August
16
2025
Anu.mn
Мэдээ
Хиймэл оюун ухааны тэсрэлт, рекорд хурдаар тэрбумтнуудыг бүтээж байна
Хиймэл оюун ухааны тэсрэлт, рекорд хурдаар тэрбумтнуудыг бүтээж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хиймэл оюун ухааны тэсрэлт, рекорд хурдаар тэрбумтнуудыг бүтээж байна
Photo: Depositphotos.com/denisismagilov

2025 онд хиймэл оюун ухааны стартапууд олон арван шинэ баячуудыг төрүүлсэн бөгөөд AI-н өсөлт сүүлийн жилүүдэд баялгийн хамгийн хурдан бөгөөд хамгийн том өсөлтийг харуулсаар байна. Anthropic, Safe Superintelligence, OpenAI, Anysphere болон бусад компаниудад хийсэн томоохон хөрөнгө оруулалтууд нь, тэдний үнэлгээг рекорд түвшинд хүргэж, асар их хөрөнгийг бий болгов. Одоохондоо ихэвчилэн цаасан дээр байгаа эдгээр баялагууд болон тэрбумтнуудын өсөлтийн дээд хурдны талаар CNBC дэлгэрэнгүй нийтэлжээ.

CB Insights-ийн мэдээлснээр, одоогоор дэлхий дээр 498 хиймэл оюун ухаантай "ганц эвэрт" буюу 1 тэрбум доллар ба түүнээс дээш үнэлгээтэй хувийн компаниуд, нийт 2.7 их наяд долларын үнэлгээтэй байна. Эдгээрээс 100 нь 2023 оноос хойш байгуулагдсан. 1300 гаруй хиймэл оюун ухааны салбар дах стартапууд 100 сая доллараас дээш үнэлгээтэй байна.

Nvidia, Meta, Microsoft болон бусад олон нийтийн компаниудын үнийн өсөлт хурдассаар байна. Үүнтэй зэрэгцэн дата төв, тооцоолох хүч үйлдвэрлэдэг компаниуд хурдацтай хөгжиж байна. Үүн дээр инженерүүдийн өндөр цалин улам нэмэгдсээр. Энэ бүхэн нь өмнөх технологийн давалгааг давж гарах хэмжээний, хувийн хөрөнгө мөнгийг далайцтай өсгөж байна.

MIT-ийн ахлах мөрдөн байцаагч Эндрю МакАфи, "Сүүлийн 100 жилийн тоо баримтаас харахад, бид ийм хэмжээний баялгийг бүтээх хурдыг хэзээ ч, харж байгаагүй. Энэ бол урьд өмнө хэзээ ч байгаагүй зүйл" гэж ярьжээ.

Тэрбумтнуудын шинэ үүлдэр

Гуравдугаар сард Bloomberg-ийн тооцоолсноор, хиймэл оюун ухаантай холбоотой дөрвөн том хувийн компани, нийтдээ 38 тэрбум долларын хөрөнгөтэй дор хаяж 15 тэрбумтныг бий болгосон байна. Түүнээс хойш “ганц эвэрт”-ийн тоо хэдэн арваар нэмэгджээ.

Өнгөрсөн есдүгээр сард OpenAI-ийг орхисон Мира Мурати, 2-р сард Thinking Machines Lab-ийг үүсгэн байгуулсан нь, 7-р сар гэхэд түүхэн дэх хамгийн том эргэлтээр 2 тэрбум доллар босгосон. Ингэснээр тус компанийн үнэлгээ 12 тэрбум ам.доллар болсон байна.

Anthropic AI нь, 3-р сард үнэлсэн үнээсээ бараг гурав дахин их буюу 170 тэрбум доллараар үнэлэгдэж, 5 тэрбум доллар босгохоор хэлэлцээр хийж байна. Гүйцэтгэх захирал Дарио Амодей болон бусад зургаан үүсгэн байгуулагчид одоо тэрбумтанууд болох бүрэн магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Anysphere, 6-р сард 9.9 тэрбум доллараар үнэлэгдсэн. Хэдэн долоо хоногийн дотор 18-20 тэрбум долларын санал авч, 25 настай үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Майкл Труэллийг тэрбумтан болгох нь гарцаагүй болж байна.

