Anu.mn
Кеннедигийн аллагатай холбоотой олон мянган шинэ баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гарг ...

Кеннедигийн аллагатай холбоотой олон мянган шинэ баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гаргав

Sun Dec 18 2022
Кеннедигийн аллагатай холбоотой олон мянган шинэ баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гаргав

АНУ-ын Үндэсний архиваас АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн амийг хөнөөсөнтэй холбоотой олон мянган баримт бичгийг олон нийтэд ил болгожээ. Одоогийн Ерөнхийлөгч Жо Байден эдгээр баримт бичгүүдийг нийтлэхийг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсан ч, өөр хэдэн зуун баримт бичгийг нууцын зэрэглэлд тооцон дахин нэг жил хадгалахаар шийдсэн гэж "Америкийн дуу хоолой" мэдээлэв.

13,000 орчим шинэ баримт бичгийг нийтэлсэн нь, шуугиан дэгдээсэн нээлтүүдэд хүргэх эсвэл Кеннедигийн аллагын талаарх комиссын дүгнэлтийг өөрчлөх магадлал багатай. Харин эдгээр шинэ багц баримт бичиг нь аллагын эргэн тойрон дахь үйл явдлыг судалж буй түүхчдэд сонирхолтой байх болно гэж үзэж байна.

Кеннеди 1963 оны 11-р сарын 22-ны өдөр, түүний явж байсан машины цуваа Даллас хотоор дайран өнгөрөх үед, буудуулж амиа алдсан юм. Тэр амь үрэгдэх үедээ 46 настай байжээ. Аллагад ЗХУ-д хэдэн жил амьдарсан, тэнгисийн цэрэг асан, коммунист идэвхтэн Ли Харви Освальд буруутгагдсан юм. 12-р сарын 15-ны пүрэв гаригт нийтлэгдсэн энэхүү олон баримт бичгүүд нь ТТГ-ын ажилтнуудын бүрдүүлсэн материал бөгөөд АНУ-ын засгийн газар 1960 оны арванхоёрдугаар сард буюу Кеннеди алагдахаас бараг гурван жилийн өмнө Освальдтай холбоотой хэргийг нээсэн болохыг эдгээр баримт бичиг харуулдаг. Үүний шалтгаан нь 1959 онд ЗСБНХУ-руу зугтах гэсэн амжилтгүй оролдлого нь байсан ажээ.

1963 оны 12-р сарын 12-ны өдрийн баримт бичигт, Мехико дахь Тагнуулын төв газрын ажилтнууд Освальд, Зөвлөлтийн элчин сайдын яам руу утасдаж, тэр үедээ жинхэнэ нэрээ ашиглан, оросоор алдаатай ярьж байсан утасны ярианы бичлэгийг илрүүлсэн тухай өгүүлсэн байна. Освальд Кубаар дамжин ЗХУ-д очно гэж найдаж, виз авах хүсэлтэй байсан нь баримт бичгүүдээс харагддаг. Гэвч эдгээр баримт бичгүүд Кеннедигийн аллагын далд нууцыг бүрэн гүйцэд тодруулаагүй бөгөөд өнөөг хүртэл Освальдад хамсаатнууд байсан гэсэн онолууд үе үе гарч ирдэг.

Мянга мянган ном, нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, киноны зохиолчид Кеннедигийн аллага нь сайтар төлөвлөсөн хуйвалдааны үр дүн байсан гэсэн санааг дэвшүүлж байсан ч Освальдад хамсаатнууд байсан гэсэн баттай нотлох баримт олдоогүй бөгөөд Кеннеди алагдсанаас хоёр хоногийн дараа шөнийн цэнгээний газрын эзэн Жек Руби Освальдыг буудаж хөнөөсөн нь эргэлзээ, сэрдлэг хардлагыг улам ихээр төрүүлж байжээ.

Освальдыг алуурчин Рубитэй ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн хардлага эхэндээ байсан. Гэвч 1964 оны есдүгээр сард  хэвлэгдэж байсан нэгэн санамж бичигт "Тагнуулын төв газар Руби, Ли Харви Освальд нар бие биенээ таньдаг, хамсаатан байсан эсвэл ямар нэгэн байдлаар холбоотой байсан талаар мэдээлэл олоогүй" гэсэн байдаг.

Сүүлд нэмэгдсэн