Калифорнийн бизнес эрхлэгч 45 настай эр, 18 настай залуугийн бие организмтай байхын тулд жилд 2 сая доллар зарцуулж байна
Sun Jan 29 2023
45 настай Жонсон бол, маш баян програм хангамжийн бизнес эрхлэгч юм. Тэрээр, биеийнх нь бүх үйл ажиллагааг хянадаг 30 гаруй эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй. Нөхөн сэргээх анагаах ухааны эмч 29 настай Оливер Золманаар ахлуулсан баг Жонсоны бүх эрхтнүүдийн хөгшрөлтийн үйл явцыг буцаан сэргээх зорилготой ажилладаг талаар Bloomberg мэдээлэв.
Золман, Жонсон нар хөгшрөлт, урт наслалтын талаархи шинжлэх ухааны ном зохиолыг сэтгэлээсээ хамтран уншиж судлахын зэрэгцээ, Жонсон өөрөө ирээдүйн эмчилгээний туршилт болж, үр дүнгээ бүх талаар хянаж байдаг. Хөтөлбөрийг эхлүүлэхэд Калифорни дахь Жонсоны гэрт байрлах эмнэлгийн оффисын зардал зэрэгт хэдэн сая долларын хөрөнгө оруулалт орсон бөгөөд энэ жил тэрээр 18 настай хүүгийнх шиг тархи, зүрх, уушиг, элэг, бөөр, шөрмөс, шүд, арьс, үс, давсаг, шодой, шулуун гэдэстэй болохын тулд биедээ дор хаяж 2 мл. доллар зарцуулах гэж байна.
Жонсон, түүний энэ санаа зарим хүмүүст хачирхалтай “галзуу” санагдаж магадгүй гэдгийг сайн мэдэж байгаа ч, саятан үүнд тийм ч их санаа зовохгүй байгаа юм.
Жонсон, Золман болон тэдний баг жил гаруйн турш Project Blueprint гэж нэрлэсэн туршилтаа явуулж байна. Эдгээрт Жонсоны хоолны дэглэм (өдөрт 1977 калори илчлэг), дасгал хөдөлгөөн (өдөрт нэг цаг, долоо хоногт гурван удаа өндөр эрчимтэй дасгал), унтах (шөнө бүр хоёр цагаас хойш цэнхэр гэрэл хаах нүдний шил зүүсний дараа) зэрэг хатуу зөвлөмжүүд багтана. Жонсоны амин чухал шинж тэмдгүүдийг байнга хянаж байдаг. Сар бүр тэрээр олон арван эмнэлгийн процедурт хамрагдаж, зарим нь нэлээд хүнд, өвдөлттэй байдаг бөгөөд дараа нь нэмэлтээр цусны шинжилгээ, MRI, хэт авиан шинжилгээ, бүдүүн гэдэсний шинжилгээгээр үр дүнгээ үнэлдэг.
Жонсонд үеийнхээ 45 настай ихэнх хүмүүсээс эрүүл гэсэн тодорхой шинж тэмдгүүд илэрдэг. Түүний биеийн өөхний хэмжээ 5% -аас 6% хооронд хэлбэлздэг бөгөөд энэ нь түүний булчин, судсыг бүрэн харуулдаг. Шинжилгээгээр биологийн нас нь дор хаяж таван жилээр буурсан болох нь харагдсан байна. Түүнд 37 настай хүний зүрх, 28 настай хүний арьс, 18 настай хүний уушгины багтаамж, чийрэгжилт байна.
Лондонгийн Кингс коллежид анагаах ухааны зэрэг хамгаалсан Золман, Жонсонтой хийх ажил дөнгөж эхэлж байна, туршилтын генийн эмчилгээ зэрэг олон зуун процедурыг судлах шаардлагатай байгааг онцолжээ. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд дотоод эрхтний үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээ ихэвчлэн дасгал хийх, хоолны дэглэм барих хэлбэрээр явж ирсэн гэж ярьжээ.
