Хиймэл оюун ухаан хүмүүсийн бүх ажлыг булаана гэж Элон Маск хэлжээ
Tue Jun 04 2024
Элон Маск хиймэл оюун ухаан хүмүүсийн бүх ажлыг булаана гэж хэлсэн нь тийм ч муу зүйл биш гэж CNN мэдээллээ.
Маск, 5-р сарын 23-нд болсон технологийн бага хурал дээр "Бидний хэн нь ч ажилгүй болох магадлалтай" гэсэн. Мөн Парист болсон VivaTech 2024 үзэсгэлэнд вэб камераар зайнаас оролцохдоо, ажлын байрыг ирээдүйд "заавал байх ёстой" зүйл биш гэсэн тайлбар хийв. Тэрээр, "Хэрэв та хобби хэмжээнд аливааг хийхийг хүсч байвал түүнийгээ хийх болно. Харин бусад хэрэгцээт зүйлсийг хиймэл оюун ухаан болон роботууд хийж, танд хэрэгтэй бүх бараа, үйлчилгээг үзүүлэх болно" гэсэн бөгөөд энэ хувилбар хэрэгжихэд, "нийтээрээ өндөр орлого"-той байх ёстой. Үүнийг хувь хүний суурь орлоготой андуурч болохгүй гэж хэлсэн ч, “нийтийн өндөр орлогын” талаар тайлбар хийсэнгүй. Засгийн газраас хүн болгонд орлого тооцохгүй тодорхой хэмжээний мөнгө өгч шийдэх байх гэсэн таамаг үлдээв. Мөн "Бараа, үйлчилгээний хомсдол огт гарахаа больно" гэж Маск баталж байлаа.
AI ба ажлын байр
Хиймэл оюун ухааны чадавхи сүүлийн хэдэн жилийн хугацаанд маш хурдацтай өсч байгаа тул зохицуулагчид, компаниуд болон хэрэглэгчид уг технологийг хэрхэн хариуцлагатай ашиглах талаар судалж байна. Хиймэл оюун ухаан зах зээлд өргөн тархах тусам төрөл бүрийн үйлдвэрүүд, ажлын байрууд хэрхэн өөрчлөгдөх тухай санаа зовоосон асуудал нэмэгдсээр байгаа юм. 1-р сард MIT-ийн Компьютерийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухааны лабораторийн судлаачид, ажлын байруудад хиймэл оюун ухааныг зарим хүмүүсийн бодож, айж байснаас хамаагүй удаан нэвтрүүлж байгааг тогтоож, хиймэл оюун ухаанаар гүйцэтгэнэ гэж үзэж буй ихэнх ажлын байрыг ажил олгогчид автоматжуулах эдийн засгийн боломжгүй болох нь харагдсаныг тайландаа дурджээ. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, уран бүтээлчид, багш нар гэх мэт сэтгэл хөдлөл, ухаан шаарддаг, хүмүүсийн харилцан үйлчлэл шаарддаг олон ажлыг хиймэл оюун ухаанаар орлуулах боломжгүй гэж үзсэн байна.
Түүнчилэн, Маск хиймэл оюун ухааны талаар санаа зовж буйгаа илэрхийлсэн бөгөөд 5-р сарын 23-нд болсон үндсэн илтгэлийнхээ үеэр тэр, “энэ технологийг өөрийнхөө хамгийн том айдас” гэж нэрлэжээ. Мөн, нийгмийн тухай утопи төсөөлөл бүхий, дэвшилтэт технологид суурилсан Ian Banks's Culture Book Series номыг хамгийн бодитой бөгөөд "Хиймэл оюун ухааны ирээдүйн талаархи хамгийн сайн төсөөлөл" гэж үздэгээ хэлсэн ч, ирээдүйд ажил хийх шаардлагагүй, ажилгүй болсон хүмүүс сэтгэл санааны хувьд хангалуун байх эсэхэд эргэлзэж буйгаа нуусангүй, "Хүмүүс бид, хиймэл оюун ухаанд утга учрыг өгөх үүрэгтэй ч, компьютер, роботууд бүх зүйлийг чамаас илүү хийж чаддаг болчихвол таны амьдрал утга учиртай юу?” гэсэн асуултаар болгоомжлолоо илэрхийлжээ. Мөн сонирхолтой нь тэрээр,"олон нийтийн сүлжээ нь допаминыг ихэсгэдэг хиймэл оюун ухаанаар програмчлагдсан" учир хүүхдүүдийнхээ үздэг зүйлсийг олон нийтийн сүлжээнд хязгаарлахыг эцэг эхчүүдэд итгүүлэхийг оролдож байв.








