Хойд Каролинагийн ой дундуур алхах үед нэгэн гайхалтай бөгөөд аймшигтай гэмээр, хэдэн зуун жижигхэн цэнхэр гэрэл ойн захаар чимээгүйхэн хөвж байгаа нь харагддаг. Эдгээр зүйлсийг "Цэнхэр сүнс" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь юу болох талаар ВВС мэдээлэв.
Phausis reticulata бол "цэнхэр сүнс" гэгддэг гэрэлт цохнууд юм. Энэхүү ховор төрлийн биолюминесцент шавж нь зөвхөн Аппалачийн өмнөд хэсэгт байдаг бөгөөд жил бүрийн хавар Хойд Каролина руу олон мянган хүмүүсийг татдаг байна.
Та энэхүү гэрлийн байгаль шоуг, бөмбөрцгийн баруун хэсгийн гэрэлт цохны хамгийн том популяцийн өлгий нутаг, Грейт-Смоки-Маунтин үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үзэх боломжтой. Тэд зөвхөн хаврын сүүл, зуны эхэн үед тохиолддог үржлийнхээ үед л гэрэлтдэг бөгөөд нар жаргасны дараа 5-р сарын дундаас, 6-р сарын дунд хүртэл сарын хугацаанд эдгээр гайхалтай үзэгдлийг үзэж болдог байна. Харанхуй байх тусам илүү гайхалтай харагдаж, шинэ жилийн гэрлэн зүүлт шиг анивчин хөвдөг байна.
Шавьж судлаач Беки Николс, "Эр цох нь нисч байхдаа гэрэлтдэг, харин эм нь ихэвчлэн газар дээр анивчдаг. Эр нь тэднийг өвсөн дунд анзаарч бууснаар тэдний хоорондох өрсөлдөөн эхэлдэг. Эм нь, зөвхөн маш тод гэрэлд хариу үйлдэл үзүүлдэг учираас эр нь синхроноор анивчиж, илүү хүчтэй гэрлийн дэвсгэр үүсгэдэг" гэж тайлбарлав.
Дэлхий дээр 2400 орчим төрлийн гэрэлт цох байдаг. Тэдний 10-аас доошгүй нь энэ бүс нутагт амьдардаг ч, "цэнхэр сүнс" цох нь хамгийн ховор төрөл юм. Тэдний бие дээр тусгай гэрэлтдэг эрхтнүүд байдаг бөгөөд энэ нь төрөл, зүйлээс шалтгаалан хэвлийн төгсгөлд байрлах нэг том гэрэлтдэг эрхтэнтэй, эсвэл биеийн бүх хэсэгт тодорхой дарааллаар байрлуулсан олон жижиг гэрэлтдэг эрхтэнтэй байдаг.
Эдгээр бяцхан амьтад нь тийм ч гэмгүй, хэврэг амьтан биш юм. Хүүхэд байхдаа лонхонд цуглуулж, хазуулж байсан хүмүүс тэднийг аюултай махчин гэж үздэгийг бүү гайхаарай.
Байгаль судлаач, зохиолч, биологийн профессор Женнифер Фрик-Рупперт, "Эдгээр шавжнууд нь жижиг акултай адил. Тэд барьж чадах өөрөөсөө бага зүйлийг бүгдийг иддэг." гэж тодорхойлжээ.
Гэрэлт цохнууд Хойд Каролина мужид жуулчдын сонирхлыг татсаар ирсэн. Энэхүү ид шидтэй үзэгдлийг өөрийн нүдээр үзэх гэж улс орон төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс зочид ирдэг байна.