Хиймэл оюун ухаан зөвхөн нэг шинжилгээгээр хүний үхлийг урьдчилан таамаглаж чадна.
Sun Jul 17 2022
Хиймэл оюун ухаан (AI) нь эмч нарт энгийн мэт харагдаж байгаа зүрхний цахилгаан бичлэгийн хариугаар тухайн хүний нэг жилийн дотор үхэх магадлалыг урьдчилан таамаглаж чадна. Үүнийг хэрхэн тооцоолж буйг нь тайлбарлаж чадахгүй байгаа талаар New Scientist дээр бичжээ.
АНУ-ын Пенсильвани дахь Гейсингер эмнэлгийн төвийн ажилтан Брэндон Форнвалт болон түүний хамтрагчид хиймэл оюун ухаанд 400,000 орчим хүний 1.77 сая электрокардиограмм(ЭКГ)-ын үр дүнг судалж, нэг жилийн дотор хэн нь үхэх эрсдэлтэй болохыг урьдчилан таамаглах даалгавар өгчээ.
ЭКГ нь зүрхний цахилгаан үйл ажиллагааг бүртгэдэг бөгөөд зүрхний шигдээс, хэмнэл алдах, хэт хурдан цохилох зэрэг зүрхний өвчний үед цахилгаан бичлэгийн зурганд өөрчлөлт илэрнэ.
Тус баг ЭКГ-ын хоёр хувилбарыгAI-д оруулсан: 1/алгоритмд зөвхөн зүрхний хүчдэлийг хэмждэг ЭКГ-ын боловсруулаагүй өгөгдлүүд. 2/ ЭКГ-ын өгөгдлийг өвчтөний нас, хүйстэй хослуулан оруулсан өгөгдөл. Ингээд тэд хиймэл оюун ухааны гаргаж буй үр дүнг AUC гэгддэг хэмжигдэхүүнээр хэмжсэн бөгөөд энэ загвар нь нэг жилийн дотор нас барсан өвчтөнүүд болон амьд байгаа хүмүүсийг хэр сайн ялгаж байгааг нь хэмжжээ. AI тогтмол 0.85-аас дээш оноог гаргаж байсан ба хамгийн зөв оноо нь 1 харин 0.5 оноо нь хоёр бүлгийн хооронд ялгаагүй байгааг харуулж байв.
"Одоогоор эмч нарын хэрэглэж буй эрсдлийн үнэлгээний загваруудын AUC нь 0.65-0.8 хооронд хэлбэлздэг, аль ч тохиолдолд, хүчдэлд суурилсан загвар нь ЭКГ-ын өгөгдлүүдийн дунд хамгийн дээр нь байдаг." гэж Форнвалт бичжээ.
AI нь, зүрх судасны эмч нар ЭКГ-ын бичлэгт хэвийн бус байдал илрээгүй гэсэн хүмүүст ч үхлийн эрсдэлийг нарийн таамаглаж байсан. ЭКГ-ын бичлэгийг тусад нь судалсан гурван зүрх судасны эмч нар хиймэл оюун ухаанаас илрүүлсэн эрсдэлийн хэлбэрийг тодорхойлж чадаагүй байна.
Форнвалт, "Энэ судалгаа, хиймэл оюун ухаан нь хүмүүсийн харж чадахгүй байгаа зүйлийг хардаг, тэр зүйлийг бид үл тоомсорлож, хэвийн зүйл гэж боддог гэдгийг харуулж байна. Хиймэл оюун ухаан нь бидний хэдэн арван жилийн турш буруу ойлгож байсан зүйлсийг бидэнд заах чадвартай гэж үзэхэд хүргэж байна” гэжээ.
AI ямар паттерн хэв маягийг ашигладаг нь тодорхойгүй хэвээр байгаа тул зарим эмч нар ийм алгоритмыг ашиглахаас татгалзаж байв.
Энэ судалгааны үр дүнг өнгөрсөн оны 11-р сарын 16-нд Даллас хотод болсон Америкийн Зүрхний Ассоциацийн Шинжлэх Ухааны Чуулганы үеэр танилцуулсан ажээ.
Эх сурвалж: forumdaily.com








