Хоол хийх, цэвэрлэгээ хийх, гэр сахих болон үйлдвэрлэлд ажиллах боломжтой Робот-туслагч худалдаанд гарлаа
Mon Feb 05 2024
Норвегийн 1X компани, гэр цэвэрлэх, хоол хийх, дэлгүүр хэсэх, багшлах, тэр байтугай гэр, байшин сахих зэрэг хэд хэдэн даалгавар гүйцэтгэх чадвартай EVE хэмээх хүн дүрст робот-туслахыг бүтээж, худалдаанд гаргаж буй талаар FoxNews мэдээлэв.
EVE бол, хүрээлэн буй орчныг мэдрэх харилцах камер, мэдрэгчээр тоноглогдсон, зарим нэмэлт функцүүдтэй, хүн шиг харагдах, хөдөлдөг дэвшилтэт робот юм. EVE 185 см өндөр, 87 кг жинтэй. Энэхүү робот нь цагт 14 км хүртэл хурдлах чадвартай, даац нь 15 кг. Нэг цэнэглэлтээр зургаан цаг ажиллах боломжтой (бүрэн цэнэглэхэд нэг цаг зарцуулдаг). Түүний хөдөлгөөн, самбаа, тэнцвэртэй байдал нь, түвэгтэй хэцүү орчинд ажиллах, аливааг үр дүнтэй хийх боломжтой болгодог. EVE нь дугуйгаар шилжиж хөдөлдөг, атгах гартай тул цэвэрлэгээ хийх, хоол хийх гэх мэт төрөл бүрийн ажилд тусалж чадна.
EVE нь, GPT-4-ийн ChatGPT-д янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг програм хангамжийн хувилбарыг ашигладаг ухаалаг, олон талт, хиймэл оюун ухааныг ашиглан бие даан ажиллаж, даалгавар биелүүлэх чадвартай Android юм. OpenAI-ийн дэмжлэгтэйгээр EVE нь, гэр болон агуулах дах өдөр тутмын ажлыг гүйцэтгэх шинэ үеийн роботуудын замыг нээж байгаа бөгөөд EVE-г үнэхээр гайхалтай болгодог зүйл нь, түүний дүн шинжилгээ хийх болон харааны өгөгдлийг боловсруулж бүтээх чадвар нь юм. EVE таны гал тогооны тавиуруудыг сканнердаж, байгаа хүнсүүдийг тань ашиглан амттай жор гарган хоол хийж чадна. Энэхүү робот нь, нийгмийн олон салбарт хүмүүст туслах зорилготой бүтээгдсэн:
- Гэр, ахуйн хэрэглээнд: EVE нь цэвэрлэгээ хийх, хоол хийх, багшлах зэрэг хувийн болон мэргэжлийн хэрэгцээнд туслана. Тэрээр хүнтэй төстэй дүр төрх, зан араншинтай тул найрсаг найдвартай үйлчилгээ үзүүлдэг.
- Үйлдвэр: EVE нь хүч чадал, нарийвчлал, мэдрэгчээ ашиглан, материал болон машиныг хянах, үйлдвэрлэх, угсрах, чанарыг хянах, засвар үйлчилгээ хийхэд тусалж чадна.
- Үйлчилгээ: EVE нь дугуйт хөл болон гар-хавчаараа ашиглан эд зүйлсийг зөөж цэгцлэх, ачаа ачих, буулгах, ангилах, тээвэрлэх зэрэг үйлдвэрлэлийн ложистикийн ажилд тусалж чадна.
- Байгууллага: EVE нь камер, товчлууруудаа ашиглан, оффис, зочид буудал, худалдааны төв зэрэг байр, барилгыг хянах, хамгаалах чадвартай. Түүнээс гадна, зочид болон ажилчидтай мэндчилэх, очих газрыг нь зааж өгөх, туслах зэрэг харилцааны өргөн чадвартай.
Энэхүү анхны хувилбар нь, бие даан ажиллахаар бүтээгдсэн ч, асуудал илэрсэн үе эсвэл зааварчилгаа шаардлагатай тохиолдолд операторт мэдэгддэг. Энэ үед оператор, EVE-ийн хөдөлгөөн, функцийг удирдаж чиглүүлж өгдөг байна. EVE маягийн хүн дүрст андроидууд нь, хүмүүсийн хийдэг уламжлалт, давтагддаг ажлууд болон аюултай эсвэл бие махбодийн хувьд хүнд хүчир ажлуудыг автоматжуулж чадна. Энэ нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нөөцийг хэмнэж, аюулгүй байдал, чанар, үр ашгийг дээшлүүлэх юм.
Зарим асуудал, эрсдэл:
EVE маягийн хүн дүрст роботууд, ажилчдыг, хүнийг орлож чадах уу? Андройдуудын найдвартай байдал, аюулгүй байх талыг хэрхэн хангах вэ? гэсэн асуултууд үйлдвэрлэгчдийн санааг зовоож байгаа бөгөөд тэдгээрийн эвдрэлгүй ажиллагаа, бат бөх чанар, хакерын халдлагад өртөх боломжгүй байх зэрэгт ихээхэн анхаарч байгаа юм.Хүн дүрст роботыг хариуцлагатай, ёс зүйтэй хөгжүүлж, ашиглавал нийтийн сайн сайхны төлөөх шинэ боломжуудыг бий болгож чадна гэж, 1X үйлдвэрлэгч компани үзэж байна.
1X нь, үйлдвэрлэсэн EVE бүрийг бодит нөхцөл байдалд туршиж, бүх роботуудын аюулгүй байдал, чанар, нууцлалын хамгийн өндөр стандартыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулдаг. Мөн операторууд болон хэрэглэгчдэд сургалт, дэмжлэг үзүүлж, EVE-ийн гүйцэтгэл, ажиллагааг сайжруулахын тулд санал хүсэлт дээр тулгуурласан хамтын ажиллагааг эрхэмлэж байна.
Уг роботыг худалдаж авахын тулд, 1X-тэй холбогдож үнийн санал авах боломжтой. Таны хэрэгцээ, сонголтыг үнэлснийхээ дараа, таны төсөв, зорилгод тохирсон шийдлийг өгөх бөгөөд худалдаж авсан тохиолдолд, таны EVE-г гэрт тань хүргэж, 1X-ийн мэргэжилтнүүд суулгаж, идэвхжүүлнэ. Мөн EVE-тэй хэрхэн ажиллах, хэрхэн ашиглах талаар сургалтын гарын авлага, хичээлүүд олгохоос гадна, 1X онлайн платформд хандаж, EVE-ээ хянах, шинэчлэх, алдааг засуулах, мөн ямар нэгэн асуулт, асуудал гарвал, 1X хэрэглэгчийн албатай холбоо барьж шийдүүлэх боломж олгодог гэж тус компани мэдэгдсэн байна.








