Хот-дог хэрхэн үүссэн болон Америкийн бэлэг тэмдэг болсон тухай.
Tue Aug 09 2022
Америкийн ахуй соёлын бэлгэдэл бейсбол болон BBQ-тэй эн зэрэгцэх бас нэгэн бэлгэдэл бол хот-дог бөгөөд энэ нь далайн эргийн наран шарлагын газар санамсаргүй байдлаар үүсчээ.
Алдарт хот-дог нь, бүх л спортын тэмцээнүүдийн үеэр стадионуудад зарагдаж, барбекю зугаалга болгонд болон Каролина мужаас эхлэн Калифорниа хүртэлх замын хажуугийн кафенуудаар тогтмол худалдаалагдаж байдаг гэж Жулиа Гаммонд ВВС-д бичжээ.
Энэхүү Америкийн бэлгэдэл болтлоо дэлгэрсэн хот-дог нь 1860-аад онд Иргэний дайны дараа Нью-Йоркийн (одоогийн хойг) Кони арлын эрэгт үүссэн байна. Бруклины домогт зугаа цэнгэлийн цэцэрлэгт хүрээлэнд, "Feltman's Original Coney Island Hot Dog - 1867" гэсэн хаягтай жижиг, даруухан газар одоо ч байдаг. Бруклинд амьдардаг түүхч Майкл Куинны хэлснээр Кони арлын далайн эрэг дээрх анхны хот-догийг Германы цагаач Карл Фелтман гэгч эр хийж зарж эхэлжээ. Фелтман 1856 онд АНУ руу нүүж, талхчин мэргэжилтэй тэрээр анх Бруклинд нарийн боовны газар нээсэн. Бруклины төмөр зам 1860-аад оны сүүлээр нээгдэж Кони арал руу олон тооны амрагчид ирцгээх болсноор Фелтманы үйлчлүүлэгчид нэмэгдэв. Олон хүн бизнес эрхлэгчээс хясаанаас гадна халуун хоолтой эсэхийг асуух болж, тиймээс Фелтман 1867 оноос зайдас шарагч, талх халаах төмөр хайрцаг бүхий тэргээр өөрийн нэрийн урт талханд хавчуулсан зайдастай хот-догийг тус бүрийг нь таван центээр зардаг болсон байна. Ийнхүү нарийн урт амтлаг талхны ачаар германчуудын дуртай хиам дэлгэрч, Германы цагаачийн зохион бүтээсэн энэхүү хоол асар их амжилтанд хүрсэн ажээ.
Дашрамд хэлэхэд, халуун нохой (hot-dog) гэдэг үгийн гарал үүсэл хэд хэдэн хувилбартай байдаг. Нэг хувилбар нь, Германчууд Франкфуртын урт хиамыг "дахшундс/dachshunds", такса гэж нэрлэдэг байсантай холбоотой гэж үздэг.
1871 онд Фелтман West 10th гудамжинд жижиг газар түрээслэн Feltman's Ocean Pavilion нэртэй ресторан нээжээ. Бүх ажил хэрэг нь амжилттай цэцэглэж, зууны эцэс гэхэд Фелтманы хот-дог зардаг даруухан тэрэг нь, есөн зоогийн газар, тоглоомын тойруулга, цэнгэлдэх хүрээлэн, кино театр, зочид буудал, шар айрагны танхим, саун зэрэг бүхэл бүтэн газрыг хамарсан зугаа цэнгэлийн эзэнт гүрэн болж өргөжсөн бөгөөд тэр үеийн Америкийн ерөнхийлөгч Уильям Ховард Тафт хүртэл ирж байсан гэдэг.
Оргил улирлын үеэр Feltman өдөр бүр 40,000 хүртэл хот-дог зардаг, мөн далайн гаралтай оройн зоогийг өөрийн Ocean Pavilion цогцолборт хийн үйлчилдэг байжээ. Хөрөнгө чинээтэй, маш баян болсон байсан Фелтман 1910 онд нас баржээ. Компанийг түүний хөвгүүд Карл, Альфред нар үргэлжлүүлэв. Фелтманы хүнсний сүлжээнд мянган хүн ажилладаг байсан бөгөөд түүний ресторан нь дэлхийн хамгийн томд тооцогддог байв.
1916 онд, Фелтманы ажилчдын нэг байсан Натан Хандверкер хуучин ажил олгогчоосоо хэдхэн гудамжны зайд өөрийн хот-догны газраа нээж өрсөлдөгч болжээ. Харин Их хямрал ба Дэлхийн 2-р дайны дараагаар Фельтманууд бизнесээ зарж, худалдаж авсан шинэ эзэд нь удалгүй дампуурчээ. Ингэснээр Натан түр зуур Кони арлын эрэг дээрх цорын ганц хот-дог худалдагч болжээ.
Мөн Бруклины анхны хот-догны домогт амтыг сэргээхээр шийдсэн Майкл Куинн, 2015 онд Фелтманы хоолны газрын нэрийг худалдаж авсан байна. Түүний өвөө нь Фелтманд ажилладаг ажиллаж байсан бөгөөд дотны найзаасаа сурсан Фелтманы хот-догны амтлагчийн анхны жорыг түүнд дамжуулснаар маш амттай хэдэн жилийн турш "АНУ-ын хамгийн шилдэг 10 хот-дог"-ны жагсаалтад орсон амтлаг хот дог хийж эхэлсэн.
Өнөөдөр Фелтманы хот-дог Нью-Йоркоос Калифорни хүртэл 1500 супермаркетад худалдаалагдаж байна. Хэдхэн долоо хоногийн өмнө тус компани нэг метр хагас урт, 34 кг жинтэй дэлхийн хамгийн том хот-дог бэлтгэж Гиннесийн амжилтын номонд орсон юм.
Натаны сүлжээний хувьд, Хандверкерийн ажил хэрэгч байдал болон эхнэрийнх нь эмээгийн жор нь дэлхийн хэмжээний корпорацийнх нь үндэс суурийг тавьсан бөгөөд түүний хот-догууд дэлхийн 10 орны 55 мянга гаруй супермаркет, нэрийн дэлгүүр, ресторанд зарагддаг байна.
1972 оноос хойш Nathan's Famous Inc., компаниас зохион байгуулдаг Олон улсын хот-догны тэмцээнийг жил бүрийн 7-р сарын 4-нд Кони аралд зохион байгуулдаг болсон. Тус компанийн жилийн ашиг 40 сая ам.доллар байгаа нь Фелтманы орлогоос хол давдаг байна. Гэхдээ Feltman-ийн анхны жорыг үнэлдэг цөөнгүй хүмүүс түүний хот-догийг хамгийн шилдэг нь гэж үзсээр байдаг байна.

Харин таны хувьд аль нь амттайг, амталж үзээд жиших боломж байгааг сануулъя.
Эх сурвалж: forumdaily.com