“Цаасан дээрх” баялаг ба хоёрдогч зах зээл

AI-ийн ихэнх хөрөнгө хувийн компаниудынх байдаг нь, үүсгэн байгуулагчид болон хувьцаа эзэмшигчдэд мөнгөө авахыг хэцүү болгодог. 1990-ээд оны сүүл үеийн цэг-комын өсөлтөөс ялгаатай нь, өнөөдөр стартапууд хувийн хэвшилд удаан үлдэх боломжтой. Тэд венч капиталистууд, төрийн баялгийн сан, гэр бүлийн оффис болон бусад хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалтыг тогтмол татдаг.

Хоёрдогч зах зээлийн өсөлт нь, бусад хөрөнгө оруулагчдад хувьцаагаа зарж, бэлэн мөнгө босгох боломжтой болгодог. Тусгай хэлцэл эсвэл тендер улам бүр түгээмэл болж, үүсгэн байгуулагчид хувьцаагаа барьцаалж мөнгө зээлэх боломжтой болсон. OpenAI компани, хувьцааныхаа зарим хэсгийг ажилчдад зарж, бэлэн мөнгө авахаар төлөвлөж байна. Одоогоор тус компанийн үнэлгээ 500 тэрбум ам.долларт хүрчээ. 3-р сард 300 тэрбум доллараар үнэлэгдэж байв.

2023 оноос хойш, нэгдэх, худалдан авах, IPO хийх, урвуу нэгдэх, хяналтын багцыг худалдах 73 томоохон гүйлгээ хийгдсэн нь, компаниудын эздэд бодитоор мөнгө авчирчээ. Мета, Scale AI-д 14.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсний дараа үүсгэн байгуулагч Александр Ван, Метагийн хиймэл оюун ухааны багт ажиллахаар болсон. Мөн Scale AI-ийг үүсгэн байгуулагч Люси Гуо, энэхүү гэрээний дараа Холливудын Хиллс-д , 30 сая долларын харш худалдаж авсан байна.

Баялгийн газарзүйн төвлөрөл

AI-ийн өсөлт Сан Францискогийн булангийн бүсэд төвлөрч, дот-комын эрин үеийг санагдуулдаг. Өнгөрсөн жил Цахиурын хөндийн компаниуд 35 тэрбум гаруй ам.долларын венчурын хөрөнгө оруулалт татжээ.

Сан Франциско одоо тэрбумтнуудын тоогоор 66 тэрбумтантай Нью-Йоркийг гүйцэж түрүүлэн, 82 тэр бумтантай болов. Арван жилийн дотор Бэй Аэриа дахь саятнуудын тоо хоёр дахин өссөн бол Нью-Йоркт 45%-иар өссөн байна.

Өнгөрсөн жил Сан Франциско хотод 20 сая доллараас дээш үнэтэй байшингуудын худалдан авалт дээд амжилт тогтоосон бөгөөд хотын түрээсийн үнэ, орон сууцны үнэ болон эрэлт нэмэгдэж байгаа нь хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотой байна.

"Энэ хиймэл оюун ухааны долгион газарзүйн хувьд ингэж төвлөрсөн нь гайхалтай. Технологийн компаниудыг байгуулж, өсгөхдөө сайн хүмүүс энд байна. Би 25 жилийн турш Цахиурын хөндийг мэднэ. Цахиурын хөндий нь, Цахиурын хөндий хэвээр байсаар байна" гэж Макафи ярьжээ.

Санхүүгийн салбарын хэтийн төлөв ба сонирхол

OpenAI зэрэг компаниуд хувьцаагаа арилжаалвал, хөрөнгийн бирж дээр хувьцаа нь нээлттэй болно. Яг одоо үүсгэн байгуулагчид болон ажилчдын хөрөнгө нь хувийн компаниудын хувь эзэмшилд байдаг. Эдгээр хувиудыг бодит мөнгө болгон хялбархан хөрвүүлэх боломжгүй.

Олон нийтэд нээлттэй болсноор тэдгээр хувьцаа хөрвөх чадвартай болж, эзэмшигч нь тэднийгээ их мөнгөөр зарж, Google болон Facebook-ийн хувьцаанд гарсан шиг супер баячуудын шинэ давалгааг бий болгож чадна. Ийм байдлаар IPO хийх нь цаасан баялгийг бодит мөнгө болгон хувиргадаг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.