Anu.mn
Хууль бус цагаачдын талаарх, орогнол хүсэгчдэд зарим хориг тавих Трампын санаа Байденд гэн ...

Хууль бус цагаачдын талаарх, орогнол хүсэгчдэд зарим хориг тавих Трампын санаа Байденд гэнэт таалагдсанаар Цагаан ордон хэрэгжүүлэхийг хүсч байна

Thu Dec 08 2022
Хууль бус цагаачдын талаарх, орогнол хүсэгчдэд зарим хориг тавих Трампын санаа Байденд гэнэт таалагдсанаар Цагаан ордон хэрэгжүүлэхийг хүсч байна

Цагаан ордны дээд албан тушаалтнууд болон Дотоодын аюулгүй байдлын Департамент (DHS), цагаачлалын тухай хуулийн 42-р заалтыг хүчингүй болгохоор бэлтгэж, орогнол олгох асуудалд хэсэгчилэн хориг тавихыг хүсч байна гэж CBS мэдээлэв.

42-р заалт нь, АНУ-ын хилийн эрх баригчид цагаачдыг, ихэвчлэн Мексик рүү, орогнол хүсэх боломж олгохгүйгээр хурдан гаргах тухай нийгмийн эрүүл мэндийн газрын тушаал юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэрэгжүүлэхээр зэхэж буй, өмнө нь өөр улс орноос хамгаалалт хүсээгүй бол АНУ-д орогнол хүсэхийг хориглох энэхүү бодлогын эцсийн шийдвэр гараагүй байгаа аж.

DHS-ын төлөөлөгч Эспиноса, "Бид цагаачдын асуудлыг аюулгүй, эмх цэгцтэй байлгах талаас анхаарч, хүмүүнлэг байдлыг эрхэмлэхийн зэрэгцээ улсынхаа хилийн хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах үүрэг хүлээдэг. Энэ бүхэн, 42-р заалт хүчингүй болсон ч мөрдөгдсөөр байх болно. Мөн өмнөд хилийн дагуу орогнол хүсэгчдийн өргөдлийг хянах ажиллагааг далайцтай болгох, түүнчлэн АНУ-д санхүүгийн ивээн тэтгэгчтэй бол зарим Венесуэлчүүдийг нисэх онгоцны буудал дээр АНУ-д хууль ёсоор нэвтрэх боломжийг олгох хөтөлбөрийг авч үзэж байна” гэжээ.

Арваннэгдүгээр сарын 15-нд холбооны шүүгч 42-р заалтыг хууль бус гэж зарлаад, Байдены засаг захиргаанд, 2020 оны гуравдугаар сараас Ерөнхийлөгч Дональд Трампын үед анх мөрдөгдөж эхэлсэн энэхүү бодлогыг арванхоёрдугаар сарын 21-ний дотор зогсоох хугацаа өгсөн бөгөөд арванхоёрдугаар сарын 7-ны дотор шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэж Хууль зүйн яамнаас арванхоёрдугаар сарын 2-нд мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ энэхүү 42-р заалт хүчингүй болсноор, холбооны засгийн газрын чадавхи хязгаарлагдмал тул, цагаачлал өсч, бичиг баримтын боловсруулалт удаашрах асуудал гарна гэсэн санаа зовнилттой байгаа юм.

2022 оны санхүүгийн жил буюу 12 сарын хугацаанд, АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтынхан  2.3 сая гаруй удаа цагаачдыг зогсоосон дээд амжилт тогтоосон. Гэхдээ энэ үзүүлэлтэд, хилээр давтан орж ирж байсан цагаачдын тоо багтаж байгаа юм. Энэ хугацаанд АНУ-ын хилийн албаныхан 42-р заалтаар, 1 сая гаруй цагаачдыг албадан гаргасны ихэнхи нь, насанд хүрсэн Мексикчүүд болон Төв Америкчууд гэж холбооноос мэдээлжээ.

Орогнол олгох хязгаарлалт хэрэгжих нь орогнол хүсэгчдийн өмгөөлөгчдийг түгшээж байна. Тэд Байдены засаг захиргааг хязгаарлалтад чиглэсэн бодлогоос татгалзахыг уриалаад, ийм бодлого нь дүрвэгсэд хууль бусаар нэвтэрсэн ч хүмүүнлэгийн хамгаалалтад хамрагдах боломжийг олгодог олон улсын болон дотоодын дүрвэгсдийн хуулийг үл тоомсорлож байна гэсэн үг хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

АНУ-ын орогнол олгох систем нь арьсны өнгө, үндэс угсаа, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, нийгмийн бүлгийн гишүүнчлэлээс шалтгаалан хавчлагаас зугтаж буй цагаачдыг хамгаалах зорилготой юм. Гэвч өсөн нэмэгдэж буй бичиг баримт боловсруулалтын хоцрогдол нь засгийн газрын орогнол хүссэн асуудлаар цаг тухайд нь шийдвэр гаргах чадварыг сулруулж, энэхүү саатал нь орогнол хүсэгчдийг гацаанд оруулж, бусад цагаачдыг АНУ-д ажиллах системийг ашиглах хөшүүргийг бий болгосон байна.

Байдены засаг захиргаа энэ хавар, 42-р заалтыг хүчингүй болгохоор бэлтгэж байгаагаа хэдэн сарын турш олон нийтэд мэдэгдсэн. Гэвч энэхүү оролдлогыг нь, Бүгд найрамдах намынхан тэргүүлдэг муж улсууд хууль ёсны арга хэмжээ авч хаасан юм.

Байдены засаг захиргаанаас явуулж буй орогнол хүссэн үндэслэл муутай хүсэлтүүдэд татгалзах бодлого нь амжилттай хэрэгжих төлөвтэй байгаа бөгөөд орогнол хүсэгчдийн өргөдлийн 50%-д, баталгаажуулалтын эхний шатанд татгалзсан байна. Мөн эрх бүхий цагаачдад олон жил биш, сараар орогнол олгох болсон. Харин энэ хөтөлбөр зургадугаар сард хэрэгжиж эхэлснээсээ хойш маш хязгаарлагдмал хэмжээнд хэрэгжиж байгаа юм байна.

Сүүлд нэмэгдсэн