Хууль эрх зүйн туслах AI DoNotPay хүмүүст, авто зогсоолын торгуулийн тасалбарыг эсэргүүцэж заргалдахад тусалдаг. Харин одоо энэ технологийг анх удаа жинхэнэ шүүхийн танхимд туршина гэж Gizmodo мэдээлэв.
Энэхүү өөрийгөө "дэлхийн анхны робот хуульч" гэж нэрлэдэг, хиймэл оюун ухаанаар ажилладаг хуулийн зөвлөх, анх удаа жинхэнэ шүүхийн танхимд өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэж, чихэвчээр дамжуулан шүүгдэгчид хурд хэтрүүлснээс үүдэн гарах торгууль, үр дагавраас зайлсхийхийн тулд шүүхийн танхимд юу хэлэхийг заана, энэ шүүх хурал хоёрдугаар сард АНУ-ын шүүхийн танхимд болно гэж DoNotPay компани мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн хувийн нууцыг хамгаалах үүднээс хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
DoNotPay-н хийж байгаа зүйл нь, хууль тогтоомж, шүүхийн протоколыг зөрчих магадлалтай учраас маш болгоомжтой хандаж байгаа юм. Дэлхийн олон улс орон, эрх мэдлийнхээ хүрээнд, гар утас, интернет төхөөрөмжүүдийг шүүх дээр ашиглахыг хориглодог. Харин Браудер компани нь, интернет төхөөрөмж, гар утас хэрэглэхийг хориглодог хязгаарлалтыг зөрчихгүйн тулд Apple AirPods-ийг ашиглах боломж олгодог шүүхийн дүрмийн цоорхойд найдаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдаанд хиймэл оюун ухаан оролцож буй талаар мэдэгдэх эсэхийг асуухад, тус компанийн гүйцэтгэх захирал Браудер,- "Мэдээж үгүй" гэж хариулжээ.
Мөн АНУ-д хурд хэтрүүлсэн хэрэгт холбогдсон өөр нэг хариуцагчтай хамтран ажиллаж байгаа, энэ хэргийг Zoom дээр шүүнэ. Энэ тохиолдолд DoNotPay нь нийлэг дуу хоолой, телесуфлер ашиглана. Энэ стратеги бол "хууль бус", гэхдээ хууль эрх зүйн үр дагаварт тийм ч их санаа зовдоггүй, учир нь "энэ бол замын хөдөлгөөний торгууль юм." Тэгээд ч, AI-зааж зааварласны төлөө шүүгдэгчид хурд хэтрүүлсэн хэргээр шүүхээс хатуу шийтгэл оноохгүй. Мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хориглох тодорхой заалт хуульд байдаггүй. “Энэ бол туршилт, бид эрсдэлд орох дуртай" гэж Брайдер нэмж хэлэв.
Түүнчилэн DoNotPay, энэ хоёр хэргээс үүдсэн торгуулийн хариуцлагыг хүлээхээр төлөвлөж байгаа бөгөөд мөн хоёр шүүгдэгчид "туршилт" -д оролцсоных нь төлөө нөхөн олговор олгоно гэж мэдэгджээ. Тэрээр мөн, тус компани хиймэл оюун ухаанаа худал хэлэхгүй, танилцуулсан баримтаас хазайхгүй байх тал дээр сайтар сургасан, энэ нь шүүхийн танхимд худал мэдүүлэг өгсөн хэргээр яллах магадлалыг арилгана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
DoNotPay нь, 2015 онд хэрэглэгчдэд хүнд суртал, хууль эрх зүйн будлианы үед туслах зорилготой үндсэн чатбот хэлбэрээр анх худалдаанд гарсан бөгөөд ихэвчлэн харилцан ярианы загваруудыг ашигладаг байна. Хамгийн анхны хувилбарууд болох бот нь ч амжилт үзүүлж байсан. Хоёр жил хүрэхгүй хугацаанд DoNotPay, Нью-Йорк, Лондонгийн 160,000 авто зогсоолын торгуулийн хэргүүдийг амжилттай давсан бөгөөд тус компани байгуулагдсан цагаасаа хойш нийт 2 сая хэргийг шийдвэрлэсэн гэж мэдэгджээ. 2020 онд ChatGPT гарснаар тус компани хиймэл оюун ухаанд илүү анхаарлаа хандуулж, чадавхиа өргөжүүлсэн байна.
Сүүлийн үед DoNotPay,нь, корпорацийн хэлэлцээр хийх тактикаараа мөн олны анхаарлыг татах болсон. Браудер өөрийн твиттер хуудсандаа нийтэлсэн видеондоо, ChatGPT-ээр ажилладаг бот ашиглан сарын интернетийн төлбөрөө 10 доллараар хасаж байгаагаа харуулж, хиймэл оюун ухаан, нийлэг дуу хоолойг ашиглан банкны хураамжаас 16 долларыг нөхсөн гэдгээ мэдээлжээ. DoNotPay-г ойрын ирээдүйд, олон нийт хамгийн их хэрэглэх болно гэж Браудер үзэж байгаа юм. Тэрээр, хиймэл оюун ухаанаар зарим хуульчдыг бүрмөсөн орлуулах зорилготой. Мөн тус компани торгууль, эрүүл мэндийн зардал, захиалга болон орчин үеийн амьдрал дах нийтлэг хүнд суртлаас үүдэлтэй саад бэрхшээлээс зайлсхийхийг хүсдэг хүмүүст зориулж бичгээр мессеж, скрипт бэлтгэж илгээх хэрэгслийг аль хэдийн сайт дээрээ санал болгосон. Одоогийн шүүхийн танхимд хийх туршилт нь "Шүүхийг технологи ашиглах, хүмүүст шударга ёсыг тогтоох боломжийг олгохыг оролдох, дэмжих үзэл баримтлалын нотолгоо" болно гэж хэлжээ.
Браудер, компанийнхаа сурталчилгаанд "Бид зогсоолын торгуулийг шударга болгох, агаарын тээврийн компаниуд гэх мэт томоохон компаниудаас нөхөн төлбөр буцаан авах зэрэг дээр, томоохон компаниуд, корпорацуудтай тэмцэх, хүнд суртлыг арилгах, ялахад хэрэглэгчиддээ тусалдаг... DoNotPay-н зорилго бол хуулийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгох явдал юм" гэж бичжээ. Мөн тэрээр, Zoom хурал болон шүүх танхимын хурлууд дээр хэргүүд шийдвэрлэгдсэний дараа үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ, түүний энэхүү өндөр хүлээлт нь, шүүхийн танхимд амжилттай хэрэгжих эсэхийг харахын тулд хоёрдугаар сарыг дуустал хүлээх хэрэгтэй болж байна.