Калифорнийн компани нисгэгчийн үнэмлэхгүйгээр жолоодох боломжтой нисдэг мотоцикл бүтээж байна
Sat Jul 30 2022
Jetpack Aviation компанийн "Speeder" загварын баг, саяхан шинжлэх ухааны уран зөгнөлт skybike-ийг нислэгийн туршилтанд оруулснаа мэдээлжээ. Robbreport.com-ын мэдээлснээр 2023 он гэхэд энэ мотоцикл худалдаанд гарах төлөвтэй байна.
Нисдэг машинууд болон тийрэлтэт үүргэвчтэй нисдэг хүмүүс аль хэдийн замдаа гарсан, харин яагаад мотоцикль нисч болохгүй гэж?
Хүнийг нисгэхэд зориулсан босоо чиглэлтэй хөдөлгүүр үйлдвэрлэдэг Jetpack Aviation компани тийрэлтэт хөдөлгүүртэй нисдэг дугуйныхаа туршилтын нислэгийг амжилттай хийснээ саяхан зарлалаа. Калифорнид төвтэй тус компани энгийн хэрэглэгчдэд зориулсан хоёр төрлийн хэрэглээний хувилбар гаргахаар төлөвлөж байна.
Speeder бол Jetpack Aviation-аас моторын агаарын түлхэлтийг хянах, тохируулахын тулд өөрийн нислэгийн удирдлагын программыг бичихийг шаарддаг инженерчлэлийн ололтынх нь нэг юм. Нэг жил хагасын хугацаанд үргэлжилсэн энэхүү ажлын онцлох зүйл нь, энгийн мотоцикль шиг ажилладаг, машиныг нислэгийн үед автоматаар тогтворжуулдаг мэдрэмжээр удирддаг систем юм. Энэ нь ихэнх гадаргуу дээр босоо тэнхлэгээр хөөрч бууж чадах ба авто машинтай ижил хэмжээний зай эзэлдэг бөгөөд автоматаар нисэхээр программчилж болох юм.
Jetpack Aviation-ийн гүйцэтгэх захирал Дэвид Маеман "Бид хоёр жилийн турш нисгэгчийн үнэмлэх шаарддаггүй маш хөнгөн хувилбар, түүнээс хойш зургаан сарын турш туршилтын ангиллын хувилбарыг турших болно. Хөнгөн хувилбар нь цагт 96 км хурдлах (FAA дүрэм) ба нислэгийн хугацаа 15 минут байхаар хязгаарлагдна. Туршилтын хувилбараар нисэхийн тулд танд үндсэн нисгэгчийн үнэмлэх хэрэгтэй болно. Энэ хувилбарын хурд цагт 400 км, нислэгийн хугацаа 35 минут орчим байх болно” гэж хэлжээ.
Анхны загвар нь дөрвөн турбинтай байсан бол энэхүү эцсийн хувилбар нь найман турбинтэй, мотоциклийн их биеийн булан бүрт хоёр ширхэг байх бөгөөд энэ нь нэмэлтээр аюулгүй байдлыг хангах аж. Тэд мөн гайхалтай хүчийг санал болгож буй, 136 кг жинтэй нисдэг мото нь 270 кг ачааг тээвэрлэх боломжтой. Энэ нь Speeder-ийг бусад ижил төстэй загваруудаас ялгаж өгчээ. Агаарын мотоцикль нь гар удирдлагатай, 12 инчийн навигацийн дэлгэц, радио системтэй аж.
Speeder 2.0 прототайп, туршилтийн загварын шинэчилсэн хувилбар нь энэ зун болон намрын улиралд төсөл дуусах хүртэл илүү эрчимтэй туршилтанд хамрагдах болно. Jetpack бүх үйл ажиллагаа, түүний дотор ирээдүйн туршилтын хүрээнд Prometheus Fuels Inc-ийн 100 хувь нүүрстөрөгчгүй түлшийг ашиглах гэрээ байгуулсан байна.
Ирээдүйд цэргийн болон олон нийтийн аюулгүй байдлын байгууллагуудад зориулсан хувилбаруудыг бүтээх бөгөөд эдгээр нь нислэгийн зайг уртасгах зориулалттай салдаг далавч, гал унтраах хэрэгсэл болон эмнэлгийн ажилтан, тоног төхөөрөмж, гэмтсэн зорчигч тээвэрлэх тасалгаануудтай байх юм байна.
Эх сурвалж: robbreport.com