Жонсон, "Миний хийж байгаа зүйл хэт туйлширсан мэт санагдаж болох ч би өөрөөрөө, эд эрхтэн гэмтэж, ялзрах нь зайлшгүй биш гэдгийг батлахыг хичээж байна" гэж ярьжээ.
Жонсон 30 насандаа Braintree Payment Solutions LLC хэмээх төлбөр зохицуулах компанийг байгуулсан нь түүний хувьд бизнесийн том амжилт байсан ч, олон цагийн ажил, стресс нь түүнийг илүүдэл жинтэй болгож, амиа хорлох сэтгэл төрөх хүртэл гүн сэтгэл гутралд оруулжээ. Тэрээр бизнесээ EBay Inc-д 2013 онд 800 сая доллараар зарж, дараа нь өөрийгөө цэгцлэх урт замыг эхлүүлсэн байна.
Жонсон биотехнологид төвлөрсөн венчур капиталын OS Fund фирмийг үүсгэн байгуулж, дараа нь 2016 онд Kernel компанийг мөн үүсгэн байгуулснаар оюун ухааны дотоод үйл ажиллагааны талаар илүү ихийг мэдэхийн тулд тархины үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийдэг дуулга үйлдвэрлэдэг болсон. Судлаачид одоогоор бясалгал болон галлюциногенийн үр нөлөөг тооцоолох, архаг өвдөлтийг бууруулах арга замыг олохын тулд малгайг ашиглаж байна. Энэ үеэс Жонсон бие махбоддоо анхаарч, хоолны дэглэмээ өөрчилж, олон тооны нэмэлт тэжээл хэрэглэх болжээ.
Харин, Золман урт наслалтын салбарт ахиц дэвшил гаргах зорилготойгоор, 2021 онд 20one Consulting Ltd компанийг Кембрижид нээсэн. Тэрээр,-"Миний зорилго бол 2030 он гэхэд бүх 78 эрхтэний хөгшрөлтийг 25% бууруулахын тулд биостатистикийг ашиглах явдал. Энэ бол маш хэцүү, галзуу санаа" гэжээ. Түүний эмчилгээ нь хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнийг сайжруулахад чиглэгддэг. Жонсон шиг хүмүүст зориулсан цаг нь 1000 долларын үнэтэй илүү үнэтэй хөтөлбөрүүдэд нь, олон шинжилгээ, эмчилгээ, эмнэлгийн хэрэгсэл багтдаг. Хэрэв өвчтөнд нь, үр дүнг гарахгүй бол тэр төлбөр авдаггүй. Харин, Жонсон бол маш шаргуу оролцдог цорын ганц үйлчлүүлэгч нь юм.
Кембрижид, Золман ихэнх цагаа судалгааны баримт бичгүүдийг унших, судлах, үүнийхээ үр дүнг нэгтгэн Жонсоны оролдож болох үр дүнтэй зүйл болгоход зарцуулдаг. Золман: "Дэлхий дээр 45 настай ч, эрхтэнүүд нь 35 настай хүн байхгүй. Ийм ахиц дэвшлийг тодорхойлохын тулд тэрээр өвчтөний эрхтэн тус бүрд 10 ба түүнээс дээш өөр өөр хэмжилт хийдэг гэж ярьсан байна. Жишээлбэл, тэрээр, тархинд тархи, ховдол, дунд тархи, тархи, гипофиз, тархины цусан хангамж, эд эсийн хэмжээ, сорвижилт, хаван, товрууны өсөлтийг хянахын тулд олон төрлийн MRI болон хэт авиан шинжилгээг ашигладаг бөгөөд эдгээр хэмжилтээ танин мэдэхүйн чадварын сорил, цусны шинжилгээ зэргээр баталгаажуулдаг.
