Хэрэв та энэ жилийн баяруудын үеэр аялахаар төлөвлөж байгаа бол маш үнэтэй тийз авахад бэлэн байгаарай.
Sun Sep 18 2022
Энэ жилийн баярын үеийн нислэгүүд сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр өртөгтэй байх болно. Хэрэв та Талархлын өдөр эсвэл Зул сарын баяраар нисэхээр төлөвлөж байгаа бол өндөр үнэтэй тийз худалдаж авахад бэлэн байгаарай гэж CNBC мэдээлэв.
Тийзний үнийн хэлбэлзлийг хянадаг, Hopper-ын эх сурвалжаас харвал Талархлын өдрийн аялалын дотоодын нислэгийн дундаж үнэ 350 доллар, харин олон улсын хоёр талын нислэг дунджаар 795 долларын үнэтэй байхаар байгаа нь тахлын өмнөх 2019 оныхоос 22 хувиар илүү байна.
Hopper-ын мэдээлж байгаагаар, энэ жилийн амралтын өдрүүдээр тохиож буй Зул сарын баяраар дотоодын хоёр талын тийз 2019 оныхоос бараг гуравны нэгээр илүү үнэтэй буюу дунджаар 463 доллар, харин олон улсын тасалбар 26%-иар нэмэгдэж 1300 доллар болжээ.
Талархлын баярын өмнөх Лхагва гариг эсвэл Зул сарын баярын өмнөх өдрүүд гэх мэт оргил ачааллын өдрүүдэд нисэх нь илүү үнэтэй байх болно. Аялал жуулчлалын мэргэжилтнүүд аялалаа сайтар төлөвлөж, эдгээр өдрүүдээс өөр үед нисэхийг зөвлөж байна.
Мөн Cranky Flier аялал жуулчлалын вэбсайтыг үүсгэн байгуулагч, агаарын тээврийн менежер асан Бретт Снайдер, агаарын тээврийн компаниуд хэдэн суудал зарахаа тооцох хяналтаа сайжруулсан тул энэ жилийн баяруудын үед хямд тийз олоход хэцүү байх болно гэдгийг мөн анхааруулсан байна.
Агаарын тээврийн эмх замбараагүй байдалд нөлөөлсөн олон хүчин зүйл болох нисэх онгоцны хүрэлцээгүй байдал, боловсон хүчний дутагдал, сургалтын хоцрогдол зэрэг нь тэр даруй арилахгүй бөгөөд ирээдүйд нисэх боломжийг хязгаарлаж, тийзний үнэ өндөр хэвээр байх магадлалыг үүсгэж байгаа аж.
Hopper-ын ахлах эдийн засагч Хейли Берг, 10-р сарын дундаас өмнө амралтаараа аялах нислэгийн тийзээ захиалахыг, мөн “Хэрэв танд боломжийн үнэтэй санагдсан тасалбар таарвал эртхэн захиалаарай" гэж зөвлөсөн байна.
Эх сурвалж: CNBC








