Хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж 20 жил ойн дунд онгоцонд амьдарч буй эр
Fri Dec 30 2022
АНУ-ын иргэн Брюс Кэмпбеллийн хачирхалтай түүх олон нийтийг гайхшруулж байна. 73 настай цахилгааны инженер, хаягдал нисэх онгоцны цэгээс 100 мянган доллараар худалдаж авсан онгоцондоо амьдарч, хэрэглээний зардалд сард 370 доллар төлдөг. Тэрээр өөрийгөө дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэж үздэг гэж CNBC мэдээлэв.
70-аад оны эхээр Брюс Кэмпбелл Орегон мужийн Портланд хотын захын дүүрэг болох Хиллсборо хотод 4 га газар 25,800 доллараар худалдан авчээ. Брюс 15 настай байхдаа, зурагтаар нисэх онгоц хаядаг цэгийг хараад тэдний нэгэнд амьдрахаар шийдсэн гэнэ. 1999 онд Кэмпбелл үүнийгээ хэрэгжүүлэхээр шийдсэн боловч яаж шийдэхээ мэдэхгүй байсан тул, хаягдал онгоцнуудын компанид ханджээ. Гэхдээ тэр, -"Энэ бол маш том алдаа байсан. Хаягдал онгоцны компаниуд хэрэггүй. Хөдөлгүүрийг нь авсан онгоцыг бүрэн бүтэн байдлаар нь худалдаж авахыг зөвлөж байна." гэж ярьж байв. Юутай ч, хэдэн сарын дараа тухайн хандсан компани нь, Кэмпбеллд 100 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 31 тонн жинтэй 200 хүний суудалтай Боинг 727 онгоцыг санал болгожээ. Уг онгоц нь Грекээс олдсон, Америкийн түүхийн нэг хэсэг болж таарсан байна. Энэ онгоцыг 1975 онд агаарын тээврийн компанийн эзэн Аристотель Онассисын шарилыг тээвэрлэхэд ашиглаж байсан түүхтэй ажээ. Грек-Аргентины далайн тээврийн магнат нас барах үедээ АНУ-ын тэргүүн хатагтай асан Жаклин Кеннеди Онассистай гэрлэсэн байсан юм. Онгоцны бүртгэлд, Жаклин Кеннеди Онассис, сенатор Тед Кеннеди нар 1975 онд Грекийн эргийн ойролцоох хувийн арал дээр нь Аристотель Онассисын шарилыг оршуулахаар дагалдан явахдаа энэ онгоцоор нисч байжээ. Мөн уг Boeing 727 нь Olympic Airways-ын 43,000 нислэг хийсэн онгоц аж.
Кэмпбелл уг онгоцны үнэд 100 мянган ам.доллар төлсөн бөгөөд онгоцыг Грекээс Орегон руу авчран, өөрийн эзэмшил газар руу Хиллсборо хотын төв гудамжаар чирэх, хөдөлгүүр болон бусад элементүүдийг салгахад 20 мянган доллар зарцуулснаар нийтдээ 120 мянган долларын өртөгтэй болжээ.Тэрээр, -"Би ийм газар амьдрахдаа илүү сэтгэл хангалуун байдаг. Хэрэв та инженер, эрдэмтэн эсвэл сансрын технологийн гайхамшиг, үзэмжийг үнэлдэг хүн бол энэ нь амьдрахад илүү аз жаргалтай газар." гэж ярьж байв. Тэр онгоцоо сууц болгохын тулд 15,000 доллар, 2 жил зарцуулсан. Кэмпбелл онгоцны шалыг тунгалаг plexiglass-аар сольсон бөгөөд Боинг 727-ийн шалан доорх утаснуудын сүлжээ, ногоон өнгийн хөнгөн цагаан хөндлүүд, титан агааржуулалтын сувгууд зэрэг далд байдаг инженерийн нарийн ширийн зүйлийг харагдаж байхаар шийдсэн гэж NBCNews бичжээ.
Түүний энэхүү өвөрмөц сууцны сарын зардал нь сард 370 доллар, үүнд үл хөдлөх хөрөнгийн татварт сард 220 доллар, цахилгааны зардалд сард 100-250 доллар төлдөг. Одоо Кэмпбелл цаг заваа, онгоцныхоо хуучин компьютерийн системийг нь сэргээх, онгоцны янз бүрийн цахилгааны системийг засварлах, хүмүүсийг ирж онгоцыг нь сонирхон үзэхэд зарцуулж байна. “Би энэхүү сэтгэлийнхээ дуудлагыг дагасандаа харамсахгүй байна. Ирж үзсэн зочидтойгоо хийсэн ярилцлага, сэтгэгдлээс харахад хүн төрөлхтөн ийм төрлийн байрыг таатай хүлээн авч буйг мэдэрдэг. Бид ашиглалтаас гарсан тийрэлтэт онгоц бүрийг өөр боломжит хэлбэрээр ашиглаж болно шүү дээ" хэмээн ярьсан байна.








