Anu.mn
Хуурамч долларыг хэрхэн таних вэ

Хуурамч долларыг хэрхэн таних вэ

Thu Oct 05 2023
Хуурамч долларыг хэрхэн таних вэ

Тасралтгүй хөгжиж буй шинэ технологи нь, дэвшил хөгжилийг дагуулахын зэрэгцээ, мөн луйварчдыг хууль бус зүйл хийх, хуурамч мөнгө үйлдвэрлэхийг нь хялбар, хямд болгож, улмаар хуурамч мөнгийг таних асуудлыг улам илүү хэцүү болгосоор байна. Жил бүр олон сая хуурамч доллар АНУ-аар дамжин өнгөрдөг. Хуурамч валютыг хэрхэн таних болон залилан мэхлэгчдийн золиос болохоос зайлсхийхэд тустай зөвлөмжийг Time сэтгүүл нийтлэв.

Жинхэнэ мөнгөн дэвсгэрт дээрх тэмдэглэгээг шалгах

5 доллараас эхлээд бүх мөнгөн дэвсгэртүүд усан тэмдэг, хамгаалалтын утастай байдаг бөгөөд эдгээр нь гэрэлд сайн ялгарч харагддаг. 10 доллар ба түүнээс дээш үнэт цаасны баруун доод булан дах мөнгөн тэмдэгтийн тооны өнгө нь хөдөлгөхөд зэсэн өнгөнөөс ногоон болж өөрчлөгдөж байдаг. 100 долларын шинэ дэвсгэрт, "100" гэсэн тоо бүхий 3D хамгаалалтын туузтай. Мөн, мөнгөн тэмдэгт нь цаасны хувьд нягт, хүрэхэд бага зэрэг барзгар байх ёстой. Америкийн мөнгөн тэмдэгтийн бусад шинж чанаруудыг U.S. Currency Education Program сайтаас харж болно .

Мөн, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эсвэл цагдаа нар тухайн бүс нутагт хуурамч мөнгө үйлдвэрлэгчид болон хуурамч мөнгө илрүүлсэн тухай мэдээллийг ихэвчлэн мэдээлж байдаг. Үүнийг анхаарснаар та, бэлэн мөнгөний гүйлгээ хийх үедээ болон шаардлагатай үед анхааралтай байх, шалгах боломжтой болно. Хэрэв та хуурамч дэвсгэрт мэдэлгүй авсан тохиолдолд, хэн ч нөхөн төлбөр өгөхгүй, хохирдог гэдгийг мэдэх хэрэгтэй. Гэхдээ залилангийн хохирогч болсон бол хуурамч мөнгөн дэвсгэртийн талаар цагдаад заавал мэдэгдэх үүрэгтэй. Энэ нь гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх болон тухайн бүс, орон нутгийнхаа оршин суугчдыг хохирохоос хамгаалахад туслах юм.

Мөн дэлгүүр, үйлчилгээний газрууд ачаалал ихтэй, үйлчилгээний ажилтнууд нь зав чөлөөгүй ажиллаж байх үед онцгой болгоомжтой байхыг зөвлөжээ. Учир нь, урт дараалалтай, худалдагч, кассчид хурдтай ажиллахаас өөр аргагүй, мөнгөн тэмдэгтийг шалгах цаг завгүй үеийг далимдуулж, луйварчид хуурамч мөнгөөр ​​төлбөрөө хийхээр төлөвлөдөг байна.

Одоогийн технологийн хөгжил нь, луйварчдын аргыг нарийсгаж буй ч, үүнтэй зэрэгцэн мөнгөн дэвсгэртийн жинхэнэ эсэхийг шалгах, илүү нарийн чадварлагаар хуурамч зүйлийг илрүүлэх боломжтой янз бүрийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгчид бүтээсээр байгаа юм .

Сүүлийн 20 жилийн хугацаанд АНУ-д хуурамчаар мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, гүйлгээнд оруулах гэмт хэрэг буурсаар байгаа нь, ихэнхи хүмүүс бэлэн мөнгөөр ​​бус зээлийн картаар худалдан авалт хийх болсонтой холбоотой ажээ.

Сүүлд нэмэгдсэн