Хэтэлбөрийн хүрээнд, өглөө бүр 05:00 цагаас эхлэн Жонсон хорин төрлийн нэмэлт, эм уудаг. Артерийн болон арьсны эрүүл мэндэд ликопен агуулсан нэмэлт; гэдэсний полип үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор метформин, элэгний ферментийг сайжруулж, үрэвслийг багасгахад турмерик, хар чинжүү, цагаан гааны үндэс, веган хоолны дэглэмд нэмэлт цайр, тархины эрүүл мэндэд литийн бичил тун уудаг. Үүний дараа креатин, какао флаванол, коллагены пептид болон бусад амттангаар дүүрэн ногоон шүүс хэргэлдэг. 25 төрлийн дасгалаас бүрдсэн нэг цагийн дасгал хийнэ. Өдрийн цагаар тэрээр, сүүлийн үеийн шинжилгээний үр дүнд үндэслэн өөрчилсөн жороор эрүүл хоол иддэг. Жонсон хоол идсэний дараа сойз, зайлагч, утас ашиглан шүдээ цэвэрлэж, дараа нь цайны модны тосоор зайлж, антиоксидант гель түрхдэг. Эмч нар түүний буйлыг 17 настай хүүхдийнх шиг гэж үзсэн.
Жонсоны биеийн хэсэг тус бүр хэмжилтийн горимтой. Тэрээр 33537 удаа гэдэсний рентген зураг авахуулсан.Тэрээр хүрэхэд бэрх газруудын булчинг сайжруулахын тулд аарцагны ёроолыг цахилгаан соронзон импульсээр эмчилдэг бөгөөд шөнийн цагаар хөвчрөлтийн тоог тоолох төхөөрөмжтэй. Тэрээр өдөр бүр жин, биеийн жингийн индекс, өөхний хэмжээг хэмжиж, сэрүүн байх үеийн биеийн температур, цусан дахь глюкоз, зүрхний цохилтын хэлбэлзэл, нойрсох үеийн хүчилтөрөгчийн түвшинг хянадаг. Тэрээр тогтмол цус, өтгөн, шээсний шинжилгээ, MRI болон биеийн хэт авиан шинжилгээнд хамрагдаж, бөөр, түрүү булчирхай, бамбай булчирхай, мэдрэлийн системд чиглэсэн тогтмол шинжилгээ хийлгэдэг. Наранд гэмтсэн арьсыг нөхөн сэргээхийн тулд Жонсон өдөр бүр долоон тос түрхэж, долоо хоног бүр хүчиллэг иллэг, лазер эмчилгээ хийлгэж, наранд өртөхөөс зайлсхийдэг. Зүүн чихний сонсголоо сайжруулахын тулд (хүүхэд насандаа Юта мужид ан хийж байхдаа гэмтсэн) сонсож чадах давтамжийнхаа хязгаарыг шалгадаг авианы эмчилгээ хийлгэдэг бөгөөд мөн чих, тархины эд эсийг өдөөдөг сонсогдохгүй дуу авиаг ашигласан эмчилгээнд ордог. Стэнфордын их сургууль болон бусад газарт хийсэн эмнэлзүйн судалгаагаар энэ эмчилгээ нь дундаж хүний сонсголыг дор хаяж 10 децибелээр сайжруулахад тусалдаг гэж дүгнэжээ.
Жонсоны амьдралын хэв маяг нь хүн бүрт тохирохгүй. Тэрбээр нүүрэнд нь өөх тарих маш их өвдөлттэй процедурын үед харшил өгч, бүтэн өдөржин царай нь хавдартай байсан ч хачирхалтай нь, түүний арьс гэрэлтэж, ихэнх өө сэв нь арилсан байна. Уг процедур нь, Холливудынханд зориулсан жирийн нэг дүүргэгч биш гэж ярьжээ. Энэ нь түүний нүүрэн дээр жинхэнэ өөхний эсийг үүсгэх "өөхний өтгөн ой" цуврал тарианы анхных байсан юм. Ихэвчлэн энэ мэс засалд өвчтөний биеийн бусад хэсгүүдээс өөх авч суулгадаг боловч, илүүдэл өөхгүй Жонсонд үл мэдэгдэх донороос өөх авч хийжээ.
Золман,-“Илүү бүрэн дүүрэн, залуу царай эсвэл сайхан үс нь дангаараа эмнэлзүйн хувьд үр дүнд хүрэх нотолгоо байхгүй. Харин үүнийг бүхэл бүтэн биеийн түвшинд хийвэл энэ нь эмнэлзүйн ач холбогдолтой болно. Хэрэв та залуу өөхийг биеийн бүх хэсэгт хуваарилж чадвал, биеийн бусад хэсэгт нөлөөлж, ялгардаг хорт нэгдлүүд багасч, дулааныг илүү сайн хянах боломжтой болно. Хэрэв та өөхгүй байсан бол үхэх байсан. Хэрэв арьсгүй байсан бол үхэх байсан. Эдгээр нь гоо зүйн эрхтэн биш юм." гэсэн байна.
Энэ амьдралын хэв маяг нь ядаргаатай мэт ч, Жонсон 17 настай хүү Талмежийнхаа хамт ихэд таашаал авдаг. Жонсоны багийн эмч нар түүнийг урт наслалтад шинэ амжилт гаргаж, насаа уртасгах магадлалтай гэж үзэж байгаа ч тэдний үр дүн бусад хүмүүст хүртээлтэй эсэх нь эргэлзээтэй юм.
Амжилтаа бусдад дамжуулах нэг арга зам бол ил тод байдал юм гэж Жонсон ярьдаг. Тэрээр өөрийн бүх эмчилгээний курс, шинжилгээний бүх үр дүнг нийтэлдэг вэб сайттай. Одоо тэрээр "Залуужуулах Олимп" хэмээх өөр сайт нээж, бусдыг ч мөн ийм зүйл хийхийг уриалж байна. Сүүлийн үеийн эрүүлжилтийн чиг хандлагаас татгалзаж, илүү хатуу анагаахын шинжлэх ухааныг дэмжих санаа юм. Энэ амьдралын хэв маяг хэдий чинээ алдартай болно, төдий чинээ Жонсоны оролцсон энэ эмчилгээ хямд, хүртээмжтэй байх болно. Жонсоны хөтөлбөртэй танилцсан зарим судлаачид болон эрүүл мэндийн сонирхогчид түүнийг нэмэлт тэжээл, витаминыг сурталчилж байна хэмээн ихээхэн эсэргүүцэж, энэ нь ашиггүй гэж үзсээр байна.
Хэд хэдэн биотехнологийн компаниудын хувь эзэмшдэг Харвардын их сургуулийн нэрт генетикч Жорж Черч,- "Урт наслалтын бүх салбар илүү нарийн, эмнэлзүйн чиглэл рүү шилжиж байна. Миний хувьд, Брайаны хийж байгаа зүйл бол сайн үйлс, магадгүй бүр маш чухал зүйл юм. Тодорхой хугацааны дараа, энэ хөтөлбөрийн эмчилгээ нь тийм ч үнэтэй биш болно гэж би бодож байна." гэжээ.
Жонсон одоогоор хэлээгүй байгаа ч, түүний эмч, зөвлөхүүд түүнийг генийн эмчилгээний туршилтын процедурт хүртэл оролцно гэж мэдэгдсэн бөгөөд -“Тэр, бид бүгдэд юу ч боломжтой гэдгийг батлах итгэл найдвар тээн шинжлэх ухаанд биеэ зориулж байна.” гэсэн байна. Харин Жонсон, -"Энэ л жинхэнэ сэтгэл татам зүйл. Энэ бол шинэ хил хязгаар юм." гэжээ.








