Anu.mn
Хэн ч саятан болж чадна: баяжих арга замууд

Хэн ч саятан болж чадна: баяжих арга замууд

Thu Aug 04 2022
Хэн ч саятан болж чадна: баяжих арга замууд

2004 онд Том Корли, баяжих арга замууд болон баян хүмүүсийн "Баяжсан зуршил"-ыг таван жил судалснаар 4 төрлийн баячууд байдгийг болон тэдний баримталдаг зарчим, зуршлуудыг тодорхойлсон гэж CNBC бичжээ.

Түүний ярилцлага авсан 225 саятнууд, дараах дөрвөн ангиллын аль нэгэнд багтаж байв.

Хадгалж хураадаг хөрөнгө оруулагчид: Тэд юу ч хийсэн хадгаламж, хөрөнгө оруулалтыг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгодог. Тэд баялгаа нэмэгдүүлэх ухаалаг арга замыг байнга бодож байдаг.

Карьеристууд: Томоохон компанид ажиллаж, маш өндөр цалинтай удирдах албан тушаалд очих хүртлээ бүх цаг зав, эрч хүчээ компанийн шатаар өгсөхөд зориулдаг.

Виртуозууд: Тэд бизнесийн шилдэг хүмүүсийн тоонд ордог бөгөөд мэдлэг, туршлагынхаа төлөө өндөр цалин авдаг. Эрдмийн зэрэг (хууль, анагаах ухаан гэх мэт) зэрэг албан ёсны боловсрол ихэвчлэн шаардагддаг.

Мөрөөдөгчид: Энэ бүлгийн хүмүүс хувийн бизнесээ эхлүүлэх, эсвэл амжилттай жүжигчин, хөгжимчин, шилдэг зохиолч болох гэх мэтэд мөрөөдлөөрөө тэмүүлдэг. Мөрөөдөгчид амьдралынхаа төлөө хийдэг зүйлдээ дуртай байдаг бөгөөд тэдний хүсэл тэмүүлэл нь тэдний банкны дансанд илэрдэг.

Хадгаламж хуримтлал эрхэмлэдэг хөрөнгө оруулагчийн зам нь, бизнес эрхлэх хүсэл мөрөөдөл, бүтээлч хүсэл тэмүүлэлтэй “мөрөөдөгчид”-тэй харьцуулахад хамгийн бага эрсдэлтэй байдаг. Асуулга, ярилцлага өгсөн саятнуудын 88 хувь нь хуримтлал нь тэднийг санхүүгийн амжилтад хүргэсэн онцгой чухал зүйл гэж хэлсэн байна.
Мөн судалгаанд хамрагдсан саятанууд дундажаар 3-7 сая долларын хөрөнгөтэй болохын тулд 12-32 жил зарцуулсан байна.

Судалгаанд хамрагдсан саятнуудын хамгийн нийтлэг 3 зуршлуудыг хэн ч даган дууриаж, хэрэгжүүлж болох юм. Үүнд:

1. Тэд автоматаар, цэвэр цалингийнхаа 20%-ийг хэмнэдэг.
Судалгаанд хамрагдсан хэмнэгч-хөрөнгө оруулагч бүр цэвэр цалингийнхаа 20 ба түүнээс дээш хувийг цалин орлого болгонд тогтмол хадгалдаг. Олонхи нь, цэвэр цалингийнхаа тодорхой хувийг автоматаар суутгуулж хадгалуулах замаар ийм амжилтанд хүрсэн гэжээ. 10% нь ажил олгогчийн тэтгэврийн дансанд орж, үлдсэн 10% нь тусдаа хадгаламжийн данс руу автоматаар шилжихээр шийддэг байна. Сар бүр мөнгө хуримтлуулдаг хөрөнгө оруулагчид хуримтлагдсан 10% хадгаламжаа брокерийн данс гэх мэт хөрөнгө оруулалтын данс руу шилжүүлдэг. Энэхүү 20% нь таны хувьд хэтэрхий их санагдаж байгаа бол, бага багаар тогтмол хэмнэж хуримтлуулах нь ирээдүйн санхүүгийн зорилгодоо хүрэхэд тань туслах найдвартай арга болно.

2. Тэд хадгаламжийнхаа тодорхой хэсгээр тогтмол хөрөнгө оруулалт хийдэг.
Тэд хадгаламжаа байнга хөрөнгө оруулалтад хийдэг тул тэдний мөнгө цаг хугацааны явцад нэмэгддэг. Эхний үед, энэ нь тийм чухал биш байдаг ч 10 жилийн дараа их хэмжээний хөрөнгө хуримтлагдаж эхэлдэг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хөрөнгө ахимаг насанд хүрэх үед нь, дунджаар 3.3 сая ам.долларт хүрч өсдөг байна.

Мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөж, хувийн бизнесээ эхлүүлсэн саятнууд (мөн энтрепренёр мөрөөдөгчид гэгддэг) мөрөөдлөө биелүүлэх эхний үе шатанд хадгаламж үүсгэх боломжгүй байдаг ба байгаа бүх хуримтлалаа мөрөөдлөө санхүүжүүлэхийн тулд эргэлтийн хөрөнгө болгон ашигладаг гэжээ. Сонирхолтой нь, эдгээр алсын хараатай бизнес эрхлэгчдийн ихэнх нь бэлэн мөнгөний урсгал хэлбэрээр амжилтанд хүрмэгцээ, тэр даруй орлогоо хөрөнгө оруулалтад хийж эхэлсэн байдаг байна.

3. Тэд туйлын хэмнэлттэй байдаг.
Судалгаанд хамрагдсан хадгалж хуримтлуулдаг хөрөнгө оруулагчид болон том компанийн карьеристууд, мөн саятан болсон уран бүтээлчдийн нийтлэг шинж чанаруудын нэг нь хэмнэлттэй байх явдал байв. Эдгээр саятнуудын хувьд хэмнэлттэй байх нь анхны цалингаа авах мөчөөс эхэлдэг. Харин бизнес эрхлэгч, мөрөөдөгчдийн хувьд хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийхэд хангалттай мөнгөн урсгалыг бий болгосон тэр мөчөөс эхэлсэн байдаг.

Хэмнэлттэй байхын тулд танд гурван зүйл хэрэгтэй:

  • Мэдлэг: Мөнгөө хэрхэн зарцуулж байгаагаа мэддэг байх.
  • Чанарт анхаарлаа хандуул: Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөнгөө зарцуул.
  • Хямдралтай худалдаа: Хамгийн бага үнээр худалдан авалт хийх замаар аль болох бага мөнгө зарцуул.

Зөвхөн арвич хямгач байснаар мөн баян болохгүй. Энэ бол "Баялагт хүргэх зуршлууд"-ын зөвхөн нэг хэсэг бөгөөд өөр олон зүйл бий. Гэхдээ хэдий чинээ их хуримтлалтай байна төдий чинээ их мөнгө хөрөнгө оруулалтад оруулах боломжтой гэдэг нь ойлгомжтой юм.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн