September
16
2022
Anu.mn
Мэдээ
Хатуу, хүйтэн өвөл болох нь: Farmers’ Almanac ирэх өвлийн цаг агаарын нарийвчилсан мэдээг ...
Хатуу, хүйтэн өвөл болох нь: Farmers’ Almanac ирэх өвлийн цаг агаарын нарийвчилсан мэдээг нийтэллээ.
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хатуу, хүйтэн өвөл болох нь: Farmers’ Almanac ирэх өвлийн цаг агаарын нарийвчилсан мэдээг нийтэллээ.
Photo: IStock

Хойд Америкийн цаг агаарын урьдчилсан таамаглал, мэдээг нийтлэгч, Farmers’ Almanac-ын нарийвчилж гаргасан ирэх өвлийн цаг агаарын урьдчилсан мэдээнд анхаарлаа хандуулвал, энэ өвөл нэлээд хатуу, хүйтэн өвөл болох төлөвтэй байна.

Ердийнхөөс илүү хүйтэн өвөл, илүү эрт болох төлөвтэй байгаа нь цас мөсөнд дурлагчдын хувьд сайн мэдээ боловч, нийт хүмүүст тийм ч сайхан зүйл биш юм. Нийт бүс нутгийг хамруулсан урьдчилсан мэдээгээр АНУ-д улирлын туршид өвлийн цаг агаарын нэлээд хэдэн хүчтэй, онцгой үзэгдлүүд болох төлөвтэй байна. Үүнийг Farmers’ Almanac тодорхой жагсаасан байна:

  • 2023 оны 1-р сарын эхний долоо хоногт Rockies ба Plains нутгуудаар их хэмжээний цас орно.
  • 1-р сарын 16-23-ны хооронд нутгийн зүүн хэсгийн гуравны хоёрыг хамарсан бороо цас холилдсон шуурга шуурч, дараа нь сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаагүй хүйтэн арктикийн цаг агаарын урсгал орж ирж маш хүйтэн байх болно.

Энэ өвөл АНУ-д хэр их цас орох вэ?

Farmers’ Almanac улс даяар цастай өвөл болно гэж таамаглаж байна. Ихэнхи бүс нутгууд хүйтэн байх ч, хүчтэй шуурга, хүйтэн цаг агаарт онцгойлон Мексикийн булангийн баруун хэсгээс зүүн хойш Виржиниа муж, Нью-Йорк муж болон Нью-Англи өртнө гэж таамаглаж байна. Гэхдээ шуурга дайран өнгөрнө гэж урьдчилан таамаглагдсан газруудаас өмнө зүгт орших мужуудад зөөлөн өвөл болно гэж найдаж болохгүй. Нийтлэлд, өмнөд мужуудаар хүйтэн агаарын температур болон өвөлдөө их хур тунадастай, цастай байх бөгөөд ойр ойрхон цасан шуургатай байхыг анхааруулж байна.

Хойд зүгийн болон төвийн мужуудын оршин суугчид энэ бүсэд их хэмжээний цас орох төлөвтэй байгаа тул “Цагаан зул сар”-ын баярт найдаж болно. Гэсэн хэдий ч төвийн бүсийн өмнөд мужуудад нэгдүгээр сарын эхээр хамгийн хатуу ширүүн цаг агаарын нөхцөл үүсэх төлөвтэй байна. Харин Farmers’ Almanac баруун өмнөдөд ердийнхөөс бага хур тунадас орно гэж таамаглаж байна.

Өвөл хэр хүйтэн байх вэ?

Ерөнхийдөө ойрын хэдэн сард маш хүйтэн байх болно. Тодруулбал, тус нийтлэлд, төвийн бүсийн хойд мужууд цастай бүсийн нэг хэсэг болно гэж анхааруулжээ. Зүүн хойд мужууд хүнд цохилтонд өртөхгүй, гэхдээ хахир хүйтэн, цастай өвөлд бэлэн байх ёстой.

