Казахстаны иргэдэд АНУ-ын виз авах хялбар болно
Wed Dec 07 2022
АНУ-ын Элчин сайдын яам Казахстаны оршин суугчдад виз олгох ажлыг хялбарчлах гэж байна, ялангуяа цагаачлалын бус визний ярилцлагын журмыг цуцлахаар төлөвлөж байна гэж TengriNews мэдээлэв.
Казахстанд суугаа АНУ-ын Элчин сайд Даниел Розенблюм энэхүү шинэчлэлийнхээ талаар, “Одоогоор визний хугацааг сунгах санал гараагүй байна. Магадгүй энэ нь ойрын ирээдүйн асуудал байх. Гэхдээ бид Казахстаны Засгийн газартай, олон удаагийн урт хугацааны виз олгох асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсаар байна. Үүнд хоёр талын оролцоо шаардлагатай. Хэдийгээр бид өөрсдийн виз олгох журам, нөхцөлтэй, мөн казахуудыг АНУ-д зорчихыг дэмжихийг хүсч байгаа ч, энэ нь улс орнуудын найрсаг харилцааны хамгийн бат бөх баталгаа учраас Америкчуудыг мөн Казахстанд айлчлахыг уриалж байна. Одоо бидний хийж байгаа энэ арга хэмжээ виз авахад хүлээх хугацааг багасгана. Мөн хүмүүс цагаачлалын бус визийг ярилцлагад орохгүйгээр авах боломжтой болох юм. Казах, америкчууд бие биендээ айлчлах нь маш том эерэг үр нөлөөг авчирна гэж бид харж байна.” гэж ярьжээ.
Үүний зэрэгцээ АНУ иргэдийн аюулгүй байдлыг хангах, аливаа хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэхийн тулд визний бодлогодоо маш болгоомжтой хандах хэрэгтэйг Элчин сайд тэмдэглээд, -“Яг тодорхой хувийг хэлж чадахгүй ч жуулчны визээр яваад тэндээ үлдэж ажил хийх тохиолдол байнга гардаг. Тиймээс манай консулууд визний ярилцлагын үеэрээ, виз хүсч буй хүмүүс хуулийг мөрднө гэдэгт итгэлтэй байх үүднээс маш хэцүү асуултуудыг байнга тавьж ажилладаг” гэв.
Элчин сайд мөн, Астана, Нью-Йоркийн хооронд шууд нислэг нээх асуудал тус орнуудын яриа хэлэлцээний байнгын сэдэв байдгийг нэмж хэлсэн бөгөөд -“Хоёр тал энэ нислэгийг нээх сонирхолтой байгаа. Энэ нь маш нарийн төвөгтэй асуудал бөгөөд дагаж мөрдөх ёстой олон дүрэм журам байдаг. Энэ талаар АНУ-ын Нисэхийн холбоотой ярилцаж байгаа. Маргааш эсвэл нэг сарын дараа ийм зүйл болно гэж би бодохгүй байна, гэхдээ удахгүй шийдэгднэ гэдэгт бид итгэлтэй байна" гэж ярьсан байна.








