгааг хуульчид болон хүний эрхийн байгууллагууд шүүмжилж байгаа бөгөөд зарим хотууд, ICE-ийн ажилтнуудыг нүүрээ нуухгүй, үнэмлэхээ ил тод үзүүлэх журам гаргахыг оролдож байгаа ч, маргаан үргэлжилсээр байна.