Тус улсын баруун хэсгээр ердийн хэмжээний хур тунадас орно, эсвэл ердийнхөөс илүү хуурай өвөл болно гэсэн таамаг байна (ихэвчлэн баруун өмнөд хэсэгт хамаарна).

Өвөл хэзээ дуусах вэ?

Өвлийн сүүлчийн өдөр нь 2023 оны 3-р сарын 19-нд тохиож байгаа ч АНУ-ын иргэд 2-р сараас агаарын температур нэмэгдэж эхэлнэ гэж найдаж байна. Ирж буй 1-р сар ердийнхөөс хамаагүй хүйтэн байх болно гэж Farmers’ Almanac мэдээлжээ.

Farmers’ Almanac гэж юу вэ?

Farmers’ Almanac сэтгүүл нь улирлын цаг агаарын урьдчилсан мэдээг олон арван жилийн турш мэдээлж ирсэн ба жил бүрийн энэхүү Америкийн тогтмол хэвлэл 1818 оноос хойш АНУ, Канадын аль алиных нь цаг агаарын урт хугацааны урьдчилсан мэдээг нийтэлсээр ирсэн байна. Уг сэтгүүл нь цаг агаараас гадна илүү их зүйлийг нийтэлдэг. Үүнд нь, байгалийн эмчилгээ, сарны хуанли түүний утга учир, төрөл бүрийн сэдвээр зөвлөгөөнүүд, ардын аман зохиол гэх мэт төрөл бүрийн сэдвүүдийг тусгадаг байна.

Шинэ хэвлэл нь 8-р сарын сүүлээр гардаг бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээг 16 сараар нийтэлдэг. Мөн уг нийтлэлд дүгнэлтүүд, үр дүнг долоон өөр бүсэд хувааж, улирлын цаг агаарын зураглалыг багтаадаг байна.

Farmers’ Almanac урьдчилсан мэдээгээ хэрхэн гаргадаг вэ?

Farmers’ Almanac-ад урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах тодорхой томъёо байдаг. "Farmers’ Almanac нь хиймэл дагуулаас хянах, цаг агаарын мэдлэг мэдээлэл болон байдлыг ажиглах зэрэгт компьютерийн төхөөрөмж ашиглахыг эрс үгүйсгэдэг" гэж хэвлэлийн вэбсайтад бичжээ. Тэд одон орон судлаач, математикч Дэвид Янг(David Young) буюу Farmers’ Almanac сэтгүүлийн анхны редакторын 1818 онд боловсруулсан тодорхой бөгөөд найдвартай дүрмийг ашигладаг байна. Эдгээр дүрмийг бага зэрэг өөрчилж, математик, одон орны аль алинд нь тохирсон томъёо болгон хувиргасан ажээ. Томьёог мэддэг цорын ганц хүн бол Farmers’ Almanac-ын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргагч Калеб Уэтерби(Caleb Weatherby) хэмээх нууц нэртэй хүн юм. "Энэхүү патентлагдсан томъёог хамгаалахын тулд Farmers’ Almanac сэтгүүлийн редакторууд, Калебын жинхэнэ дүр төрх болон томъёог маш сайн хамгаалдаг ба брэндийн нууцын хэмжээнд авч үздэг" гэж вэбсайтад мөн бичжээ.

Гэхдээ уг томъёололд гарагуудын байрлал, сарны түрлэг, нарны толбоны идэвхжил зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг болохыг уг нийтлэл харуулж байна.
Урьдчилан таамаглагчид өөрсдийн арга барилдаа маш итгэлтэй байдаг тул Farmers’ Almanac таамаглалыг хоёр жилийн өмнө тооцдог! Тус хэвлэлийн цахим хуудсанд "Шинэ хэвлэл хэвлэгдсэний дараа редакторууд бусад орон нутгийн эх сурвалжийн адил таамаглалаа өөрчлөх, шинэчлэх гэж хэзээ ч эргэж ирдэггүй" гэж бичжээ. Нийтлэлийн байнгын уншигчдын ихэнх нь тухайн жилийн урьдчилсан таамаглал 80-85% үнэн зөв байдаг гэж үздэг байна.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.